Хэвлэл, мэдээллийн хэрэгслийн нууц ноёдыг ил болгоно

Хуучирсан мэдээ: 2011.08.09-нд нийтлэгдсэн

Хэвлэл, мэдээллийн хэрэгслийн нууц ноёдыг ил болгоно

“NBS” телевизийн гүйцэтгэх захирал С.Наранбаатарыг “Ярилцах танхим”-даа урилаа. Тэрбээр Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгчийг хууль бусаар сонгогдсон хэмээн эсэргүүцэж байгаа юм.

-Сэтгүүлчдийн нэгдсэн эв­лэлийн тэргүүнийг сууд­лаа тавьж өгөх ёстой хэмээх эсэргүүцлийн тань цаана улс төрийн зорилго нуугдаж байгаа гэж хардах хүн цөөн­гүй байна. Тухайлбал, “Сэт­гүүлчдийн нэгдсэн эвлэл Ар­дын намын эрх ашигт үйл­ч­илдэг учир Ардчилсан на­мын­хан энэ бүхнийг зохион байгуулж байгаа” гэсэн яриа гарсан байна билээ?

-Сэтгүүлчдэд хардах эрх бий. Тиймээс энэ бүхнийг хүн­дэлж хүлээж авна. Сэтгүүлч­дийн нэгдсэн эвлэлээс гарга­сан дүрмийн дагуу “Их хур­­лаараа тэргүүнээ сонгоно” гээд заачихсан байгаа юм. Харин Сэтгүүлчдийн нэгд­сэн эвлэлийн өмнөх тэр­гүүн саналаараа огцроход одоо­гийн тэргүүнийг хурал хийж сон­гоогүй. Тиймээс бүх зүйлийг хууль, журмын дагуу хийе л гэсэн юм.
 
-Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн тэргүүн саналаараа ог­­цорвол дараагийн тэргүү­нийг хэрхэн сонгохыг юу гэж дү­рэмлэсэн байдаг юм бэ?

-Сэтгүүлчдийн нэгдсэн эв­лэлийн дүрэмд тэр талаар тусгаагүй байдаг юм билээ. Зөвхөн тэргүүнийг их хурлаас сонгоно л гэсэн заалт бий. Тэгэхээр тэрнээс хойш их хурал хийж, тэргүүнээ сонгоогүй учир Сэт­гүүлчдийн нэгдсэн эвлэл одоо болтол тэргүүнгүй байна гэсэн үг. Хэн нэгэн өөрийг нь дарга гэж сонгоогүй байхад одоогийн тэргүүн гэгдээд бай­гаа Т.Баасанхүү өөрийгөө “Би дарга” гэж яриад явах нь зөв үү гэсэн асуулт тавьж байгаа юм л даа. Тухайн хүн Соёлын гавьяат зүтгэлтэн, олон ном бүтээл туурвисан байж болно. Өнгөрсөн хуга­цаанд багш, ах гэдэг утгаар нь хүндэлж, хүлээцтэй хан­даж ирсэн. Гэтэл бидний шаард­лагад тодорхой хариулт өгсөнгүй.

-Та бүхэн ямар шаардлага хүр­гүү­лээд ямар хариулт авсан бэ?

-Т.Баасанхүүг ямар учраас Сэт­гүүлчдийн нэгдсэн эвлэлийн тэр­гүү­нээр сонгосныг тайлбарлах, их хур­лыг зарлах шаардлага хүргүүлсэн. Харамсалтай нь шаардлагын хариуг хан­галттай өгч чадаагүй. Тиймээс бид­ний хэсэг сэтгүүлч их хурал зарлаж, тэргүүнээ сонгохоор шийдсэн. Одоогоор хурлын тов тодорхойгүй байгаа ч сэтгүүлчид даруйхан хурал­дуулж, энэ асуудлыг нэг тийш ший­дэх хүсэлтийг тавьж байгаа. Сэт­гүүлчдийн нэгдсэн эвлэлийг тогоо­той зүйрлэвэл хуучин нийгмийн хоолны үлдэгдэл энэ тогооны ёроолд наалдчихаад салахгүй байгаа юм. Тиймээс энэ тогоог усаар дүүргэж байгаад сайтар угаах хэрэгтэй байгаа юм. Тухайлбал, 2005 оноос хойш олон хэвлэл, мэдээллийн байгууллага шинээр бий болсон. Гэтэл Сэтгүүлч­дийн нэгдсэн эвлэлийн төлөөлөгчид нь ч солигддоггүй, ямар үйл ажил­лагаа явуулж байгаа нь ч мэдэг­дэхгүй хэвээрээ л байна шүү дээ. Тус байгууллагын явуулж буй үйл ажиллагаа нь явцуу хүрээнд бо­лоод өнгөрсөн тухай хэзээ хойно сур­гаар нь л мэдэж байна. Сэтгүүлчдийн холбоо 1990 оноос хойш хэд, хэдэн удаа нэрээ сольж, улсаас байр гар­гуулсан гэсэн. Харин дараа нь Монголын чө­лөөт сэтгүүлчдийн нэгдсэн эв­лэл­тэй нэгдээд хувьчлагд­сан юм билээ. Ингэснээрээ үйл ажил­лагаа нь сайжраагүй. Харин ч дотроо олон жижиг холбоонд хуваагдаж, сэт­гүүлч­дийн эрх ашгийг хамгаалах газар үгүй болсон. Тухайлбал, За­луу сэтгүүлчдийн холбоо гэж сая­хан байгуулагдсан юм билээ. Тэд бидэнтэй “Хэрэв Сэтгүүлчдийн нэгд­сэн эвлэл үнэхээр өөрчлөгдөж байгаа юм бол бидэнд ийм холбоо байгуулах шаардлага алга” гэж ярьсан.

-Сонин, телевиз, сайтууд тус тус­даа өөрс­дийн гэсэн холбоотой бай­гааг Сэт­гүүлчдийн нэгдсэн эв­лэл ажлаа хийж чадахгүй байна гэж бодож болохгүй байх. Ингэж тус, тусдаа хол­боо байгуулах нь өөрсдийн эрх ашгийн төлөө дууга­рах гэсэн нэг хэлбэр биш гэж үү?

-Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл гэдэг бол том байгууллага. Энэ бай­гууллага дотор дэд салбараараа анги­лагдаж болно. Тухайн дэд сэлбарынх нь хүч дутагдвал нэгдээд хүчээ нэгтгэх нь байх ёстой үзэгдэл. Гэтэл үнэн хэрэгтээ Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийнхэн дэд салбаруудынхаа хүч нь хүрэхгүй байгаа асуудлыг зо­хицуулах нь бүү хэл ямар ч  үйл ажиллагаа явуулахгүй байна. Үүний хамгийн тод жишээ нь, оноос өмнө УИХ-аар Дэгийн тухай хууль бат­лахдаа сэтгүүлчдийг маш өндөр цен­зуртайгаар Төрийн ордонд нэвт­рүүлэхээр болсон байсан. Тэгэхэд сэтгүүлчид өөрсдийн эрх ашгийг хам­гаалж, УИХ-ын үйл ажиллагааг мэдээлэхгүй байх шийдвэр гаргаж байсан. Энэ үйл явдал үр дүнгээ өгч, Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан ч тэр үед төсвөөс цалинждаг хэвлэл, мэдээл­лийн байгууллагууд энэ үйл ажил­лагаанд нь оролцоогүй. Хэрэв Сэт­гүүлчдийн нэгдсэн эвлэл ажлаа хий­дэг байсан бол зохицуулалт хийж, Парламентын сэтгүүлчдийн холбоог төсвөөс сан­хүүждэг байгууллагын сэтгүүлч дар­галах ёстой юу гэдгийг хөндөж, улам боловсронгуй болгох боломж байсан.

-Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл хувьч­лагд­­санаасаа хойш хэн нэг­ний, тэр дундаа Ардын намын гар хөл болж байгаа гэдэгтэй та санал ний­лэх үү?

-Тухайн байгууллага ямарваа нэгэн үйл ажиллагаа явуулахгүй бай­гаа учир яг тэгж хэлж чадахгүй бай­на. Хэрэв үйл ажиллагаа явуулдаг байсан бол үйл ажиллагааных нь илэр­цээр нь “Тэр намын эрх ашгийг хам­гаалж байх шиг байна” гээд ямар нэгэн баримт гаргаж тайлбарлаж болох байсан юм. Гэхдээ үйл ажил­лагаа явуулахгүй байна гэдэг нь хяналтын үүргээ гүйцэтгэж чадах­гүй байна гэсэн үг. Тиймээс хэн нэгний халаасанд орсон байж болзошгүй гэсэн таамаг гарч байгааг үгүйсгэхгүй.

-Ирэх жил УИХ-ын сонгууль болно. Сонгуульд хэвлэл, мэдээл­лийн байгууллагын оролцоо маш чухал. Тиймээс УИХ-ын сонгуу­лиас өмнө энэ байгууллагыг Ард­чилсан намынхан хараандаа авах нь гэсэн яриа гараад байгаа учраас л ингэж асуугаад байгаа юм?

-Үндэсний аюулгүй байдлын зөв­лөл хэвлэл, мэдээллийн хэрэгс­лийн цаад эзнийг ил болгох бодлого баримталдаг. Бид ч гэсэн ийм зорилготой. Тэгэхээр бидний ард хэн нэгэн байгаа хэмээн хардах хэрэггүй. Хэрэв бид энэ байгууллагыг шинэ­чилж чадвал хамгийн түрүүнд Мон­голын хэвлэл, мэдээллийн хэ­рэгс­лүүдийн нууц ноёнтонг олон нийтэд ил болгохын төлөө ажил­лах болно. Ингэснээр тухайн хэвлэл, мэдээллийн байгууллагын бод­лого, үйл ажиллагаа, нийтлэл, нэвт­рүүлэгт итгэх үү үгүй юү гэдгээ иргэд өөрсдөө шийдэх боломжтой болох юм. Үүнээс улбаалаад нийтлэл, нэвт­рүүлгүүдэд нь  төлбөртэй гэсэн стандарт тогтоож, улс төрөөс ангид байлгаж, сэтгүүл зүйг цэвэршүүлэх үйл ажиллагаа хийнэ гэж бодож байна. Хэрэв бид ямарваа нэгэн улс төрийн хүчнээс хамааралтай байсан бол энэ талаар зоригтой дуугарч чадахгүй байсан.

-Та шинэчлэл хийнэ л гээд байх юм. Хэрэв их хурлаас одоогийн удирдлагууд сонгогдвол яах юм бэ. Энэ шийдвэрийг шударга бус гэж үзээд дахиад л заргалдах уу?

-Удирдлага солигдоно гэдэгт ит­гэлтэй байна. Урд өмнөх хурлууд хаалт­тай, байнга оролцдог хэдхэн төлөөлөгчтэйгөөр болдог байсан гэсэн. Харин энэ удаад бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээс төлөөлөл орол­цуулж чадвал бүх зүйл өөрчлөгдөнө гэдэгт итгэлтэй байгаа.

-Хэрэв та бүхний санаснаар Сэт­гүүлчдийн нэгдсэн эвлэл өөрч­лөгдөж чадвал хэвлэл, мэдээл­лийн хэрэгслийн ар талын эз­дийг нэрлэнэ гэсэн зорилгоосоо няцах­гүй байж чадах уу?

-Монголын хэвлэл мэдээллийн байгууллага санхүүжилтээ өөрсдөө шийддэг болоод 20 жил болж байна. Энэ хооронд өөрсдийн бор толгойг л бодсон зүйл хийж ирлээ. Тийм учраас хэцүү л байна байх. Гэхдээ үүнийг ил болгох нь Монголын хэвлэл, мэдээллийн хэрэгслийн нэр хүндийг аврах нэг алхам юм.

-Тэгвэл таны удирддаг NBS те­ле­визийн хөрөн­гө оруулагчийг нэрлээч?

– Манай телевиз хуучин Magic гэдэг телевизийн суурин дээр бий бол­сон. Би Magic телевизийн захиралтай хамтарч энэ телевизийг байгуулсан юм. Кабелийн телевиз гэдэг чинь эфирийн телевизийг бодвол сан­хүү­жилт бага шаарддаг. Эфирийн телевиз байгуулах зөвшөөрлийг ава­хын тулд нэг тэрбум төгрөг хэрэгтэй. Техник, тоног төхөөрөмжтэйгөө ний­лээд 1.5 тэрбум төгрөгтэй болсон үйл ажиллагаагаа эхэлнэ. Кабелийн телевиз бол үүнээс 30 дахин хямд зардлаар үйл ажиллагаагаа явуулах боломжтой юм.

-Таны ярианаас хуучин үеийн­хэн зайгаа тавьж өгөх ёстой гэсэн өнгө аяс цухалзаж байна. Тэдний халааг авах залуус нь хангалттай бэлтгэгдэж чадсан гэж үзэж байна уу?

-Тэднээс  дээш насныхан хуучин­саг, доош насныхан шинэлэг гэж хэлж чадахгүй л дээ. Шинэлэг санааг дэмждэг хөгшчүүд байхад дэмжээд гар бие оролцохоосоо илүү өдөр тутмынхаа ажилд нухлагдсан залуус ч бий. Ах, багш, гавьяат, ерөнхийлөгч, дарга аа гэж дуудуулж байсан хүн нэг л өдөр гэртээ даалуу тоглоод суух хэцүү байх л даа. Гэхдээ тэр хүн үнэхээр юм хийж, бүтээж чадсан бол хэзээд хуучрахгүй. Тойрон хүрээлэл дунд үргэлж байх болно шүү дээ. Тэгэхээр өөрсдийгөө хүлээн зөвшөөрч чадаж байгаа хүмүүс сайн дураараа залуустаа байраа тавьж өгөх ёстой.

-Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэ­лийн их хурлын үеэр тэргүүний сууд­лын төлөө та өрсөлдөх үү. Анхнаасаа ийм зорилт тавьчихаад энэ бүхнийг хийгээд байгаа юм уу?

-Нэр дэвшинэ. Тэргүүн болно гэ­сэн зорилт тавьчихаад ингээд яваад байгаа асуудал огт байхгүй. Миний хувьд хийх ажил их байна. Манай телевиз байгуулагдаад нэг жил ч болоогүй байна. Нэгэнт эхлүүлсэн ажлынхаа үр дүнг үзсний дараа өөр үүрэг хариуцлага хүлээмээр л байна. Гэхдээ энэ суудлын төлөө хэн ч өрсөлдөж болно.

-Та бүхэн Монголын сэтгүүлч­дийн төлөөлөл болж чадаж байгаа юу. Шаардлагад хэчнээн сэтгүүлч гарын үсэг зурсан юм бэ?

-Бид гарын үсэг цуглуулах ажлыг 14 хоног хийсэн. Монголын сэт­гүүлчдийн 99 хувь нь биднийг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Бидний ард зогсоно гэдгээ ч хэлсэн. Тэгэхээр бид сэтгүүлчдээ бүрэн төлөөлж байгаа гэж ойлгож болно.

-Монголын сэтгүүл зүйн салбар үүргээ биелүүлж чадаж байна уу. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Монголын сэтгүүл зүйн салбар бусад салбарынхнаас хариуцлага нэх­дэг байж өөрсдөө шинэчлэгдэж чадаагүй гэж боддог. Тэгэхэд яг манай улс шиг 20 жилийн өмнө ардчилал руу шилжсэн улс орнуудын сэтгүүл зүйн салбар үлгэр жишээ хөгжсөн байгаа юм. Тиймээс манай улстай төстэй түүхтэй улсуудад очиж шилжилтийн үеийнх нь туршлагыг судлах ёстой. Сэтгүүлчдийнхээ үнэт зүйлийг хэрхэн өөрчилснийг энд хэрэгжүүлэх ёстой. Одоо ч гэсэн сэтгүүлчдийг бэлтгэдэг тогтолцоо нь бидний шүүмжлээд байгаа хөгш­чүүлийн үеийнхтэй ижилхэн л байна шүү дээ. Ямар нэвтрүүлэг, нийт­лэлийг сайн гэх юм. Ямар сэтгүүлчийг сайн сэтгүүлч гэх юм гэдэг нь ч тодорхойгүй л байна.  Тухайлбал, олон улсын тоймч гэж нэг хүн бий. Тэр хүн герман, английн талаар сүр­хий ярьдаг. Тэгвэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурц баригдчихаад байхад Английн талтай холбогдоод мэдээлэл авахгүй яасан юм бэ. Энэ бол Монголын сэтгүүл зүйн сал­барынхан хуучны арга барилаар ажил­лаж, тэрүүгээрээ хойч үеэ сур­гаж, хуучин үеэсээ гараагүй байгаагийн л илрэл юм.

Р.САРАНГОО

"Улс төрийн тойм"сонин



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж