Эрх баригчид аахилж, иргэд янцаглана

Хуучирсан мэдээ: 2017.12.08-нд нийтлэгдсэн

Эрх баригчид аахилж, иргэд янцаглана

Эрх баригчид аахилж, иргэд янцаглана

-Эрх баригчдын барьж байгаа бодлогыг ерөнхийд нь товчхон дүгнэвэл бид зардлаа танахгүй,  та нарын орлогыг тана л гэж-


Лхагва гаригийн өглөө Европын Холбоо татварын шударга бус тогтолцоотой орнуудын хар жагсаалтад орсон 17 орны нэг нь  Монгол болохыг манай хэвлэлүүд, сошиалаар шуугилаа.  Улсаараа оффшорт орлоо гэж шуугицгаасан энэхүү хар жагсаалтын гол утга нь Монгол татварын эрсдэлтэй орны тоонд багтсан явдал байв. Тодруулбал, татварын хууль эрх зүйн шинэчлэлт хийхгүй бол хориг арга хэмжээ авахаа  анхааруулсан Европын холбооны анхааруулга гэж хэлж болно.

Монгол Улсын татварын бодлого үргэлж өөрчлөгдөж байдаг, хууль эрх зүйн орчин нь тогтвортой бус, ялсан намын “үзэмж”-ээр явдаг нь үргэлж асуудал дагуулдаг. УИХ-ын 2016 оны сонгуулиар Монгол ардын нам татвар нэмэхгүй, шинээр татвар бий болгохгүй гэдгээ амалж гарч ирсэн. Харин ялсан намын бодлого, мөрийн хөтөлбөр хоёр өнөөдөр 360 градус өөрчлөгджээ. Ирэх онд гэхэд гурван төрлийн татвар нэмэгдэж байгаагийн нэг нь Хувь хүний орлогын албан татвар.

МАН-ын сонгуулийн нэг амлалтыг эргэн сануулбал, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, өрхийн орлогыг сайжруулах, чинээлэг дундаж давхрагыг бий болгож, хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийг хөдөлмөрийн доод хөлстэй уялдуулах татварын эрх зүйн орчин бүрдүүлнэ.

Гэвч, ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахдаа МАН-ын Засгийн газар нийтдээ долоон төрлийн татвар нэмэхээр болсноо өнгөрсөн онд зарласан юм. Тиймээс 2018 оны улсын төсвийн төслийг хэлэлцэн батлахдаа УИХ-аас цалингийн татварын шатлалыг хэвээр үлдээсэн. Ингэхдээ өнгөрсөн оны татвар хураалтаа 50 орчим тэрбум төгрөгөөр өсгөнө гэж тооцсон бол 2017 онд 54 тэрбумыг, 2018 онд 56 тэрбумыг төрийн албан хаагчдад урамшуулал хэлбэрээр тараах бодлого барьж буй.

Өөрөөр хэлбэл, эрх баригчид 9.6 их наядын зарлагатай төсвийн 2.4 их наядын алдагдлаа нөхөхийн тулд хэн их цалин авна түүнээс их татвар авна гэсэн бодлого хэрэгжүүлэхээр болж байгаа юм. Эрх баригч намын тайлбарлж буйгаар хэн илүү олсон нь илүү төлнө гэдэг шударга мэт боловч хэн илүү хөдөлмөрлөсөн нь илүү “баалуулж” байна л гэсэн үг. Хэрэвзээ та нэг сая 500 мянган төгрөгөөс дээш цалинтай бол 2018 оны нэгдүгээр сараас эхлэн илүү татвар төлнө. Монгол Улсад 2006 оноос өмнө нь ийм татварын алагчилсан шатлал үйлчилдэг байсан. Харин 2006 оны зургадугаар сард  Нийгмийн даатгалын хувь хэмжээнд өөрчлөлт оруулж, ажил олгогчоос төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийн 19 хувийг 10 хувьд буулгаснаар 2009-2011 онд эдийн засагт өсөлттэй гарах үндэс болсон гэж эдийн засагчид тайлбарладаг.

Монгол Улсын Үндсэн хуульд иргэнээ өмчтэй болгох, аж ахуй чөлөөтэй эрхлэх, хөдөлмөрийн харилцаанд чөлөөтэй оролцох, олсон өмчөө чөлөөтэй захиран зарцуулах буюу чөлөөт худалдаанд орохыг тодорхой заасан байдаг. Хэдийгээр иргэд татвар төлөх журамт үүрэгтэй боловч аливаа татварын системд төр иргэнийхээ дээрх дөрвөн эрхийг ямар ч тохиолдолд хамгаалах бодлого гаргах ёстой. Харамсалтай нь, манайд татварын бодлого, систем нь эсрэгээрээ байдаг. Татварын бодлого гаргаж байгаа хүмүүс татвараар дамжаад баялаг бүтээгчдийн эрх ашигт нөлөөлдөг бөгөөд татвар л авч байвал тэр хүн үхнэ үү, сэхнэ үү хамаагүй гэсэн харгис бодлогыг нь эдийн засагчид, бизнес эрхлэгчид үргэлж шүүмжилдэг.

Хувь хүний орлогын албан татварыг шатлалтай нэмснээр 1.5 сая төгрөг эсвэл түүнээс бага цалин авдаг бол 10 хувь, харин цалингийн хэмжээ 1.5-2.5 сая төгрөгийн хооронд бол 15, 2.5-3.5 сая төгрөгийн хооронд бол 20, 3.5 сая төгрөг эсвэл түүнээс дээш бол 25 хувийн татвар төлөхөөр болж байгаа билээ. Жишээлбэл, 2.2 сая төгрөгийн цалинтай иргэдээс сардаа Засгийн газар 105 мянган төгрөгийг нэмж авна гэсэн үг.

Ингэснээр татварын бааз суурь нэмэгдэнэ гэж Засгийн газар  “гэнэн” тооцоо гаргаж, ирэх онд 60 тэрбумын орлого эндээс улсын төсөвт төвлөрнө гэж тооцож буй. Гэвч ажил олгогч, ажилтан аль алинд нь дарамт учруулсан энэ татварын ‘шинэчлэл’ эсрэгээрээ далд эдийн засгийг дэмжих бодлого болохыг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл, ажилтан хамгийн багаар цалингаа бичүүлээд ажил олгогчтойгоо тохиролцох замаар үлдсэн цалингаа нийгмийн даатгал төлөлгүйгээр авдаг болох нөхцөл үүснэ гэж мөрийцөх хүмүүс олон. Энэ тохиолдолд татварын орлого нэмэгдэх бус эсрэгээрээ буурах эрсдэлтэй.

Алдарт 68 хувийн татвар Монголын алтыг хууль бусаар гадагшаа гаргах боломжийг бүрдүүлж, төв банкны валютын нөөцийг дундрах нэг том шалтгаан болсон гашуун сургамж бий. 1.5-3.5 сая төгрөгийн цалин бол Монголд өндөрт ордог болохоос Өмнөд Солонгосын хар ажилчны сарын хөлснөөс ч бага цалин. Хэрэвзээ Монгол Улс хөгжилтэй эдийн засагтай, хүчирхэг өрх гэр бүлтэй больё гэвэл дундаж давхрагаа бодлогоор ‘хямраах’ бус бодлогоор дэмжиж байж хямралаас гарч чадна.

Төсвийн орлогогыг нэмэхийн тулд иргэдийнхээ хувь хүний орлогын албан татварыг нэмж байгаа гэж төр төлөөлөгчид ярих болсон. Харин нөгөө талдаа төрийн тансаглал хэвээрээ байгаа нөхцөлд татвар хичнээн нэмсэн ч хямрал дуусахгүй. Алдагдал нь хэдэн зуун тэрбум хэрнээ цалин нь хэдэн арван саяар тоологддог төрийн өмчит компаниудад ажилладаг том дарга, ТУЗ-ийнхний авдаг цалинг танах бодлого барьсан бол Засгийн газар өөр харагдах байв. “Эрдэнэт” үйлдвэрийн Х.Бадамсүрэн сард 25 сая төгрөгийн цалин, ‘Хөгжлийн банк’ны гүйцэтгэх захирал 10 сая төгрөг, ‘Монголын цахилгаан холбоо’ ХК-ийн гүйцэтгэх захирал 4.8 мянган ам.доллар, ‘МИАТ’ ХК-ийн гүйцэтгэх захирал долоон сая төгрөг, ХАА-н бирж ХХК-ийн гүйцэтгэх захирал 9.5 сая төгрөг, ‘Эрдэнэс Монгол’ ХХК-ийн гүйцэтгэх захирал зургаан сая төгрөг, ‘Төрийн орон сууцны корпораци’ ТӨҮГ-ын гүйцэтгэх захирал 5.5 сая төгрөг, ‘Авто тээврийн үндэсний төв’ ТӨҮГ-ын гүйцэтгэх захирал 3.5 сая төгрөгийн цалин  авдаг. Дээр нь тэд жилийн урамшуулал  орон сууцны хангамж нэрээр хэдэн зуун саяыг төсвөөс халаасална. Тиймээс  хувь хүний орлогтой ‘тооцоо’ бодохоос илүү төрийн компаниа ашигтай ажиллуулснаар төсөвт орох орлого нь 60 тэрбумаас ч илүү байж мэдэх юм шүү.

Дэлхийн жишигтэй харьцуулахад манайх шиг дундаж давхрагынхан багатай улсад уг давхрагаа шууд онилсон 25 хувийн  татварын бодлого нь дундаж давхрагыг үгүй хийж зөвхөн баян, ядуу гэсэн хоёр давхрагтай болгох эрсдэлтэй. Тиймээс нэг гараа дундаж давхрагынхны халаасанд шургуулаад нөгөө гараараа төрийн албан хаагчдад мөнгө тараах гэж буй бодлого барьж байгаа МАН-ын засаг татварын таатай орчныг бүрдүүлэх амлалтаа алгасах уу? Татварын таатай орчинг бүрдүүлснээр эдийн засаг тэлдэг бол татвар нэмснээрээ эсрэгээрээ далд эдийн засаг хөгждөг.

Эцэст нь эрх баригчдын барьж байгаа бодлогыг ерөнхийд нь товчхон дүгнэвэл бид зардлаа танахгүй,  та нарын орлогыг тана л гэж. Би үхэхээр чи үх гэдэг шиг. Тойрогтоо гурван тэрбумыг төсөвлөх УИХ-ын гишүүд иргэдээсээ 50 тэрбумыг босгохыг дэмжжээ. Тэдний дэмжлэгтэйгээр 1.5 сая төгрөгөөс илүү цалин авдаг бол таны орлого сар хүрэхгүй хугацааны дараагаас танагдана гэсэн үг.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж