Да.Ганболд: Одоо бид ажлаа сэргээнэ

Хуучирсан мэдээ: 2017.12.08-нд нийтлэгдсэн

Да.Ганболд: Одоо бид ажлаа сэргээнэ

Да.Ганболд: Одоо бид ажлаа сэргээнэ

Өнгөрсөн гуравдугаар сарын 31-нд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын хорооноос “Эрдэнэт” үйлдвэрийн Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-өөс “Монголын зэс” компанийн төлөөлөл болох Б.Мөнхбаатар, Да.Ганболд, Б.Орхон нарыг чөлөөлж, тэдний орны хүнийг томилсон билээ. Энэ асуудлыг Улсын Дээд шүүх хэлэлцээд “Монголын зэс” компаниас томилсон ТУЗ-ийн гишүүдийг эгүүлэн томилох шийдвэр гаргасан байна. Ингээд Да.Ганболдтой утсаар холбогдож тодруулга авлаа.


-Шүүхийн шийдвэрээр та бүхнийг буцаан томилох боллоо. Өнгөрсөн хугацаанд өрнөсөн үйл явдалд ямар байр суурьтай байна вэ?

-Одоо бид ажлаа сэргээж, ТУЗ-ийн ажилдаа эргэж орно. Одоо Засгийн газар хуулийн дагуу зохих арга хэмжээ авна гэж найдаж байна. Ер нь төрийн өмчит компанийн хамгийн заваан зүйл нь энэ юм. Удирдах албан тушаалтан солигдохоор дээр дооргүй солигддог. Удаан тогтвортой ажиллаж чаддаггүй, тэрнээс болоод ажлын чанар унадаг, төлөвлөж байсан ажлууд зогсдог гэх мэт. Одоо төрийн оролцоотой хэрэгжүүлэх гэж байгаа том төслүүдийг хар. Тавантолгойн цахилгаан станц, усан цахилгаан станцын төслүүд цаасан дээр буугаад 20,30 жил болж байна. Тэгээд л шинэ дарга нар очиж шав тавьдаг. Дараагийн Засгийн газар нь өөрчилдөг. Хувийн өмч байсан бол ийм удаан жил болохгүй, хийх ажлаа хийнэ. Үндсэндээ бол бүтэн жил хагас Монголын том компани ТУЗ-гүй, хуралгүй, оновчтой бодит шийдвэр гардаггүй заваан байдлаар явж ирлээ. Төрийн оролцоог хувийн хэвшилд аль болох бага оролцуулах ёстой гэдэг нь энэ юм.

-Эрдэнэт үйлдвэрийн хувьцааг иргэдэд өмчлүүлнэ гэдэг асуудал яригдаж байсан. Энэ оновчтой шийдвэр мөн үү?

-Ийм асуудал яригдаж байсан. Зарим улстөрчийн пиар болоод өнгөрдөг. Ер нь бол төр өөрийн өмчийн 51 хувиа иргэдэд өгч болно, талыг нь ч өгч болно. Харин хувийн өмчийг булааж аваад, ард иргэдэд өгнө гэж юу байдаг юм. 49 хувь өмнө нь Монгол Улсын өмч байгаагүй. Орос улсын өмч байсан юм. Монголын хувийн компани 49 хувийг эх орондоо оруулж ирсэн ч төр булаах гэж оролдлоо.

-Төр засаг хувийн өмчийг булаах гэж оролдож байгаа нь хэр зохистой үйлдэл вэ?

-Би ямар нэг дүгнэлт өгмөөргүй байна. Үндсэн хуульд зааснаар хувийн өмч бол төрийн өмчтэй эрх тэгш байна. Төрийн байгууллага хувийн өмч рүү гар дүрж, булааж болохгүй. Гагцхүү шүүхийн шийдвэрээр хуулийн үндэслэлтэй хувийн өмчийг авч болох Үндсэн хуулийн заалт бий.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж