Нийгэмд эзлэх байр суурь, боловсрол мэдлэгээр хэнээс дутахгүй бүсгүйчүүдийн төлөөллийг танилцуулж байна. Тэд дайчин, шаргуу, хүчирхэг, хөдөлмөрч бас Монголын мянга мянган ээжүүдийн төлөөлөл.
Аюушийн Ариунзаяа: Үндэсний Статистикийн Хорооны дарга
А.Ариунзаяа нь Монгол Улсын Ерөнхий сайд асан Жасрай гуйн зээ. Өмнө нь МАН-ын дэргэдэх Намын байгуулалт, стратеги төлөвлөлтийн газар, Эдийн засгийн хөгжлийн бодлогын газар мөн Нийгэм, эдийн засгийн бодлогын газрын даргаар ажиллаж байсан. Бас хувийн хэвшил буюу даатгалын салбарт найман жил ажилласан туршлагатай.
Орос, герман, англи хэлтэй тэрбээр ХБНГУ-ын Ханновэр их сургуульд улс төр, нийгэм, түүх судлалаар магистрын зэрэг хамгаалсан. Удирдлагын академид “Төрийн Захиргааны менежмент”-ын анги төгссөн, АНУ-ын Жорж Таун Их Сургуулийн дэргэдэх Олон Улсын Хуулийн Институтэд “Олон Улсын манлайлал, менежмент” болон “Олон Улсын хэлцэл, хэлэлцээрийн зохицуулалт” сэдвээр мэргэжил дээшлүүлжээ.
Лувсандашийн Нинжжамц: Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн ерөнхий захирал
Англи, орос хэлтэй тэрбээр ажлын гараагаа “Толь” сонины Ерөнхий редактораар эхлүүлжээ. Үүнээс хойш Монголын сонины холбооны гүйцэтгэх захирал, МҮОНРТ-ийн Тамгын газрын дарга, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны даргын зөвлөх, “Өглөөний сонин”-ы ерөнхий эрхлэгчээр тус, тус ажиллаж байжээ. Тэрбээр, МУИС-ийг төгссөн, философи, хуульч мэргэжилтэй.
Гочоосүрэнгийн Байгалмаа: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга
Г.Байгалмаа нь англи, орос, герман хэлтэй. Шинэчлэлийн Засгийн газрын Барилга хот байгуулалтын дэд сайд, УИХ-ын дарга З.Энхболдын зөвлөх, Ардчилсан эмэгтэйчүүдийн гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, МоАХ-ны Удирдах Зөвлөлийн гишүүн, АН-ын Үндэсний Зөвлөлдөх хорооны гишүүнээр ажиллаж байсан.
Хуульч, эрх зүйч мэргэжилтэй тэрбээр Ерөнхийлөгч Х.Баттулгын баруун гар гэгддэг. МоАХ фракци.
Хүрэлбаатарын Булгантуяа: Сангийн дэд сайд
Тэрбээр турк, хятад, англи хэлтэй. Авсрали Улсын Канберра хотын Лайнем дунд сургуулийн бүрэн дунд сургуульд суралцаж байгаад Монгол, Туркийн хамтарсан математикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийг төгсжээ.
МУИС-ийн Математик комьпютерийн сургуулийн Хэрэглээний математикийн ангид сурч байгаад БНХАУ-ын Дундад Хятадын Их сургуульд шилжин суралцаж, эдийн засгийн ухааны бакалаврын зэрэгтэй төгссөн юм. Үүний дараа АНУ-ын Ейлийн их сургууль (Yale University)-д олон улсын эдийн засаг, хөгжлийн эдийн засгийн магистрын хамгаалсан. Олон улсын эдийн засаг, хөгжлийн эдийн засагч мэргэжилтэй.
Зүүн Тимор, Палестин зэрэг хөгжиж буй орнуудад хэрэгжүүлж буй Дэлхийн банкны төслүүдэд төслийн зөвлөх, төслийн удирдагчаар ажлын гараагаа эхэлсэн. “Оюутолгой” ХК-ийн Инженерийн хэлтэст төслийн менежер, Бизнес, стратегийн хэлтэст бизнес стратегийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай. Ингээд 2012 оноос “Петровис” ХХК-д Бизнес хөгжлийн хэлтсийн дарга, Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн байжээ.