МГУ гадаад тагнуулын албыг судална

Хуучирсан мэдээ: 2017.12.07-нд нийтлэгдсэн

МГУ гадаад тагнуулын албыг судална

МГУ гадаад тагнуулын албыг судална

М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Их сургууль нэгэн шинэ судлалыг эхлүүллээ. Оросын гадаад тагнуулын албаны түүхийг шинжлэх ухааны үүднээс судлах зорилгоор цуврал хэлэлцүүлгийг Их сургууль эхлүүлжээ.

ОХУ-ын Гадаад тагнуулын албаны Хэвлэлийн албаны санал болгосноор энэ цувралыг эхлүүлж байгаа юм. Гадаад тагнуулын албаны туршлагатай ажилчид, үндэсний тагнуулын албаны талаар баримтат уран сайхны зохиол бичсэн зохиолчидтой уулзана. 

Цуврал хэлэлцүүлгийг Түүхийн факультетын оюутнуудад зориулан хийж байгаа бөгөөд Оросын хөгжлийг гадаад тагнуулын албаны үйл ажиллагаатай уялдуулан судлах юм. “Гадаад тагнуулын албаны сэдэв түүхчдийн хувьд хаалттай сэдэв байсан. Гэхдээ одоо өмнө нь нууцалдаг байсан түүхийн, тагнуулын олон баримт олон нийтэд ил болж байгаа учраас энэ сэдэв ХХ зууны түүхийн шинэ сэдэв болоод байна” хэмээн Түүхийн факультетийн төлөөлөгч РИА Новости-д ярьжээ.

Анхны хэлэлцүүлэг дэлхийн хоёрдугаар дайны үеийн гарамгай тагнуулч, ЗХУ-ын Баатар Виктор Лягинд зориулагдсан байна. Хэлэлцүүлэгт гарамгай тагнуулчийн талаарх номыг бичсэн зохиолч Александр Бондаренко оролцжээ. Александр Бондаренко номондоо өмнө хаана ч хэвлэгдэж байгаагүй түүхэн баримтуудыг оруулснаа ярьсан байна. 

Виктор Лягин нь дэлхийн хоёрдугаар дайн эхлэхийн өмнөхөн АНУ-д технологийн тагнуулчаар ажиллаж байсан бөгөөд АНУ-ын аж үйлдвэрийнхэн Гитлерийн Герман бэхжихэд хэрхэн хувь нэмэр оруулсан талаарх чухал баримтуудыг Москвад дамжуулж байжээ. Дайн эхлэнгүүт фашистуудад эзлэгдсэн газарт ажиллах хүсэлт гаргаж, тэрбээр Николаев хотноо ажиллаж байжээ. Лягины толгойлсон бүлэглэлийн ачаар фашистууд Николаев хотод ганц хөлөг онгоц барих битгий хэл засварлаж ч чадаагүй ажээ. Мөн Лягины бүлэг Николаев хотод байсан Германы цэргийн онгоцны буудал, зэвсгийн хэд хэдэн агуулах дэлбэлж байжээ. 1943 онд Лягин германчуудад баригдаж, хүнд тамлалыг амссан ч нөхдөө барьж өгөлгүй байсаар буудуулсан юм. Түүний эр зоригийг үнэлэн 1944 онд ЗХУ-ын Баатар цолоор нэхэн шагнажээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж