М.Анхцэцэг өнөөдөр эх орондоо ирнэ

Хуучирсан мэдээ: 2017.12.07-нд нийтлэгдсэн

М.Анхцэцэг өнөөдөр эх орондоо ирнэ

М.Анхцэцэг өнөөдөр эх орондоо ирнэ

Монголын хүндийн өргөлтийн холбоо өнгөрсөн онд түүхт 60 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. Олон олон зорилтуудыг өмнөө тавьсан тус холбооны баг тамирчид “Бид нэг баг” уриан доор тив, дэлхий, олимпийн тэмцээнд амжилтаа бататгасаар байна. Энэ жил тус холбооноос арванхоёрдугаар сарын 3-ны өдрийг холбооны баярын өдөр болгон тэмдэглэж байхаар болсон шийдвэр хэдхэн хоногийн өмнө гарсан юм. Учир нь АНУ-ын Калифорн мужийн Анахайм хотод хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн ДАШТ арваннэгдүгээр сарын 28-аас арванхоёрдугаар сарын 5-ны хооронд амжилттай зохион байгуулагдсан юм. Тус тэмцээнд 67 орны тамирчид өрсөлдсөнөөс Монгол Улс анх удаа медаль хүртсэн орны жагсаалтад багтсан. Эмэгтэйчүүдийн 75 кг-ын жинд өрсөлдсөн ОУХМ М.Анхцэцэг огцом өргөлтөөр 107 кг-ыг амжилттай өргөж, хүрэл медаль хүртсэн юм. Түүний энэхүү медаль Монголын хүндийн өргөлтийн спортын түүхэнд дэлхийн аваргаас авч буй анхны медаль юм.

Олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд олон жил эх орныхоо нэрийг гаргасан Гавьяат тамирчин Н.Баярмаагаар бид энэхүү спортыг төсөөлдөг. Өдгөө М.Анхцэцэгээс гадна Г.Ануужин, Э.Билэгсайхан нарын шилдэг тамирчид төрөн гарч ирснийг энэ удаагийн ДАШТ харууллаа. Мөн олон улсад эх орноо төлөөлөн оролцдог шүүгч Л.Одгэрэл Олон улсын хүндийн өргөлтийн холбооны эмэгтэйчүүдийн зөвлөлийн гишүүнээр сонгогдсон гээд тэд сайхан мэдээтэй ирж байна. 

Хүндийн өргөлтийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч М.Хосбаяраар удирдуулсан баг тамирчид өнөөдөр эх орондоо ирнэ. Тэд Улаанбаатарт 15.00 цагт буух юм байна.


АНАХАЙМ-2017 ДАШТ /2017.11.28-12.05/

М.АНХЦЭЦЭГ – 75 кг

Огцомоор 107 кг-ыг өргөж, хүрэл медаль хүртлээ. Энэ сарын 25-ны өдөр 20 нас хүрэх түүний хувьд хүндийн өргөлтийн спортод шинэ түүх бичлээ. 

М.АНУУЖИН – 63 кг: 

Огцом 87 кг, түлхэлт 106 кг, нийлбэрээр 193 кг-аар 19-р байр. Энэ жил 19 настай М.Ануужин анх удаа насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцлоо. 

Э.БИЛЭГСАЙХАН – 90 кг: 

Огцом 80 кг, түлхэлт 105 кг, нийлбэрээр 185 кг-аар 14-р байр. Түүний хувьд нурууны бэртлээс болж, залуучуудын Азийн аваргад үзүүлж байсан амжилтаа ахиулж чадаагүй байна. 

 

ОЛОН УЛСЫН ШҮҮГЧ Л.ОДГЭРЭЛ 

2017 оны ДАШТ-д шүүгчээр ажилласан Л.Одгэрэл Олон улсын хүндийн өргөлтийн холбооны эмэгтэйчүүдийн холбооны зөвлөлийн гишүүнээр сонгогджээ. Тэрбээр энэ онд олон тэмцээнд шүүгчээр ажилласан бөгөөд олон улсын хүндийн өргөлтийн холбооны ээлжит сонгуульт өрсөлдөн, зөвлөлийн гишүүн болсон байна. 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж