Путин Оросын "хаан" болох уу?

Хуучирсан мэдээ: 2017.12.07-нд нийтлэгдсэн

Путин Оросын "хаан" болох уу?

Путин Оросын "хаан" болох уу?

ОХУ-ын удирдагч Владимир Путин 2018 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээ мэдэгдлээ. Путин ерөнхийлөгчийн сонгуульд дөрөв удаагаа өрсөлдөх гэж буй нь энэ юм. Хэрэв Путин дахин сонгогдвол 2024 он хүртэл Кремлийн эзэн хэвээр үлдэж, 29 жил Кремльд сууж, Оросын төрийн эрхийг хамгийн олон жил барьсан Йосиф Сталины дараа бичигдэх удирдагч болно. Путин ирэх сонгуульд ялвал сүүлчийн бүрэн эрхийн хугацааг эрх мэдлийг нь хязгаарласан үндсэн хуульд өөрчлөлт оруулахад зориулж магадгүй гэх таамаглал өндөр байгаа.

Карьерынхаа ихэнх хугацаанд зүүн Германд КГБ-ын дунд тушаалын тагнуул байсан, 65 настай Кремлийн эзэн дөрөв дэх удаагаа сонгуульд өрсөлдөх гэж буйг хүлээн зөвшөөрөхгүй олон хүн байгаа ч Путин сонгуульд амархан ялалт байгуулна гэж итгэж буй гэнэ.

Путин нэгэн цагт хүчирхэг явсан Зөвлөлт холбоот улс задран унасныг 20-р зууны томоохон сүйрлийн нэг гэж тодорхойлсон бөгөөд Оросыг АНУ-тай цэрэг зэвсэг болон олон улсын тавцан дах хүч, нөлөөгөөр эн зэрэгцэх хүчирхэг гүрэн болгох зорилго тавьсан нь түүнд асар их нэр хүнд авчирсан юм.

2014 онд ОХУ Крымийг өөртөө нэгтгэсний дараа Путины рейтинг 85 хувьд хүрсэн. 2018 оны ерөнхийлөгчийн сонгуулийг Крымийг өөртөө нэгтгэсний дөрвөн жилийн ойн өдөр гуравдугаар сарын 18-нд товлосон нь санамсаргүй хэрэг биш, харин сонгогчдод Путины гавьяаг сануулж буй хэрэг юм.

Хүмүүсийн таамаглаж байсанчлан Путин ирэх сонгуульд өрсөлдөнө гэдгээ лхагва гаригт Нижний Новогород хотын Горькийн нэрэмжит автомашины ГАЗ үйлдвэрийн 85 жилийн ойн арга хэмжээний үеэр мэдэгдсэн. Путины товч бөгөөд тодорхой мэдэгдэл хийсэн энэ үйл явдал хэдийгээр гэнэтийн мэт харагдаж байгаа боловч нарийн зохион байгуулсан сонгуулийн кампанит ажлын эхлэл гэдэг нь тодорхой байв. Энэ мэдэгдлийг үндэсний телевизийн сурвалжлах групп шууд дамжуулсан юм.

Үйлдвэрийн нэгэн ажилтан ерөнхийлөгч Путинаас “Өнөөдөр энэ үйлдвэрт цугласан бүх хүн таныг дэмжиж байна. Та сонгуульд өрсөлдөх үү?” хэмээн асуужээ. Энэ үйл явдлаас хэдэн цагийн өмнө яг энэ асуултыг бас нэгэн сэтгүүлч Путинд тавихад тэрбээр “бодолцож үзнэ” хэмээн хариулсан аж.

Харин үйлдвэрийн ажилтныг ийн асуухад танхимд цуглагсад алга нижигнүүлсэн ташиж, Путиныг дэмжихээ илэрхийлжээ. Путин тэнд цуглагсдад хандан “Мэдэгдэл гаргахад үүнээс тохиромжтой цаг, үүнээс илүү газар гэж хаана байх билээ” хэмээгээд “Би ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө” гэжээ.

Путин сонгууль өрсөлдөхөө зарлахдаа тус үйлдвэрийг сонгосон нь санамсаргүй тохиолдол биш. Учир нь ОХУ-ын үйлдвэрийн ажилчид бол түүнийг дэмжигчдийн том бааз юм. 2011-2012 онд Москвад Путиныг эсэргүүцэгчид гудамжинд гарч жагсахад үйлдвэрийн ажилтнууд ерөнхийлөгчийг дэмжиж байв.

Путин ирэх ерөнхийлөгчийн сонгуульд дахин ялах магадлал өндөр байгаа нь түүний рейтингтэй холбоогүй харин бусад нэр дэвшигчдийн рейтинг түүхэнд байгаагүй муу үзүүлэлттэй байгаатай холбоотой. Нөгөө талаар Путины нэр нөлөө их байгааг ч үгүйсгэх аргагүй. 2014 оны Сочийн өвлийн олимпын наадмаас ОХУ-ын баг тамирчид 33 алтан медаль өвөртөлсөн нь түүний рейтингийг багагүй өсгөсөн. Оросын шигшээ багийн тамирчдын сэргээш хэрэглэсэнтэй холбоотой дуулиан шуугианы улмаас тэдний тамирчдыг 2018 оны өвлийн олимпын наадамд оролцох эрхийг хассан нь ч мөн Путины байр суурийг ганхуулж чадсангүй.

Зөвлөлт систем задран унасны дараа Оросын нийгэм хөл толгойгоо алдаж, иргэд ядуу тарчиг амьдарч байв. Путин 2000 онд ерөнхийлөгчөөр сонгогдохдоо Орост хамгийн түрүүнд нийгэм эдийн засгийн тогтвортой байдлыг бий болгосон юм. Түүнийг ерөнхийлөгч байх найман жилийн хугацаанд  жирийн иргэдийн орлого нэмэгдсэнийг Оросын гол түүхий эд болох эрчим хүчний үнийн нэмсэнтэй холбон тайлбарладаг. ОХУ-ын эрчим хүчний үнийн өсөлт 2014 онд газрын тос болон рублийн ханш унах хүртэл өсөлттэй байсан. Орост Путинд дургүй, түүнийг шүүмжилдэг хүмүүс олон бий.

Түүний гол өрсөлдөгчдийн нэг авлигатай тэмцэгч, сөрөг хүчний тэргүүн Алексей Навальний он гарснаас хойш Путиныг эсэргүүцсэн хэд хэдэн томоохон жагсаал зохион байгуулсан юм. Гэвч Алексей Навальний эрүүгийн хэргийн улмаас сонгуульд өрсөлдөх эрхгүй болсныг дэмжигчид нь улс төрийн явуулга гэж үзэж байгаа юм. Алексей Навальний сонгуульд өрсөлдлөө ч Путины нэр нөлөөг давж гарах нь эргэлзээтэй. Путины бас нэгэн сонирхолтой өрсөлдөгч бол реалити шоуны хөтлөгч, сэтгүүлч бас түүний экс даргын охин Ксения Собчак. Олон хүн түүнийг сөрөг хүчний саналыг хуваахын тулд Кремлээс илгээсэн гэж хардаж байна. Бусад нэр дэвшигчид бол Коммунист намын Геннадий Зюганов, барууны үзэл баримтлалт үндсэрхэг үзэлт Влидимир Жириновский нар юм. Оросуудын хэлдэгчлэн эдгээр “дайны морьд” өмнө нь олон сонгуульд өрсөлдсөн ч ялагдал хүлээсэн билээ.

Кремлийн эзэн өрсөлдөгчдөдөө давуу тал олгохыг зөвшөөрдөггүй. Энэ шалтгаанаар сөрөг хүчний нэр дэвшигчид үндэсний телевизийн эфирийн цаг тун цөөхөн эсвэл бараг олдохгүй. Мөн бие даан дэвшигч сонгуулийн кампанит ажлын гурван сарын хугацаанд ОХУ-ын 43 мужаар явж, хэдэн зуун мянган дэмжигчийн гарын үсгийг цуглуулах нь бараг биелэгдэшгүй даалгавар юм.

ОХУ-ын ерөнхийлөгчийн хоёр удаагийн бүрэн эрх хэрэгжүүлсний дараа 2008 онд Путин үндсэн хуулийн дагуу бүрэн эрхээ дараагийн хүнд шилжүүлэхээс аргагүй болсон. Харин Путин суудлыг нь хадгалж байх өөрийн хүн Дмитрий Медведевийг ерөнхийлөгч болгож, өөрөө ерөнхий сайд болсон билээ. Ингээд 2012 онд Кремльд ерөнхийлөгч болж эргэн ирэхэд нь эсэргүүцэгчдийн жагсаал угтсан.

Үүнээс хойш Кремлийн эрх баригчид олон нийтийн эсэргүүцлийн хөдөлгөөн, жагсаал зохион байгуулахад нөлөөлсөн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон иргэний нийгмийн байгууллагуудыг хатуу хяналтаар зохицуулах болсон. Эсэргүүцлийн хөдөлгөөнүүдийг зохион байгуулсан хэргийн ард АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон байгаа гэж Путин буруутгасан юм.

Путиныг дахин сонгуульд ялвал үндсэн хуульд өөрчлөлт оруулж, ерөнхийлөгчийн бүрэн эрх хэрэгжүүлэх зургаан жилийг сунгаж магадгүй гэдэг таамаглал байгаа юм. ОХУ-д төдийгүй олон улсад Путины нэр нөлөө их ч гэлээ Оросууд түүнийг Кремлийн мөнхийн эзэн байхыг зөвшөөрөхгүй гэж ажиглагчид үзэж байна.

Кремлийн өндөр албан тушаалтнууд болон Оросын элитүүд ерөнхийлөгчийн суудлын төлөө өрсөлдөхөөр хөлөө жийлцэж байх зуур Путин сонгуульд өрсөлдөхөө мэдэгдэж, кампанит ажлаа эхэлчихэж хэмээн зарим шинжээчид бичиж байгаа юм.

Путиныг сонгуульд өрсөлдөхөө зарласны хариуд сөрөг хүчний лидер Алексей Навальний твиттертээ “Путин энэ суудалдаа 21 жил суухыг хүсч байгаа бололтой. Миний бодлоор энэ бол хэтэрхий урт хугацаа. Бид үүнийг зөвшөөрөхгүй” гэж бичсэн байна.

Чеченийн удирдагч Рамзан Кадиров “АНУ-ын, баруун европын дайснуудын тааварлахын аргагүй, гэнэтийн, хайр найргүй түрэмгийллийг эсэргүүцэн зогсож чадах ганц хүн бол тэр” хэмээн Инстаграм хуудсандаа бичжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж