58 настай З.Нина ДАШТ-д оролцох эрхээ авчээ

Хуучирсан мэдээ: 2017.12.07-нд нийтлэгдсэн

58 настай З.Нина ДАШТ-д оролцох эрхээ авчээ

58 настай З.Нина ДАШТ-д оролцох эрхээ авчээ

Монголын хэт холын марафон гүйлтийн тамирчид өнгөрөгч сард БНХАУ-ын Фошан хотод олон улсын тэмцээнд амжилттай оролцсон талаар бид мэдээлсэн билээ. “Xiqiao Mountain International Ultra Marathon 2017” А зэрэглэлийн олон улсын тэмцээн учраас улс бүрээс шилдэг тамирчид оролцдог. Тус тэмцээнд манай улсаас дасгалжуулагч С.Өнөрбаярын удирдлагад П.Отгонбаатар, З.Нина, Ч.Наранцацрал, Ж.Батцоож нар оролцож өндөр амжилтыг үзүүлж, 24 цагийн гүйлтийн тэсвэр тэвчээрийг олон улсад харуулж чадсан юм. Ингээд тус тэмцээний шагналт VI байрыг эзэлсэн, 58 настай З.Нинатай ярилцлаа. Хан-Уул дүүргийн тамирчин З.Нина энэ удаагийн тэмцээнд залуучуудтай өрсөлдөж, ирэх 2018 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг авсан байна. 

-Юуны өмнө та манай уншигчдад тэмцээний талаарх мэдээллийг өгөхгүй юу?

-БНХАУ-ын Фошан хотноо арваннэгдүгээр сарын 4-5-ны өдрүүдэд хэт холын марафон буюу 24 цагийн олон улсын А зэрэглэлийн тэмцээн боллоо. Тус тэмцээнд  21 орны 600 гаруй шилдэг  3, 6, 12, 24 цагийн төрлүүдэд өрсөлдлөө. Манай улсаас дасгалжуулагч С.Өнөрбаярын удирдлагад дөрвөн тамирчин 24 цагийн төрөлд оролцож, бүгд амжилтаа ахиулж чадсан. Тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд Ж.Батцоож 191 км, 131 метр гүйж, гуравдугаар байр эзэлсэн. Энэхүү медаль бол Монголын хэт холын тамирчдаас олон улсад авч буй анхны медаль байсан. Мөн Ч.Наранцацрал 188 км 125 метр амжилтаар V, миний бие 177 км, 100 метр амжилтаар VI байр эзэлсэн. Мөн эрэгтэйчүүдийн ангилалд П.Отгонбаатар шагналт IV байр эзэлж, рекорд амжилтыг шинэчлэн тогтоосон.

-Таны хувьд залуучуудтай өрсөлдөн шагналт VI байр эзэлжээ. Олон улсын тэмцээнд оролцох эрхээ хэрхэн авсан бэ?

-“Xiqiao Mountain International Ultra Marathon 2017” тэмцээн А зэрэглэлийн тэмцээн учраас улс бүрээс шилдэгүүд очдог. Миний хувьд энэ жилийн хэт холын улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, олон улсын тэмцээнд оролцох эрхээ авсан. Тиймээс нэгэнт өөрийн зорьсон зорилгодоо хүрсэн учраас бэлтгэлээ маш сайн хийсний үр дүнд олон улсад эх орныхоо нэрийг гаргаж чадлаа. “А” ангилал учраас насны хязгаар заадаггүй. Тиймээс би өөрийн үеийн төдийгүй залуучуудтай өрсөлдлөө. Мэдээж өмнөх амжилтаа ахиулж, эхний байруудад орно гэдэг амаргүй байсан. Дэлхийн хэт холын гүйлтээр алдаршсан Их Британи, Чехийн тамирчдын араас манай залуу гүйгч Ж.Батцоож орсон бол түүний араас Ч.Наранцацрал, бид хоёр дараалсан байгаа. Бид бүхэн үнэхээр сэтгэл хангалуун байгаа. Энэ бол манай багш С.Өнөрбаярын ач юмаа. Багш маань өнгөрөгч есдүгээр сараас эхлэн системтэй бэлтгэсэний хүчинд ийм амжилтыг үзүүлж чадлаа.

-Та бүхэн ирэх онд болох ДАШТ-д оролцох эрхээ авсан гэж байсан?

-Тиймээ. Хэт холын ДАШТ-д оролцохын тулд 160 км гүйсэн байх ёстой. Бид бүгд энэхүү эрхийг биелүүлж, дөрвүүлээ ДАШТ-д явах болсон. Одоогоор ирэх жилийн хуваарь гараагүй байгаа. Ямар ч байсан бид анх удаа эх орноо төлөөлөн хэт холын ДАШТ-д оролцохоор болсон.

-Гүйлтийн тамирчдын хувьд өвөл бэлтгэл хийхэд хүндрэлтэй байдаг талаар олон тамирчид ярьдаг. Та нар бэлтгэлээ хэрхэн хангаж байна вэ?

-Бид олон улсын “А” зэрэглэлийн тэмцээнд амжилттай оролцож, багаараа ДАШТ-д оролцох эрхээ авсан. Хэдийгээр манайд цаг өвлийн цагт бэлтгэл хийх нөхцөл боломж нь таатай биш байдаг ч бид бэлтгэлээ хийсээр байгаа. Одоо өдөрт хоёр удаа бэлтгэлтэй байгаа. С.Өнөрбаяр багш нарийн төлөвлөгөө гаргасан учраас бэлтгэлээ идэвхтэй хийж байна.

-Таны хувьд яагаад хэт холын марафоны төрөлд оролцох болов?

-Би санхүүгийн мэргэжилтэй бөгөөд 2015 онд тэтгэвэртээ гарсан. Өөрийн сонирхлоор цанын спортоор олон жил хичээллэсэн. 30-аад жил спортоор хичээллэж байна. 2014 оноос эхлэн хэт холын марафоны төрөлд оролцож эхэлсэн. 2016 онд хэт холын марафоны дэд мастер, 2017 онд улсын аварга болж, Олон улсын хэмжээний мастер цолыг авсан. Энэ онд улсын аваргад түрүүлсэн учраас олон улсын А зэрэглэлийн тэмцээнд оролцох болсон. Хэт холын марафон хүнээс их тэсвэр тэвчээрийг гаргадаг. Тиймээс шантралгүй зүтгэсэний хүчинд амжилтанд хүрч чадлаа. Мөн намайг хамгийн их дэмжиж байдаг хүн бол багш С.Өнөрбаяр юм. Багш маань 15 жил хөнгөн атлетикийн тамирчин байсан учраас энэ спортод зүрх сэтгэлээ өгсөн. Бид тэмцээний өмнө тусгай бэлтгэлтэй байсан. Одоо ч графикийн дагуу бэлтгэлээ хийж байгаа. Зөвхөн багш, дасгалжуулагчаас гадна бидний багийн ард олон хүн ажиллаж байдаг. Бүгдэд нь баярлалаа гэж хэлье. Спорт хүнийг хөгшин гэж голдоггүй. Хэдийгээр би тэтгэвэртээ гарсан ч гэлээ спортын салбартаа зүтгэсээр байна. Тэр дундаа сүүлийн хэдэн жил хэт холын марафоныг сонирхож, амжилтаа ахиулж чадлаа. 


“Xiqiao Mountain International Ultra Marathon 2017” А зэрэглэлийн олон улсын тэмцээн /2017.11.4-5, БНХАУ- Фошан/

24 цаг: /эмэгтэй ангилал/

  • ОУХМ Ж.Батцоож /”Аварга” БТДС/ 191 км, 131 м, ХҮРЭЛ МЕДАЛЬ. Монголын хэт холын тамирчдаас олон улсын тэмцээнээс авсан анхны медаль. //
  • ОУХМ Ч.Наранцацрал /Булган аймаг/ 188 км 125 метр амжилтаар V
  • ОУХМ З.Нина /Хан-Уул дүүрэг/ 177 км, 100 метр амжилтаар VI байр эзэлсэн.

24 цаг: /эрэгтэй ангилал/

  • ОУХМ П.Отгонбаатар – 223 км 435 м, шагналт IV байр тус тус эзэлж, 2018 оны ДАШТ-д оролцох эрхийг аваад байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж