БНСУ-д хууль бусаар ажиллаж, амьдарч буй гадаадын иргэдийг албадан гаргах үйл ажиллагаа Сөүл болон бусад хотуудад явагдсаар байна. Хамгийн сүүлийн мэдээллээр Инчон хотоос хууль бусаар ажиллаж байсан зургаан улсын 71 иргэнийг саатуулжээ. Сөүлийн эрх баригчид хууль бусаар ажиллаж буй иргэдийг цөөлөх талаар олон арга хэмжээг авч байгаа юм. Энэхүү үйл ажиллагаанд иргэдийн оролцоог ч дайчилж байгаа аж.
Жил бүр тус улсад манай улсаас гэрээт ажилчид явдаг. Энэ жил 850 иргэн гэрээтээр ажиллахаар тус улсыг зорьжээ. Тэгвэл БНСУ- Монгол Улсын хооронд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоонд /EPS/ багагүй өөрчлөлт оржээ. Гадаадын ажиллах хүчийг сонгон шалгаруулах аргачлал өөрчлөгдөж буй тухай мэдээллийг БНСУ-ын Аж үйлдвэр, хүний нөөцийн хэрэг эрхлэх газрын Монгол дахь төлөөлөгчийн газраас мэдэгдлээ. Өмнө нь Хөдөлмөр, эрхлэлтийн үйлчилгээний төвөөс зарласан солонгос хэлний шалгалтанд ороод тэнцсэн иргэд ур чадварын шалгалтыг сайн дураараа өгдөг байжээ. Тэгвэл ирэх жилээс эхлэн ур чадварын шалгалтыг заавал өгөхөөр болсон байна. Мөн нэг жилээс дээш хугацаагаар аж үйлдвэрийн салбарт ажилласан туршлагатай, улсын чанартай мэргэжлийн сертификат авсан болон техникийн чиглэлээр коллежид суралцсан иргэнд нэмэлт 1-3 оноог өгөхөөр болжээ. Өөрөөр хэлбэл ирэх жил болох солонгос хэлний шалгалтанд ороод тэнцсэн тохиолдолд ур чадварын шалгалтыг өгөхөөс гадна дээрх ажил чадварын нэмэлт үнэлгээг харгалзахаар болсон байна.
Энэ жил солонгос хэлний шалгалтанд нийт 8429 иргэн бүртгүүлснээс 5933 нь шалгалт өгч 1635 иргэн тэнцсэн гэсэн үнэлгээг авчээ. Одоогоор эдгээр тэнцсэн иргэдээс 850 нь БНСУ-д үйлдвэрт гэрээгээр ажиллахаар яваад байна.
Өнгөрсөн онд солонгос хэлний шалгалтанд 15 926 иргэн бүртгүүлснээс 12495 иргэн нь шалгалтанд орж, тэднээс 1186 нь тэнцсэн гэсэн үнэлгээг авчээ. Тэгвэл энэ жилээс шалгалтанд орох иргэдийг тоо тавин хувиар багассан дүнг БНСУ-ын Аж үйлдвэр, хүний нөөцийн хэрэг эрхлэх газрын Монгол дахь төлөөлөгчийн газраас мэдээлсэн байна. Жил бүр өгдөг солонгос хэлний шалгалтын товыг дээрх төвөөс гадна Хөдөлмөр, эрхлэлтийн үйлчилгээний төвөөс зарласан. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг http://www.monkor.net/index.php сайтаас хүлээн аваарай.
Ч.БОЛОР