МАХН-ын Нарийн бичгийн дарга, Монголын уулчдын үндэсний холбооны ерөнхийлөгч Б.Тулгатай уулзаж ярилцлаа.
-МАН-ын хэрүүл, зодоон арай гэж намжтал МАХН-ынхан залгаад хэрэлдээд эхэлчихлээ. Эрх мэдэл, сандал суудалгүй гудамжинд байгаа хэрнээ танай намынхан одоо юугаа булаацалдаад хэмлэлдээд унав аа, бас?
-Нам болгонд харагдаж байгаа задрал хуваагдлыг тус, тусад нь авч үзэх хэрэгтэй л дээ. Бүгд өөр өөрийн үндсэн шалтгаантай. МАН бол эрх мэдэл, сандал суудлын зодоон хийгээд байгаа. Харин манай нам бол таны хэлснээр эрх мэдэл ч үгүй, хуваах бялуу ч үгүй нам. Нам бүхэлдээ доргиод, донслоод, хуваагдаад талцаад байгаа юм байхгүй ээ. МАХН эв нэгдэлтэй байгаа. Энэ нь эрх баригчдад таалагдахгүй байгаа юм шиг байна. МАХН-ыг гэх ард түмний дэмжлэг ямар байгааг та бүхэн өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар харсан байх. АН, МАН адилхан нэр хүндгүй болсон, сонгогчдынхоо итгэлийг алдчихсан, гуравдагч улс төрийн хүчин буюу МАХН ирэх 2020, 2021 онд ялах магадлал хамгийн өндөр байгаа болохоор дотроос нь хүчийг нь сульдааж, үйл ажиллагааг нь саармагжуулахын тулд зарим нэр бүхий хүмүүсийг ашиглаад байх шиг. Эсрэг тал маань мөнгөтэй байна, эрх мэдэлтэй байна, шүүх, тагнуул гарт нь байна. Үүндээ дулдуйдаад МАХН-ыг хагалан бутаргаж чадна гэж бодож байгаа бол уучлаарай.
-Тэр хагалан бутаргагч нь хэн гэж?
–Хэн өнөөдөр МАХН-ыг хамгийн ихээр муулаад, хэн өчигдөр Ерөнхийлөгчийн сонгуулиар хэнийг дэмжсэн нь бүгдэд ойлгомжтой тодорхой байгаа шүү дээ. Түүхийг харахад урвагчдаас л болж Монголын төр үеийн үед доройтсон байдаг. Харамсалтай нь, одоо цагт урвагчид нь илүү тодордог болсон байна. Урвагчид өөдөөс хутга бариад дайрч байгаа дайснаас төрдөггүй. Урвагч дотроосоо гардаг. Манай О.Баасанхүү өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар улаан цагаан намынхаа эсрэг ажилласан. Улаан цагаан нэг хүнийг дэмжсэн.
-Хувь хүнийхээ үүднээс О.Баасанхүү С.Ганбаатарыг ялна гэдэг итгээгүй байж болно шүү дээ. Х.Баттулгад илүү найдсан байж болох юм?
-О.Баасанхүү хувь хүнийхээ үүднээс хэнд саналаа өгөх нь тэр хүний эрх байх л даа. Гэхдээ МАХН-аас парламентад сонгогдсон төрийн түшээ хүн. Намынхаа нэр дэвшигчийг дэмжихгүй юм аа гэхнээ эсрэг ажиллах нь хувь хүний ёс зүйн хувьд ч зохимжгүй. Манай намынхан Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох үгүйгээ Бага чуулганаараа ярилцаж шийдвэрлэсэн. Таван хүн нэр дэвших сонирхолтой байгаагаа мэдэгдсэн. Гэтэл намынхаа байраар нэг ч удаа ирж үзээгүй О.Баасанхүү гэнэт Бага чуулган дээр хүрээд ирсэн. Ирээд оролцох нь зөв, би хүнээ нэр дэвшүүлнэ гэсэн. Хүнийхээ нэрийг дэвшүүлсэн. Нэгэнт бид баг хамт олон гэж явж байгаа бол хэн олонхийн санал авсныг багаараа дэмжээд явах ёстой. Манай О.Баасанхүү С.Нарангэрэл гуайн нэрийг бариад ярьдаг л даа, мөнгө нэхсэн гэж. Бид Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно гэсэн таван хүнтэй уулзсан. Дөрөв нь сонгуулийн зардлаа босгохын төлөө зүтгэнэ гэсэн. С.Нарангэрэл гуай боломжгүй, нэр дэвшихгүй гэсэн. Гэтэл О.Баасанхүү намаасаа урваж, тодорхой бүлэглэлийн захиалгаар МАХН-ыг улс төрийн туслах дүрд тоглохыг шаардаад байгаа юм л даа. Намынхаа бодлогын эсрэг ажилладаг, хуралдаа ирдэггүй, өөр бүлэглэлд үйлчилдэг О.Баасанхүү манай намын асуудалд оролцох эрхгүй хүн гэж бид үзэж байгаа.
-Танай нам О.Баасанхүүг хөөхийг сануулсан. Эсрэгээрээ О.Баасанхүү гишүүн МАХН-ын Их хурлаар хурлыг зарлаж, намын даргаа шинэчлэхээ мэдэгдээд байгаа?
-Манай О.Баасанхүү Бага хурлаа Их тэнгэрт зарлан хуралдуулж, Их хурлаа Төрийн ордонд хийдэг болсон байна лээ. Даанч, тэнд оролцож байгаа төлөөлөгчид нь манай намын гишүүд биш. Би бол О.Баасанхүүг төлөөлөгчдөө зочид буудалд байрлуулж, мөнгө тарааж, Их хурлаа Төрийн ордонд хийх хэмжээний мөнгөтэй болжээ гэж хувьдаа дүгнэж суугаа. Гэхдээ найздаа зөвлөхөд мөнгөнөөс илүү итгэл үнэмшил, ноён нуруу, хүний мөн чанар, нэр хүнд, үзэл баримтлал чухал шүү л гэж хэлье. Хэрэв үнэхээр МАХН-ын үзэл баримтлалтай санал нийлэхгүй байгаа бол тэр хүнд улс төрийн сонголт хийх эрх нь бий.
-Тэгэхээр О.Баасанхүү гишүүний яриад байгаа Бага хурал, Их хурал нь хууль бус гэсэн үг үү?
-Хууль бус. Хэн нэгэн гишүүн гарч ирээд УИХ-ын чуулганыг зарлан хуралдуулж болдоггүй биз дээ. Яг үүнтэй ижил намын байгууллагаас Их хурлынхаа товыг зарлаагүй байхад нэг гишүүн гарч ирээд Их хурлаа хуралдуулдаг байж болохгүй л дээ.
Манай нам олон мянган гишүүнтэй. Бүгдээрээ хаа нэг газар Их хурлаа зохион байгуулаад явбал яах вэ. Ардчилсан намын эсвэл МАН-ын нэг гишүүн гарч ирээд Их хурлаа зарлаад намын дарга солино гэвэл бас л хууль бус болно биз дээ.
-МАХН-аас О.Баасанхүүг яг хөөсөн юм уу, хөөгөөгүй юм уу?
–Уг нь бол О.Баасанхүү нэгэнт үзэл бодол нийлэхгүй бол өөрөө явчих ёстой юм л даа. Зорилго өөр бол салаад явах эрх бий. Манай намын дүрэмд гишүүнийг намаас хөөх тухай асуудал байхгүй. Гэхдээ улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байж болно. Тэр нь юу вэ гэвэл намынхаа эсрэг ажилласан тохиолдолд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэсэн заалт байгаа. Найз бол намынхаа эсрэг байнга ажиллаж байгаа л даа. Тиймээс бид бусад намын дүрэмд байдаг шиг сонгуулийн үеэр нэр дэвшигчийнхээ эсрэг ажилласан, урвасан хүмүүсийг хөөдөг болъё гээд дүрмээ өөрчлөхийг хүссэн. Тэр дүрмийн заалтыг хэлэлцээд УДШ-д хандаж намын дүрэмдээ өөрчлөлт оруулах хүсэлт гаргасан. Харамсалтай нь, О.Баасанхүүгийн ард байгаа бүлэглэлийн захиалгыг биелүүлэх замаар шүүх хүлээж аваагүй. Дээд шүүхээс танай намын дүрэмд гишүүнийг хөөх асуудал байдаггүй юм байна гэсэн. Тэгэхээр О.Баасанхүүг манай намын гишүүн хэвээр үлдээх сонирхол нөгөө бүлэглэлд одоохондоо ашигтай байгаа юм шиг байна.
-Ерөнхийлөгч Х.Баттулга эхлээд өөрөө Ардчилсан намыг хоёр хуваасан. Дараа нь У.Хүрэлсүхээр МАН-ыг, одоо О.Баасанхүүгээр МАХН-ыг хоёр хуваах нь гэж улс төрийн хүрээнийхэн хардаж байна лээ?
-Ийм байхыг үгүйсгэхгүй. Хэсэг бүлэг хүмүүс Монголын улс төр, нийгмийг үймүүлж дуусах шинжтэй. Гэхдээ манай намын гишүүд өөрсдийнхөө үзэл бодол дээр үнэнч байгаа. Ганц нэг хүний захиалгаар хийж байгаа үйлдлийг манай намын гишүүд хүлээж авахгүй.
-У.Хүрэлсүх өнгөрсөн сонгуулиар намынхаа эсрэг ажилласан. Тэгээд Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр МАН-ын дарга, Ерөнхий сайд боллоо. О.Баасанхүү намынхаа эсрэг бас ажилласан гэлээ. Түүнийг Ерөнхийлөгч МАХН-ын дарга болохыг дэмжиж байж болох. Тэгэхээр АН, МАН, МАХН гэсэн гурван нам нэг хүний халаасанд орчих вий гэсэн хардлага байж болох уу?
-МАН-ын хэнийгээ дарга болгохоо өөрсдөө шийдсэн. Харин Монголын төрийг сульдааж ирсэн хүмүүс бол дандаа урвагчид байдаг. Тиймээс МАХН-д урвагчдын орон зай байхгүй. Тэдэнтэй хатуу тэмцэнэ. Маргааш нөгөөдөр манай нам “Аса” циркт зөвлөгөөн зохион байгуулж байгаа. Энэ зөвлөгөөнөөр улс оронд тулгамдаж байгаа асуудлыг ярилцана. Ер нь О.Баасанхүүг гудамжнаас төрийн ордон оруулсан хүн бол Н.Энхбаяр. Монголын улс төрд өнөөдөр тодроод байгаа олон хүнийг Н.Энхбаяр дарга л улс төрд хөтөлж оруулсан байдаг юм.
-Ингэхэд Н.Энхбаяр даргыг солих болоогүй юу. Бусад намууд сонгуулийн дараа намын удирдлагуудтайгаа хариуцлага тооцдог?
-Ерөнхийлөгчийн сонгуулиар манай нам сайн оролцсон. Саналыг маань эрх баригчид луйвардсан болохоос биш. Тэгэхээр намаа сайн удирдан зохион байгуулсан Н.Энхбаяр даргыг О.Баасанхүүгээр солиод явбал бүтэхгүй ээ.
-Бүх нам дотроо хэрүүл тэмцэлтэй, урваач шарваачтай. Тэгэхээр Монголын улс төр, улс төрийн намуудыг орвонгоор нь шинэчлэх болсон юм шиг. Энд АН, МАН-аас гадна танай нам ч багтаж байгаа?
-МАХН бол үнэт зүйл, үзэл баримтлалтай нам. Харин хөндлөнгөөс хүний намыг шүүмжлэхэд хүмүүс дүргүйцэж магадгүй. Гэхдээ АН, МАН хоёр иргэдийн итгэлийг улам бүр алдаж байна. Ерөнхийлөгчийн сонгуулиар л гэхэд 100 мянган хүмүүс АН, МАН-ыг дэмжихгүй гэдгээ илэрхийлээ шүү дээ. УИХ-д 65 суудал авсан Ардын намаас иргэд юу хүлээж байсан бэ гэвэл зоригтой шийдвэрүүд, эерэг нааштай бодлого, тогтвортой хөгжил, эдийн засгийн бодит өсөлтийг хүлээж байсан. Харамсалтай нь, тэд хоёр хуваагдлаа. Тэгэхээр бид Улс төрийн намын тухай хуулиа, Үндсэн хуулиа өөрчлөх цаг болсон байна. Улс төрийн намуудын санхүүжилтийг шийдэхгүйгээр нам доторх хуваагдал эрх мэдлийн төлөөх тэмцэл алга болохгүй, гадаадын болон дотоодын бүлэглэлийн халаасанд улсаараа орно. Одоо ч бараг орчихоод байна л даа. Аль нэг гадаадын том компанийн гал тогоонд Монголын улс төр, эдийн засгийн шийдвэрүүд гардаг, хэн улс орныг удирдах вэ шийддэг болсон гээд байгаа. Энэ бол үнэн.
-Улс төрийн намын санхүүжилтийг ил болгосноор улс төрийн хямрал тогтворжино гэж үү?
-1992 оны Үндсэн хуульд улс төрийн намуудын санхүүжилтийг тодорхой тусгаж өгөөгүй л дээ. Зөнгөөрөө яваад болно биз гэж хаяснаас улс төрийн намуудын санхүүжилтээр дамжаад тодорхой бүлэглэл тухайн намын хувьчилж авдаг юм байна. Тодорхой зорилготойгоор шүү дээ. Бид үүнийг хамгийн түрүүнд засах хэрэгтэй. Уг нь улс төрийн намуудын зорилго нь яаж хүмүүсээ сайхан хангалуун амьдруулах вэ, яаж улс орноо хөгжүүлэх вэ гэдэгт анхаардаг ёстой. Гэтэл санхүүжилтээр нь дамжин улс төрийн намуудыг хувьчилж авсан улс төрийн намуудын бүлэглэл бол тухайн улс төрийн намыг ашиглаад төрийн эрхэнд гараад өөрийнхөө компанийн ашгийг яаж өсгөх вэ гэдгээ л боддог.
-Үндсэн хуулийг өөрчлөхгүйгээр Монголын улс төр дэх хямрал зогсохгүй л гээд байгаа?
–Улс төрийн хямралаас гаргахын тулд 1992 оны Үндсэн хуулийг өөрчлөх ёстой. Маш олон Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарыг гаргаж үзлээ. Хүндээ байна уу гэхээр байх нь байна. Гэхдээ голдуу системийн алдаанаас болжээ. Тиймээс өнөөдрийн Үндсэн хуулиа өөрчлөхгүйгээр бид хол явж чадахгүй болсон байна. Бие, биенээ татаж унагасаар байгаад бүгд биедээ шавар наачихлаа. Тэгэхээр яах ёстой вэ гэвэл, эхлээд хариуцлагын тогтолцоогоо тодорхой болгох хэрэгтэй. Хэн юугаа хариуцах юм бэ, улс төрийн намуудын санхүүжилт ямар хэлбэрээр хийх ёстой вэ гэдгээ эргэх харах болсон байна. 1992 оны Үндсэн хуулийг баталж байсан хүмүүс ардчилсан нийгэм, хувь хүний эрх гэж юу юм бэ, зах зээлийн эдийн засаг гэж юуг хэлэх вэ гэсэн ойлголт муутайгаар Үндсэн хуулийг хийж байсан. Бүхэл бүтэн аймгийн хэмжээтэй газар нутгийг нэг хүн, нэг компани лиценз хэлбэрээр эзэмшээд, түүнийгээ гадаадын компанид худалдаад, авсан мөнгөө гадаадын нэг улсад оффшорт нуучихна гэж анхны Үндсэн хуулийг баталж байсан хүмүүсийн хэн ч төсөөлөөгүй. Хэн ч тэр том, том үйлдвэрийг ямар ч мөнгө төлөхгүйгээр хувьдаа авчихна гэж бодож ч байгаагүй. Өөрөөр хэлбэл, зах зээлийн нийгмийг харж чадаагүйгээр бичигдсэн Үндсэн хууль байгаа юм.
-Танай намынхан нэг төсөл яриад байсан уу?
-Үндсэн хуулиа өөрчлөх биш бүр үндсээр нь өөрчлөх шаардлагатай. МАХН-ын хувьд Үндсэн хуулийг өөрчилье гэж хий дэмий ярих биш, зүйл заалтаар нь төсөл бэлтгээд үүнийгээ эрдэмтэд судлаачдаар хэлэлцүүлээд явж байна. Анхны ардчилсан Үндсэн хууль дээр мал төрийн хамгаалалтад байна гэсэн нэг хэрэгждэггүй заалт байна ш тээ. Мал төрийнх ч юм шиг, малчных ч юм шиг ойлгомжгүй заалт. Өнөөдөр бид малаа бодохоосоо өмнө тэр малыг хариулдаг хүнээ бодох ёстой. Монгол хүнээ эрүүл, аюулгүй орчинд амьдруулъя. Ажлын байртай болгоё. Ажлын байртай болгохын тулд бүгдийг нь боловсролтой болгоё. Гэр бүлийнхээ угсаа гарвал хөрөнгө чинээ, аав ээжийнхээ хийж байгаа ажлаас үл хамаараад хүүхэд бүр адилхан орчинд сурах нөхцөлөөр хангая. Мөнгөтэй хүний хүүхэд нь тансаг сургуульд сураад мөнгөгүй нь жар далуулаа нэг ангид шахалдаад сурч болохгүй. Энэ бүхнийг цэгцлэхийн тулд Үндсэн хуульд реформ хийх ёстой. МАХН бол зүүн төвийн буюу социал демкорат үзэл баримтлалтай. Нийт иргэдийнхээ ялангуяа эмзэг, хүнд амьдралтай хэсгийнхээ дуу хоолой болох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг төр зохицуулах ёстой. Агаарын бохирдлоос гаргахын тулд төр зуун хувь хүмүүсээ оронсууцжуулах асуудлыг хариуцах ёстой гэж үздэг нам.
-Багш эмч нар ажил хаялт зарлана гэж өнгөрсөн намар баахан шуугисан. Үүний ард танай намыг байсан гэх яриа ч байдаг?
-Нийгмийн үнэт зүйл нь дундаж давхрагынхан гэвэл тэр үнэт зүйлийг бий болгож байгаа багш, эмч нарынхаа цалин нэмэх ёстой. Сарын дөрөв таван зуун мянган төгрөгийн цалин өгчихөөд яаж сайн боловсролын тухай ярих юм бэ. Монголын нийгмийн үнэт зүйл бол боловсролтой, хөгжилтэй иргэн. Энэ удаад жирийн багш нар өөрсдийнхөө төлөө тэмцэл явуулсан. МАН өнгөрсөн УИХ-ын сонгуулиар цалин тэтгэвэр нэмнэ гэж амалсан шүү дээ. Энэ амлалтаа биелүүлэх ёстой байсан. Манайх тэр жагсаал тэмцэлд оролцоогүй. Харин одоо багш, эмч нар дахиад тэмцэл хөдөлгөөн өрнүүлбэл манай нам дэмжинэ.
-Ерөнхийлөгчийн сонгуулиар С.Ганбаатарыг 300 гаруй мянган хүний санал авна гэж олон хүн бодоогүй. Танайхан ч бас төсөөлөөгүй байх тийм үү?
-Олон сонгуульд оролцож байсны хувьд бид харанхуй ордоггүй. Судалгаа тооцоогоо хийнэ. Хаана ямар санал авах боломжтойгоо тооцно. Манай намын нэр дэвшигч ялна гэдэгт бид 100 хувь итгэлтэй байсан. Харамсалтай нь, сонгуулийн шөнө ямар булхай, луйвар орсныг монголчууд бүгдээрээ харсан. Сонгуулийн дүн гарснаас хойш шөнө дөлөөр ямар луйвар орсныг санаж байгаа байх. СЕХ-ны дарга бүх ирцийн мэдээ зарласан. Гэтэл өглөө нь санал өгсөн хүний тоо ирцийн мэдээнээсээ 37 мянган хүнээр давчихсан байсан. Өнгөрсөн сонгуулиар хэдийгээр манай нэр дэвшигч луйвардуулаад ялж чадаагүй ч ард түмэн АН, МАН-аас залхжээ гэдэг нь харагдсан шүү дээ. М.Энхболд, Х.Баттулга хоёр ямар ч хөгжлийн бодлого яриагүй, хоёр биенээ л харлуулаад дууссан.
-Танай нам Ерөнхийлөгчийн сонгуулиар санаснаас амжилттай оролцсон нь намын рейтинг нөлөөлөв үү, хувь хүний рейтинг байв уу?
-Аливаа улс төрийн үйл ажиллагаа ганц хүний рейтинг дээр явдаггүй ээ. Ганц мод гал болдоггүй гэдэг үг байдаг. Ганцаараа мундаг байлаа гээд тэр хүн улс төрийн дэмжлэг авахад хэцүү. Хөл бөмбөгт багийн тоглолт их чухал байдаг шиг улс төрд ч багийн тоглолтгүйгээр зорилт, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломжгүй. Тэр ч үүднээс С.Ганбаатар олон жил бие дааж явсан, нам байгуулах гэж оролдсон. Хувь хүний рейтинг өндөртэй ч улстөрч байсан. Гэвч, нөгөө л эрх баригчид, хууль шүүхийнхэн бүгд нийлж байгаад дарж авч байсан. Одоо бол С.Ганбаатар багтай болсон. Бид үзэл баримтлал ойролцоо учраас ажиллахад амар байгаа. Сонгуулийн үр дүн бол хамтын ажиллагааны үр дүн.
-С.Ганбаатарын 50 сая воннын дуулиант бичлэг байна. Шүүхээс танай нэр дэвшигчийн буруутгасан шийдвэр гаргасан шүү дээ?
-С.Ганбаатар дээр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд С.Ганбаатар сонгуулийн зардлаа олохын тулд хандив босгож эхэлсэн. Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа хүмүүсийг төрийн хамгаалалтад авчихдаг. Тэгэхээр яагаад төрийн хамгаалалтад орсон хүн дээр гүйцэтгэх ажиллагаа явагддаг юм бэ. Болсон явдал гэвэл нэг ойрын найз нь хандив өгье гээд гэрт нь солонгос хүн дагуулаад очсон юм билээ. Тэгээд найз нь найз дээрээ гүйцэтгэх ажиллагаа явуулчихсан.
-Тэр найзыг нь хэн гэдэг юм бол?
-Их сургуульд багшилж байсан гэсэн байх, Инжинаш гэдэг. Найз нь хандив босгочихлоо гэж гэрт нь очоод гүйцэтгэх ажиллагаа явуулчихсан. Хэрвээ үнэхээр шүүх засаглал, тагнуул шударга юм бол яагаад, хэн ямар учраас С.Ганбаатарын гэрт сумтай дугтуй явуулсныг бас шалгах хэрэгтэй шүү дээ.
-Монголын уулчдын үндэсний холбооны ерөнхийлөгчийн хувьд танаас асуухгүй өнгөрч болохгүй нэг сэдэв байна. Отгонтэнгэр ууланд авирч яваад амиа алдсан уулчдын осолд танай холбоог буруутгах хүмүүс байсан. “Дөрвөн бэрх” цом авахын тулд авирч яваад амиа алдсан гэж?
-Тэр осол маш харамсалтай зүйл болсон. Энэ талаар би анх удаа ам нээж байна. Юуны өмнө амиа алдсан уулчдынхаа ар гэр, найз нөхөд, хамт олонд холбооны зүгээс гүн эмгэнэл илэрхийлье. Би 2016 онд энэ холбоог удирдаж эхэлсэн. Хэсэг хүмүүс надад хандаж, үйл ажиллагааг нь сайжруулж өгөөч гэсэн санал тавьсан. Манай холбоо бол гадаадад Монголын уулын спортыг төлөөлдөг, дотоодод олимпийн хороонд төлөөлдөг. Төрлийн хувьд өндөр уул, спорт авиралт, хадны авиралт, мөсний авиралт багтдаг. Сүүлийн үед өндөр ууланд авирах хүмүүсийн тоо өссөн. Байгаль дэлхийгээс таашаал авах, өөрөө өөрийгөө ялах, дээр нь эрүүл мэндэд эерэг нөлөөтэй спорт бол өндөр уулын авиралт. Үүнийг хүмүүст зөвөөр ойлгуулах, энэ спортын ач тусыг мэдрүүлэх талаар бид ажиллаж байгаа. Тэр утгаараа бид “Дөрвөн бэрх” цомыг зарласан. Энэ цомоос болоод осол гарлаа гэвэл хэтэрхий өрөөсгөл дүгнэлт.
Хамгийн эрсдэлтэй спортын нэг бол өндөр уул ш тээ. Тийм ч учраас мэргэжлийн уулчид ууланд явахад эрсдэл хамгийн бага байх энэ бололцоо хаана байна гэж байнга бодож явдаг. Өөрөөр хэлбэл, өндөр ууланд авирахдаа эрсдлийг хамгийн бага болгож буруулахын тулд цаг агаарын нөхцөл байдал, техник хэрэгсэл, авирах, буух цаг хугацаа, туршлага чадвар, эрүүл мэнд бүгдийг маш сайн тооцдог. Өндөр ууланд эрсдэл үргэлж дэргэд явдаг. Уулын спортын нэг онцлог бол хэн нэгэнтэй өрсөлддөггүй. Зөвхөн өөрөө өөртэйгөө тэмцдэг. Уултай тэмцээд байгаа юм биш өөртэйгөө л тэмцдэг. Энэ спортоор хичээллэж байсан ахмадууд маань хэлдэг л дээ. Хэн нэгэн ууланд эрсдэж амиа алдсаны төлөө хэн нэгнийгээ битгий буруутгаарай, уулын спорт бол цусаар бичигддэг дүрэмтэй гэж.
-Гэхдээ энэ харамсалтай осол Монголын уулын спортын хандлагыг өөрчлөх “дохио” болсон байх?
-Аливаа хүмүүст зорилго бий болгохын төлөө бид явна аа. Одон авахын төлөө эмэгтэйчүүд хүүхэд төрүүлдэггүй шиг ууланд авирч яваад амиа алдсан уулчдыг зөвхөн цомын төлөө явж байгаад амиа алдсан гэвэл хамгийн ихээр доромжилсон хэрэг болно. Тэд ууланд авирч, өөрийгөө сорьж, өөрийгөө ялж таашаал авах гэж явдаг юм аа.
-Та өөрөө ууланд авирдаг уу?
-Авирдаг. Авирдаг учраас л энэ холбоог удирдах санал тавьсан. Ажлын шугамаар энэ спортод орчихсон юм л даа. 2016 онд Н.Энхбаяр дарга Алтай таван богдод том хэмжээний авиралт хийсэн. Тэгэхэд хамт авирсан. Замдаа яах гэж авирав даа гэж шантарч л явлаа. Тэгээд уулын орой дээр гарахад бүх зүйлээ мартаад нулимс цийлэгнээд ирдэг юм билээ. Өндөр ууланд авирч үзээгүй хүн уулын спортын жаргал зовлонг ойлгохгүй ээ. Харин авираад үзсэн хүн уулын спорттой амьдралаа холбодог. Энэ спортын хамгийн гайхамшиг нь өөрийгөө ялахад байдаг юм. Хүн бусдыг ялж чаддаг. Өөрийгөө ялахад хэцүү гэдэг шүү дээ.
-Бас авирахаасаа буух нь хэцүү гэх?
-Тийм учраас л эрсдлээ маш сайн төлөвлөх хэрэгтэй. Уулын спортод хөтөч буюу ахлагчийн үг хууль байдаг. Эрсдэл дунд явж байхад хөтөчийн үгнээс зөрөөд эсвэл үгэнд нь орохгүй байх юм бол багийнхандаа эрсдэл үүсгэдэг. Тиймээс уулын спорт хатуу дэг журамтай спорт.
-Ослын дараа уулын спортыг бизнес болгосны үр дагавар гэж шүүмжлэх хүмүүс байсан. Танай холбоо гэхэд өндөр уулын авиралтаар хэр мөнгө “хийдэг” юм бэ?
-Холбоонд уулын спортоор дамжиж орж ирдэг нэг ч мөнгө байхгүй. Холбооны удирдах зөвлөлийн гишүүд энэ спортыг олон нийтийн дунд улам сайн түгээх, түгээхдээ зөв, олон улсын стандартад хүргэхийг зорьж байгаа. Уулын спортыг дотор нь хоёр ангилдаг. Нэг нь уулын жуулчлал, нөгөө нь уулын спорт.
-Отгонтэнгэрийн авиралт бол дотоодын жуулчлал байсан уу?
-Тийм, дотоодын жуулчлал байсан. Одоо манай холбооны зүгээс энэ жуулчлалыг эрхэлж байгаа байгууллага, хувь хүмүүст сургалт явуулж, сертификат олгоё гэж бодож байгаа. Олон улсад ийм жишиг байдаг. Харамсалтай нь, манайд одоо л эхэлж байна. Өмнө нь цөөхөн хүмүүс алхдаг байсан учраас тийм шаардлага байгаагүй. Нэгэнт өнөөдөр олон хүн энэ спортод дурлаж, уулын жуулчлалд хамрагдах сонирхол ихэссэн учраас хүссэн хүсээгүй сертификат олгох шаардлагатай болж байна. Үүний бэлтгэл ажлыг эхүүлсэн. Тиймээс уулын жуулчлалаар хичээллэх сонирхолтой хүмүүс эрсдлээ сайн тооцож явах хэрэгтэй. Энэ холбоог аваад миний тавьсан гол зорилт бол манай уулчид ууланд авираад явахдаа өөрийгөө тэжээх чадвартай, хүссэн экспедици аваад явах чадалтай болоосой гэж боддог. Тэгж байж энэ уулсын спорт Монголд ном журмаараа хөгжих ёстой. Ууландаа авираад, ажлаа хийгээд, цалингаа аваад явах бололцоог нь бид нээж өгөх хэрэгтэй л дээ. Нэг талаасаа Монголын аялал жуулчлал дагаад хөгжинө. Уулын спорт, уулын жуулчлал хоёрыг ялгаж ойлгуулах, энэ чиглэлээр тус тусад хөгжүүлэх гээд манай холбоо олон зүйл хийхээр төлөвлөсөн. Уулын спортоор хичээллэж байгаа бүхэн аль нэг компаниас хандив гуйх биш чаддаг юмаа үзүүлээд хөлсөө авдаг байх нь яагаад буруу гэж. Гадаадын хөтөч бүгд л тэгдэг. Харин ч гадны уулчид Монгол ирээд манай уулыг үнэгүй ашиглаад буцдаг. Монголд гадныхан тав тух бодож ирдэггүй. Хамгийн адал явдал, эрсдэлтэй аялал жуучлалыг хайж ирдэг. Тиймээс үүнийг аялал жуучлал болгоод, тийм ууланд авирвал гадныхан тэд, дотоодынхон тэд гээд үнэ тариф тогтоох ёстой гэж боддог. Гадаадад мөнгөө төлөхгүйгээр ууланд авирах боломжгүй. Тиймээс энэ системийг л бид бий болгох гээд ажиллаж байна.
Улсаас уулын спортыг хөгжүүлэхэд нэг ч төгрөг гаргадаггүй. Уулын спортоор хичээллэж байгаа хүмүүст хандаж зөвлөхөд эрсдлээ үнэлж чаддаг, хамгийн сайн бууруулж чаддаг байх ёстой, хариуцлагатай байх ёстой шүү гэж захъя. Өндөр уулын спорт бол өөрийгөө ялж кайф авдаг хамгийн гоё спорт л доо.
Холбоотой мэдээ