“Хөрөнгө оруулалтын банкны зээл өгөөжөө өгч байгаа”

Хуучирсан мэдээ: 2017.12.08-нд нийтлэгдсэн

“Хөрөнгө оруулалтын банкны зээл өгөөжөө өгч байгаа”

“Хөрөнгө оруулалтын банкны зээл өгөөжөө өгч байгаа”

Олон улсын хөрөнгө оруулалтын банктай холбоотой асуудлаар Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэгээс дараах тодруулгыг хийлээ.


-УИХ-аас Олон улсын хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээр, дүрэмд өөрчлөлт оруулах тухай 2014 оны протколыг соёрхон баталлаа.  Хэлэлцээрт ямар өөрчлөлт орсон гэж ойлгох вэ?

-Олон улсын хөрөнгө оруулалтын банк /ОУХОБ/-ийг хуучнаар Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн гишүүн орнуудын Засгийн газар хоорондын 1970 оны хэлэлцээрийн дагуу  үүсгэн байгуулсан байдаг. Монгол Улс гишүүн орнуудынх нь нэг.

Уг хэлэлцээрт 2014 онд өөрчлөлт оруулсан байдаг. Монгол Улс тус банкны гишүүн улсын хувьд эрхээ хадгалах зорилгоор хэлэлцээрийг баталлаа. Протоколд оруулж буй өөрчлөлт нь тус банкийг орчин үеийн олон улсын хөгжлийн банкуудын үйл ажиллагаанд мөрдөгддөг нийтлэг зарчимд нийцүүлэх зорилготой юм.

-Тус банк Монгол Улсад ямар байдлаар үйл ажиллагаа явуулж байна вэ?

Одоогоор ОУХОБ нь Монголын арилжааны банкууд дээр мөнгөө байршуулж байна. Арилжааны банкууд тэдний хямд эх үүсвэрийг аваад аж ахуйн нэгжид зээл олгодог. Өнөөдрийн байдлаар 90 орчим сая ам.долларын зээл олгосон байгаа. Монголын арилжааны банкуудад жилийн таван хувийн хүүтэй эх үүсвэр олгогддог. Банкууд энэ зээлийг эргүүлээд аж ахуйн нэгжүүдэд олгодог. Ойролцоогоор 12 хувийн хүүтэй зээл олгодог юм.

-Үр өгөөж нь ямар байдаг бол?

-ОУХОБ -ны зээл нь Монголын аж ахуйн нэгжид өгөөжөө өгч байгаа. Цаашдаа ч өгнө.

-Зээл авахад тодорхой шалгуур тавигддаг уу?

-Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор зээл олгоно гэдэг ч юм уу, нэг зээлийн шугам баталдаг. Тэрнийх нь дагуу арилжааны банкууд харилцагчдаас тавьсан хүсэлтийнх нь дагуу зээл олгодог. Бүтээгдэхүүн нь янз бүр байна, евро, доллар, юань гээд. 

-Зээлийн эрсдлээ яаж хянадаг юм бэ?

-Хяналтын бүтэцтэй учраас зориулалтын дагуу зээлийг олгож чадаж уу,  үр ашигтай байна уу, үгүй юу гэдгийг бүгдийг хянаад явах бололцоотой байдаг.

-Арилжааны банкуудад таван хувийн хүүтэй эх үүсвэр олгодог гэхээр нэлээн ашигтай ажилладаг банк гэж ойлгож болох уу?

-ОУХОБ-ны хувьд өөрийнхөө банкны үйл ажиллагааны цэвэр ашгийн 30-40 орчим хувийг Монголоос хийдэг гэдэг юм.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж