Ж.Оюунгэрэл: Компанийн нэр хүнд мөнгөнөөс үнэ цэнтэй

Хуучирсан мэдээ: 2017.12.08-нд нийтлэгдсэн

Ж.Оюунгэрэл: Компанийн нэр хүнд мөнгөнөөс үнэ цэнтэй

Ж.Оюунгэрэл: Компанийн нэр хүнд мөнгөнөөс үнэ цэнтэй

“Петровис” группийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэлтэй ярилцлаа.

-Сүүлийн үед оффшор данстай холбоотойгоор нийгэм даяар шуугьж байна. Таныг ч бас оффшорчин гэж цоллох боллоо. ихэнх иргэдэд оффшор данстай холбоотой л бол луйварчин мэт ойлголт төрж байх шиг. Ер нь яагаад Монголын улстөрчид, бизнесмэнүүд үүнтэй холбогдоод байгаа юм бэ?

-Манай улс зах зээлийн нийгэмд ороод 27 жил болж байгаа ч гэлээ зах зээлийн мөн чанараа бүрэн ойлгож чадаагүйтэй холбоотой л асуудлууд гарч байна. Эхэн үедээ бизнес эрхлэгчид зөвхөн дотоодоосоо зээл авч бизнесээ өргөжүүлдэг байсан. Харин сүүлийн үед компаниудын хэрэгжүүлж буй төсөл томрохын хэрээр олон улсын хөрөнгийн зах зээл дээрээс санхүүжилт босгох зайлшгүй хэрэгцээ шаардлага бий болж байна. Ийм үед бизнесийг улс төртэй хутгаж байгаа нь хортой нөлөө л дагуулна. Ялангуяа манай Монголд хөрөнгө оруулалт хийчихсэн гадныхан эргэлзэж эхэлнэ. Манайд дахиад хөрөнгө оруулалт хийгээч гэж гадныхныг дуудаж байгаа мөртлөө бид дотооддоо зөрчилдөөд байж болохгүй. Энэ байдлыг нийгэм зөвөөр ойлгоосой гэж хүсэж байгаа учраас бага боловч мэдээлэл өгөх зорилгоор тантай ярилцаж байна.

Монголд 150 мянган аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэй юм билээ. Тэрнээс идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 77 мянган аж ахуйн нэгж байгаа. Тэднээс 150 компани л улсын нийт төсвийн 60 гаруй хувийг бүрдүүлдэг. Манай групп гэхэд эдэн дундаа эхний тав дотор эрэмбэлэгддэг. Цөөхөн хэдэн компани л улсын төсвийг бүрдүүлж байгаа биз дээ. Тэд мэдээж хэрэг үйл ажиллагаагаа сайн явуулж байж өндөр татвар төлнө. Ер нь тэд юу хийгээд, ямар үйлдвэр бариад, яаж бүтээн байгуулалт хийж ажиллаж байгааг сэтгүүлчид та бүхэн очоод үзэх хэрэгтэй. Сүүлд гэхэд “МАК”, “Монполимет”-ийн хоёр том цементийн үйлдвэр ашиглалтад орсон. Тэд маш их хэмжээний зээл аваад өндөр эрсдэл хүлээгээд ажиллаж байна.

Энэ мэт том хөрөнгө оруулалт хийх мөнгийг гадаадын зах зээл дээрээс босгохын тулд тэр оффшор гэгддэг татварын тааламжтай бүсэд компани байгуулах хэрэгтэй болдог. “Энержи ресурс” ч ингэж ажилласан. Үр дүнд нь их хэмжээний хөрөнгийг гадаадын зах зээл дээрээс босгоод 1.2 их наяд төгрөгийн бүтээн байгуулалт хийчихээд байна. Түүнээс биш гадагшаа хөрөнгө гаргаагүй. Ингэж ажиллаж байгаа хүмүүст урам өгөхийн оронд гутаагаад байгаа нь харамсалтай.Өнөөдөр компаниудын бизнес өргөжин тэлэхийн хэрээр бүх зүйлийг хуулийн дагуу хийдэг болсон. Компанийн нэр хүнд гэдэг мөнгөнөөс илүү үнэ цэнтэй боллоо. Тийм ч байх ёстой.

-Нийгэм үүнийг ойлгож хүлээж авдаг болоход хугацаа хэрэгтэй юм болов уу?

-Залуу үе маань аль эрт ойлгочихсон байна. Өнөөдөр нийгэмд болж буй үйл явдлуудыг хараад байхад хэдэн улстөрчдөө л тойрч хэрэлдээд байх юм. Тэрэнд нь болж бүтэж байгаа зүйл нэг ч байхгүй мэт. Гэтэл шинэ залуу үе өөр болсон байна. Би саяхан хоёр том уулзалтад оролцсон. Нэг нь “Манлайллын форум”, нөгөөх нь “UnPlug” уулзалт. Нийлээд мянга гаруй залуус оролцсон байх. Тэдний яриаг сонсож байхад залуус шал өөрөөр сэтгэдэг болжээ. Нийгэмд өрнөж буй хэрүүлийг тоох ч үгүй байна. Тэдэнд юу хэрэгтэй вэ гэвэл гарааны бизнесээ эхлүүлье, ямар бизнес эрхэлбэл тохиромжтой вэ, хөрөнгө оруулалт яаж татдаг вэ зэрэг л чухал болчихож. Өөр нэг жишээ нь “Шарк танк” гэж нэвтрүүлэг байна. Залуус ямар гоё санаануудтай орж ирж байна вэ. Ирээдүй үе ийм л зүйл рүү тэмүүлдэг болчихож. Олон залуус байгаа юм чинь надаас оффшор энэ тэр гэсэн янз бүрийн зүйл асуух болов уу гэж бодож байсан. Гэтэл дандаа өөрсдөдөө, ирээдүйдээ хэрэгтэй зүйл асууж байна. Ийм байхад бид хэдэн улстөрчдөө муулаад тэрэндээ баялаг бүтээгчдээ хамруулж хагаралдаад сууж болохгүй. Ер нь тэгээд төрийнхөө төлөө зүтгэж байгаа хүмүүст заавал хар толбо байх ёстой гээд харлуулах гээд улайраад байх ямар шаардлагатай юм. Одоо энэ Монголд чинь хар толбогүй хүн үлдэж байгаа юм уу, мэдэхгүй.

-Залуус гарааны бизнесийн талаар их сонирхож байна гэлээ. Та ч бас улсын нефтийн салбарт удирдах ажил хийж байгаад гэнэтхэн хувийн хэвшил рүү орж байсан. Тэр үед “Петровис” компанийг байгуулсан түүхээсээ хуваалцаач?

-1990 онд Засгийн газрын шийдвэрээр “Нефть Импорт Концерн” байгуулагдахад би анхны захирлаар нь томилогдон ажилласан юм. Тухайн үедээ цэвэр мэргэжлийн шалгуураар томилогдон ажиллаж байсан гэж боддог. Гэтэл 1996 онд засгийн эрх солигдоход төрийн өмчит компанийн захирлуудыг өөрчилж 20 гаруй жил улсад ажилласныхаа дараа ажилгүй болсон доо. Тэгээд л нэгэнт Монгол Улс хувийн өмчид тулгуурласан зах зээлийн эдийн засагт шилжсэн юм чинь бизнес хийе, хийхдээ чаддаг зүйлээ хийе гэж бодоод “Петровис” компаниа байгуулж шатахуун борлуулж эхэлсэн.

-Харин өнөөдөр “Петровис” компани салбарынхаа төдийгүй үндэсний шилдэг компаниудын нэг болсон байна. Энэ хүртэл явж ирсэн таны ололт, амжилт юунд байдаг вэ?

-Бизнес талаас нь харвал бид орон даяар 400 гаруй шатахуун түгээх станцтай, 2400 гаруй ажилтантай үндэсний хэмжээний групп компани болжээ. Гэхдээ хамгийн гол нь өргөн уудам нутагт тархан суурьшсан хүн амтай Монгол орныхоо өнцөг булан бүрт чанартай нефтийн бүтээгдэхүүн нийлүүлдэг сүлжээг хөгжүүлж авч яваа нь бидний хамгийн том ололт буюу улс орныхоо нийгэм, эдийн засагт гүйцэтгэж буй үүрэг гэж боддог. Стратегийн гэгддэг энэ салбарыг өөр хэн нэгэн биш манай үндэсний компаниуд авч явна гэдэг их чухал шүү. Одоогоор манай компани улсын төсвийн орлогыг бүрдүүлдэг цөөн том компанийн л нэг. Өнгөрсөн онд гэхэд нийт 175 орчим тэрбум төгрөгийн татвар төлсөн энэ онд гуравдугаар улирлын байдлаар 104 тэрбум төгрөг төлжээ. Харьцуулахад ирэх онд хүүхдийн мөнгөнд 164 тэрбум төгрөг зарцуулах төсөв батлагдсан байна билээ. Тэгэхээр Монгол Улсын хүүхэд бүрт сар бүр 20 мянган төгрөг өгөх хэмжээний мөнгийг татварт төлж байна гэсэн үг.

-“Петровис”-ийг амжилттай хөл дээр нь босгосныхоо дараа“Петро-матад”-ыг байгуулж байсан. Тэр үед Лондонгийн хөрөнгийн бирж дээрээс хөрөнгө оруулалт босгож газрын тосны хайгуулын талбай авсан байдаг. Та мэргэжлийн хүний хувьд манай улс газрын тос олборлоно гэдэгт хэр их найддаг вэ?

-Монгол бол газрын тосны чиглэлээр судлагдаагүй орон. Өнөөдөр нүүрс, зэс гэж байгаа шиг ирээдүйд газрын тос манай эдийн засгийн хөдөлгөгч хүч байж болох юм. Тиймээс бид нефтийн хайгуул, олборлолт, боловсруулалт, түгээлтийн иж бүрэн тогтолцоог бий болгох хүсэл зорилготой ажиллаж байна. Гэхдээ энэ бол асар их зардал өндөртэй, эрсдэлтэй ажил учраас Монголын компани дангаар хийх талаар саналтгүй. Заавал гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй. Тиймээс 2004 онд “Петро Матад” компанийг байгуулан, 2006 онд Засгийн газартай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж улмаар Лондонгийн хөрөнгийн биржид хувьцааг нь гаргасан. Ингэхийн тулд өнөөх л оффшор гэх бүсэд бүртгүүлж нийт 84 сая ам.долларын хөрөнгө босгож Монголдоо оруулж иржээ. 153 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг газрын тосны хайгуулд зарцуулаад байгаа ч одоогоор олборлолт хийж ашиг олох бүү хэл олборлож болохуйц нөөц илрүүллээ гэж хэлэхэд эрт байна. Ийм л өндөр эрсдэлтэй бизнес юм даа.

Ямар ч орлогогүй мөртлөө 8.5 тэрбум төгрөгийн төлбөр хураамж, татвар, нийгмийн даатгал зэрэгт 6.1 тэрбум буюу нийт 14.7 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн байгаа.

-“Петро Матад” болон бусад компанийн хувьцааг худалдаж авснаас тань болоод оффшорчин гэх боллоо. Бүр сүүлдээ “Петровисоос бензин авахгүй байя” гэсэн уриалга хүртэл гарлаа. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Сүүлийн үед өрнөсөн зүйлийг эхнээс нь ярихад миний оффшор данс гэдгээр шалтаглаж манай компаниас бензин авахгүй байхыг уриалсан мэдээллийг манай нэг өрсөлдөгчдийн зүгээс эхэлж гаргасан юм. Би фэйсбүүк хуудсаараа дамжуулан энэ бол өрсөлдөгчдийн хар пиар гэдгийг тайлбарласан.Гэтэл удаагүй араас нь Л.Мөнхбаясгалангийн нэвтрүүлэг гарчихсан. Давхцал нь тэгж таарсан л даа. Л.Мөнхбаясгалангийн нэвтрүүлгийг би улс төрийн л явуулга байна даа гэж харсан. МАН-ыг 60 тэрбум гэж нэг хэсэг хуваасан. Одоо оффшор дансаар бас нэг хэсэг болгох гэж байгаа юм болов уу гэждотроо бодсон. Гэхдээ би улс төрийн айхтар үйл явдалд оролцдоггүй, мэддэггүй болохоор буруу ч байж магадгүй. Ер нь нам доторх улстөрчдийг хэсэг хэсгээр нүдэж байгаад харлуулъя гэсэн тактик явагдаад байх шиг. Эцэст нь хэн үлдэж, юу хийх нь ойлгомжгүй байна.

-Тэр сөрөг уриалга нэвтрүүлэг гарсны дараагаас эхэлсэн гэж ойлгосон л доо…

-Өмнө нь тэгж явж эхэлсэн юм. Араас нь тэгээд нэвтрүүлэг гарчихсан. Би чинь нэг мэдсэн улс төрийн хоёрын хоёр бүлэглэлийн гишүүн болчихсон яваа юм байна.

-Та нэгэнт л холбогдсон юм чинь албан ёсны тайлбар өгөөч?

-Би товчхон тайлбарлая. “Panama papers” гэсэн жагсаалтад миний нэр гарсан нь үнэн. Тэнд дурдагдсан “Мүүн энд ланд” нэртэй компанийг би Ч.Даваанямтай хамтарч байгуулж байсан юм. Гэхдээ тэр компаниар ямар ч үйл ажиллагаа явуулалгүй, ямар ч санхүүгийн гүйлгээ хийлгүй байж байгаад 2014 онд буцаагаад хаачихсан.Бас “Бату майнинг” гэж компани яригдаж байгаа. Сү.Батболдын бүлэглэл гэх нэвтрүүлэгт Сү.Батболд, Д.Цогтбаатар бид гурав “Бату майнинг”-ийн хувьцааг эзэмшиж байгаад цаашаагаа шилжүүлчихсэн гэж байна лээ. “Бату майнинг”-ийн хувьцаанаас би 10 мянган ам.долларт худалдаж авч байсан. Д.Цогтбаатар ч ийм хэмжээний мөнгөөр авч байсан байх. “Бату майнинг” бол Монголд бүртгэлтэй, хэд хэдэн лиценз эзэмшдэг компани байсан. Харин толгой компани нь оффшорт бүртгэлтэй байсан юм билээ. Бид тэдний хувьцааг худалдаж аваад удалгүй буцаагаад зарчихсан. Өөрөөр үйл ажиллагаанд нь оролцсон зүйл байхгүй. Түүнээсхойш юу болсныг ч мэдэхгүй. Үүнтэй холбоотойгоор АТГ-аас тайлбар өгөөч гэхэд нь очоод өгсөн. Түүнээс биш би АТГ-т шалгагдаагүй, шалгагдах ч ёсгүй. Би улстөрч биш, бизнес эрхэлдэг хүн шүү дээ. Тэр 10 мянган ам.доллараар би хувьцаа худалдаж авч болохгүй гэсэн зүйл байхгүй. Бас худалдаж авсан хувьцаагаа буцаагаад зарж болохгүй гэсэн зүйл ч байхгүй. Эндээс юу харагдаж байна вэ гэхээр санхүүгийн ердийн үйл ажиллагааг мушгин гуйвуулж буй явдлыг олон нийт ялгаж салгаж ойлгохгүй байх шиг байна.

-Таныг бас “Энержи ресурс”-ын хувьцаагаа өндөр үнээр зарсан гэх мэдээлэл явж байсан. Энэ талаар тайлбарлана уу?

-Би биш манай компани. Манай нийт санхүүгийн зах зээлийн 95 хувийг арилжааны банкууд эзэлдэг. Хөрөнгийн зах зээл сул хөгжсөний улмаас гадны хөрөнгийн биржээс мөнгө босгох шаардлага байнга гардаг. Өөрөөр хэлбэл төсөл хөтөлбөрөө танилцуулж мөнгө босгоод түүнийхээ дагуу гадныхны хөрөнгийг эх орондоо оруулж ирж үйл ажиллагаагаа явуулж байна. “Петро матад”-ын тухайд газрын тосны хайгуул гэдэг маш эрсдэлтэй бизнесийг ийм аргаар мөнгө босгоод хийж байгаа тухай түрүүн хэлсэн дээ. “Энержи ресурс”-ынх ч гэсэн адилхан. Бидний хувьд “Энержи ресурс”-ийг хөрөнгийн бирж дээр хувьцаагаа зарахаас өмнө буюу төслөө танилцуулах гээд явж байх үед нь хөрөнгө оруулалт хийж хувьцааг нь худалдаж авсан. Улмаар улсын төсвөөр хайгуул хийсний төлбөрийг нь төлсөн. “Энержи ресурс” хувьцаагаа Хонконгийн хөрөнгийн бирж дээр гаргасны дараа сайн боловсруулсан, ач холбогдолтой төсөл учир хөрөнгө оруулагчид итгэж хувьцааны үнэ өсөж эхэлсэн.Тэр үед манай компани эзэмшиж байсан хувьцаагаа зарсан. Авсан хувьцаагаа зарах нь хууль бус үйлдэл биш жирийн л нэг бизнесийн ажиллагаа шүү дээ. Одоо биднийг хувьцаагаа өндөр үнээр зараад баяжсан л гээд байна. Гэтэл хувьцаанд хөрөнгө оруулалт хийгээд алдах, олох бол энгийн ажил биз дээ. Нөгөө талд газрын тосны хайгуул дээр бид 85 гаруй сая ам.доллар оруулж ирээд ямар ч ашиггүй сууж байна. Үүнийг яагаад хэн ч ярихгүй байна вэ. Тэгсэн мөртлөө амжилттай ажиллахаар баяжлаа гээд уурлаад байх юм. Ингэж болохгүй. Бизнес ашиг олох ёстой. Хэрвээ тэр үед бид хувьцаагаа зараагүй байсан бол өнөөдөр яах байсан гээч. Тухайн үед найман хонконг доллар байсан хувьцаа одоо 0.2 хонконг доллар болчихсон байна. Энэ үед нь иртэл хүлээсэн бол алдагдал хүлээх нь тодорхой. Алдагдал хүлээчихвэл би сайн хүн болох байсан юм уу. “Петро матад”-ын хувьцаан дээр ч ялгаагүй. Гадаад, дотоодын олон хөрөнгө оруулагч мөнгөө хийсэн. Одоо бүгдийнх нь үнэ цэн хэд дахин буурчихаад байна. Одоогоор “Петро матад” гэхэд нефтиэ олоогүй байгаа мөртлөө улсад татвараа төлөөд явж байна. Хайгуул хийхэд улсаас нэг ч төгрөг зарцуулахгүй. Хэрэв нефтиэ олчихвол Засгийн газар бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу 60 хувийг авна. Маш эрсдэлтэй, хатуу гэрээ. Бид энэ жишгийн дагуу л ажиллаж байгаа.

-Манайхан оффшор данс эзэмшиж л байвал хууль бус үйлдэл хийж байна гэсэн ерөнхий ойлголттой байгаад байна. Бас Монгол Улсын хуулийг дагах ёстой гэсэн шаардлага тавьж байгаа л даа?

-Оффшорын тухай хууль гээд байгаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс сэргийлэх тухай хуулийн нэмэлтийг энэ оны дөрөвдүгээр сард баталсан байдаг. Энэнээс өмнө оффшор данс эзэмшиж эхэлсэн хүмүүсийг хууль бус үйлдэл хийсэн гэж үзэх үү. Дээр нь би бол нийтийн албан тушаалтан эсвэл улстөрч биш учир одоо ч энэ хуульд хамаарахгүй. Дахин хэлэхэд манай оффшорт байгуулсан компаниудаар дамжиж Монголд хөрөнгө оруулалт л орж ирж байснаас гарч байгаагүй. Миний хувьд газрын тос олборлоно гэдэг мөрөөдөл. Монгол Улс эрчим хүчний хувьд бие даасан байх ёстой. Энэний төлөө манай компани газрын тос хайж байгаа. Нэмж хэлэхэд, өнөөдөр улстөрчид газар доорх баялаг бол ард түмний өмч байх ёстой гэж амны уншлага болтлоо ярьж байна. Иргэдэд өгсөн 1072 ширхэг хувьцаа хаачсан юм бэ. Тэр хувьцааг нь яагаад хөрөнгийн бирж дээр бүртгэхгүй байна вэ. Хөрөнгийн зах зээл хөгжиж байж ард түмэн баялгийнхаа үр шимээс хүртэх боломж нээгдэх юм бишүү. Оффшорын тухай, хөрөнгийн биржийн тухай зөв, салгаж ойлгуулахгүй бол болохгүй болчихлоо. Оффшор гэхээр л бүгд муу, муухай гээд байж болохгүй. Мөнгө оруулж ирснийг нь яах юм бэ. Одоо бүр улс нь тэр чигээрээ оффшор бүс нутаг гээд зарлуулчихлаа.Тиймээс хөрөнгийн зах зээлийг нийтэд ойлгуулахгүй л бол манайд хэзээ ч мөнгө орж ирэхгүй.

-Ч.Давааням гэж хүнтэй нийлээд та С.Баяр болон түүний эхнэр, хүүхдэд хэдэн тэрбумаар үнэлэгдэх орон сууц бэлэглэсэн гэж байсан. Ер нь Ч.Давааням гэж ямар хүн юм бэ. Та хоёр нийлж Ерөнхий сайд асан С.Баярт орон сууц бэлэглэдэг байсан нь үнэн үү?

-Ч.Давааням бид хоёр дээр үеийн найзууд, хамтрагчид. Анх л хамтдаа “Петровис”-ийг байгуулж байсан. С.Баяр гэж хүний охин Ч.Даваанямтай хамтарч байшин худалдаж аваад зарах үл хөдлөх хөрөнгийн бизнес хийдэг байсан гэдгээ өөрөө тайлбарласан байна лээ. Яахав зүгээр логикоор бодоод үзэхэд бэлэглэсэн байдаг бол Сиэтл гэж хотод л дахин дахин байр худалдаж аваад буцааж зараад байдаг юм байх даа. Цаашид тэгээд улстөрч хүний насанд хүрсэн үр хүүхдүүд бизнес хийж огт болохгүй гэвэл хүний эрх талаасаа хэцүү л юм даа.Хамгийн муухай нь сүүлийн нэвтрүүлгийн үеэр Ерөнхий сайд асан С.Баярыг бид захиалаад Засгийн газрын тэргүүн болгосон юм гэнэ. 13 олигарх гэснээ Ж.Оджаргал, Ж.Од бид гурвыг сугалж аваад л харуулаад байна билээ. Үнэн юм бол бусдыг нь бас нэрлэ л дээ.Ер нь ардчилал гэдэг бол хуулийн дор амьдарч, хуулиа дагахыг хэлэх байх. Хууль зөрчөөгүй байхад шүүх, прокурор шиг телевизийн дэлгэцийг ашиглаад хүнийг яллах нь зөв юм уу, шударга юм уу. Үнэхээр тогтоогдоод баримттай байгаа юм бол ярьж болно.

-Ерөнхийлөгч оффшор данстай хүмүүсийг мөнгөө оруулж ирэх тодорхой хугацаа заасан. Энэ үед ганцхан хүн буюу Ч.Давааням хөрөнгөө оруулж ирсэн байдаг. Та энэ талаар ямар бодолтой байгаа вэ?

-Ч.Давааням бол манай компанийн хувьцаа эзэмшигч. С.Баяртай холбоод байхаар нь мөнгөө оруулж ирсэн юм шиг байна лээ. Түүнээс биш энэ хүн оффшорын эсрэг хуультай холбогдох ч хүн биш.

-Таныг бас Сү.Батболдын бүлэглэл, Д.Цогтбаатартай холбоотой. Хамтарч оффшор данс эзэмшдэг гэж яриад байгаа?

-“Бату майнинг”-ийн хувьцааг Д.Цогтбаатар бид хоёр худалдаж авсан нь үнэн. Тэр үед Д.Цогтбаатар хуулийн зөвлөгөө өгдөг компанитай байсан. Одоо ч тэр нь байгаа байх. Тэр компанийн орлогоос ч юмуу хувьцаа худалдаж авсан. Тэгээд удалгүй зарсан. Ингэж хувьцаа худалдаж аваад зарсныхаа төлөө л оффшорчин гэж зарлагдаад явж байна. Би энэ бүхний учрыг сүүлийн үед их ярьж байна. Эцэст нь юу гэж бодож байна вэ гэхээр хүн үнэнээ хэлэхээр нийгэм итгэдэггүй юм байна. Худлаа зүйлээр сенсааци дэгдээвэл таалагддаг бололтой. Одоо гэхдээ яахав, үнэнээ хэлээд байхад үнэмшихгүй бол өөр юу ч ярих вэ дээ. Хоёр өөр зүйлийг хооронд нь хольж хутгаад, ойлголтгүй хүмүүсийг бужигнуулаад байх хэрэггүй л дээ. Тийм болохоор санхүүгийн зах зээлийн тухай зөв ойлголтыг олон нийтэд өгөх талар манай бизнесийнхэн ч санаачилгатай ажилламаар юм байна.

-Ер нь яагаад танай компанийг улстөрчидтэй холбож гоочлоод байдаг юм бол?

-Ямар нэг бизнес нь томроод, хөгжөөд ирэхээр л улс төртэй холбоод эхлэх юм байна шүү дээ. Ялангуяа манайх шиг цөөн хүнтэй улсад яаж ийгээд л хэн нэг улстөрчийг таньдаг, мэддэг болоод холбогдчихдог. Амжилттай бизнес хийж байгаа хүмүүсээ бүгдийг харлуулаад сүүлд нь бүгдээрээ ядуу амьдрах ёстой юм уу, бүү мэд. Өнөөдөр маш олон сайн залуус гадагшаа явж байна. Тэд учир утгагүй, эцэс төгсгөлгүй хэрүүлээс залхаад гадагшаа гараад байна шүү дээ. Өнөөдөр бүх улстөрч хулгайч болчихлоо. Бизнес эрхлэгчдээ луйварчин гэж байна. Үлгэр дууриал авах нэг ч хүнгүй болголоо. Уг нь ингэж болмооргүй байгаа юм даа. Гэхдээ би залуу үеэ хараад манай нийгэм бүхэлдээ ийм бүрхэг биш юм байна гэж ойлгосон. Монголын ирээдүй гэрэлтэй сайхан байна гэдэгт итгэж байгаа.

С.АЛТАНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж