Эх хэлнийхээ илэрхий эмгэгийг эдгээе!

Хуучирсан мэдээ: 2017.12.07-нд нийтлэгдсэн

Эх хэлнийхээ илэрхий эмгэгийг эдгээе!

Эх хэлнийхээ илэрхий эмгэгийг эдгээе!

Ажилруугаа яаран явж байтал замд үеийн нэгэн нөхөртэй таарч “Сайн байна уу?” гэхэднь “Сайн, ажил сайн уу?” гээд өнгөртөл араас дуудаж байна аа. “Хүнтэй зөв сайхан мэндэлж сур! Монгол хүн “Сайн байна уу?” гэхэд хариуд нь “Сайн, Сайн байна уу? Ажил төрөл тавлаг уу?” гээд хариуг нь хүлээж сонсох ёстой. Монгол хүн монгол хэлээ хайрлаж хамгаалах ёстой!” гэж муухай харлаа. “Өө, уучлаарай, “унтцан” байна, хоцрох гээд яараад…” гэвэл “унтцан” гэхгүй “унтчихсан байна” гэж бичдэгээрээ бүрэн бүтэн хэл! Хэлэнд хүртэл анархизм байдаг юм. Замбараагаа алдаад байна шүү!” гэж загналаа. Үеийн нөхөртөө өөриймсөж хэдэн үг хэлэх гэсэн ч өдийд явдаг автобуснаасаа хоцорчих гээд байхаар нь өөрийн эрхгүй хариуг нь хүлээлгүй хаяад чавхадлаа.

“Сайн байна уу?” гэхэд нь “Сайн, сайн байна уу?” гэж хариулж, асуугаад, “Сайн. Ажил төрөл тавлаг уу?” гэж лавлахад нь “Ажил тавлаг сайн, чиний ажил сайн уу?” гэж дахин асуух байжээ. “Миний ажил сайн.” гэсэн асуултынхаа  хариуг  хүлээлгүй год үсэрч гүйсэн эхний гэм. “Унтчихсан” гэж бичдэг шигээ хэлэлгүй “унтцан” хэмээн залхуурсан хоёр дахь гэмээ учирлан тайлбарлаж, цагаатгал өршөөл нэхэлгүй, өөрийгөө өмөөрч, өчил мэдүүлье гэж бодлоо.

Үеийн андтай адил бодолтой хүмүүс “Одооны хүүхдүүд Сайн байна уу?” гэж аажуу сайхан мэндлэхгүй, салхинд туугдсан юм шиг товчилж ярьдаг хачин шүү!” гээд аашлаад байдаг. Үүний учир нь байнга хэмнэх хэлний үндсэн зарчмыг нийгэм, цаг үеэ дагах нийтийн шаардлагатай нийцүүлж урд ардаас нь хасаж, товчилсон хэрэг юм. Монголчууд залхуудаа л ингээд байна уу гэвэл бас үгүй. Англичууд “Бурхан чамтай байг!” буюу “God be with you!” гэсэн 12 үсэгтэй 4 үгээ товчилсоор 7 үсэг, 2 үгтэй “Гүүд баая(Good bye)” болгосныг бодоод үзээрэй дээ.

“Унтчихсан” гэлгүй унтцан гэдэг нь ч учиртай. Аанай англи хэлтнүүд “convention” мэтийн “tion” гэсэн нөхцөлүүдээ “-шн” болгож хэмнээд байхад монголчууд “унтчихсан, олчихсон, хэлчихсэн”-ий “-чихс-”-ыг яахаараа “ц” болгож хэмнэж болдоггүй билээ. Англи, монгол хэлтнүүд залхуудаа биш хэл нь хэзээнээс л ингэж хэмнэж ирсэнд л байгаа юм. Дурандаа “Ц” болчхоогүй, хэлний хуулиа барьсан юм шүү…

“Егөөтэй 99 тайлбар” номын “Ажлаасаа хоцорсны арыг та даах уу?” өгүүллийн хэсгээс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж