Японы эзэн хаан Акихото бол орчин үед уян хатан, аядуу бодлогоор олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хаант засаглалын сүүлчийн төлөөлөл юм. Акихитог хаан ширээ залгамжилсан цагаас Японы гадаад бодлогын Хятад болон Азийн орнуудтай харилцах харилцаанд аядуу уур амьсгал зонхилох болсон юм. Азийн төдийгүй бусад орны удирдагчид язгууртнуудын дунд тийм ч түгээмэл биш Акихитогийн даруу төлөвийг гайхан биширдэг байжээ.
2011 онд Японд асар их хөнөөлтэй цунами болж, гамшиг, сүйрэл дагуулахад Акихито ард иргэддээ дахин хөл дээрээ босох итгэл найдвар төрүүлэх үг хэлсэн юм. Акихито япончуудын хүндлэл бишрэлийг төрүүлсэн эзэн хаан төдийгүй нэртэй эрдэмтэн ажээ. Молекулын биологийн талаарх олон судалгаа нь шинжлэх ухааны сэтгүүлүүдэд хэвлэгдэж байв.
Эзэн хааны бага нас
Акихито 1933 оны арванхоёрдугаар сарын 23-нд Японы эзэн хаан Хирохито болон гүнж Нагако нарын гэр бүлд төрсөн юм. Түүнийг багад нь хунтайж Цугу хэмээн дууддаг байсан боловч хожим нэрийг нь өөрчилсөн ажээ. Акихито эзэн хааны гэр бүлийн ууган хүү байжээ. Тэр багадаа гэрээр хичээл заалгадаг байсан ч удалгүй Японы язгууртнуудын хүүхдүүдийн сурдаг сургуульд элсэн орж, 12 жил суралцав. Энэ хугацаанд ирээдүйн эзэн хаан англи хэл сурахаар гадаадад түр суралцсан гэдэг. 1952 онд Акихито Гакушуин их сургуульд зэрэг хамгаалахаар буцаж очсон гэдэг. Гэхдээ их сургуулиа дүүргэж чадаагүй. Тэр бол Токио хот дахь эзэн хааны ордонд Акихитог угсаа залгамжлах хунтайжаар зарласан жил байв.
Эзэн хааны карьер
Акихито Японы угсаа залгамжлах хунтайж болсноосоо хойш нэг жилийн дараа 1953 онд Их Британийн цог жавхлант хатан хаан II Элизаветын хаан ширээг залгамжлах ёслолд улсаа төлөөлөн оролцжээ. Тэрхүү аяллынхаа үеэр Акихито АНУ болон Европын хэд хэдэн орноор зочилсон гэдэг.
1989 онд Японы эзэн хаан Хирохитог нас эцэслэсний дараа Акихито хаан ширээг залгамжилсан билээ. Акихито хаан ширээнд залрахдаа Японы эзэн хааны удмын 125 дахь залгамжлагч болсон гэдэг. Эзэн хаан Хирохитог нас эцэслэснээс гурван сарын дараа Акихито Японы өдүүлсэн дайны төлөө Азийн улс орнуудын ард түмнээс уучлал гуйсан юм. Акихитогийн уучлалыг хүлээж авсан эхний улс нь Хятад байв.
Томоохон судалгаанууд
Эзэн хааны үүрэгт олон ажлын зэрэгцээ Акихито далай тэнгисийн биологийг ихэд сонирхон судалж байв. Түүний судалгааны томоохон ажлууд Японы төдийгүй олон улсын нэр хүндтэй шинжлэх ухааны сэтгүүлүүдэд нийтлэгдсэн юм.
Гэр бүл
Акихито 1959 онд гурил тээрмийн компанийн эзний охин Мичико Шодатай гэрлэж, Нарухито, Фумихито нэртэй хоёр хүү, Саяако Курода нэртэй охинтой болсон билээ.
Японы эзэн хааны гэр бүлд олон зээ төрж, бүл нэмсэн боловч 2006 онд ач хүү төрөхөд ард түмэн эзэн хаанаас дутуугүй баярласан гэдэг. Энэхүү баяр хөөрийг хааны гэр бүлд 41 жилийн дараа төрсөн ач хүү Хисахито авчирсан юм.
2011 оноос эзэн хаан Акихито эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлэгт хэвтэхэд япончуудын сэтгэл түгшсэн. Дараа жил нь эзэн хаан зүрхний мэс засал хийлгэсэн билээ.
Хуучин ёсыг халагч
Акихито жирийн ардын охинтой гэр бүл болсон Японы эзэн хааны удмын анхны хүн болсон юм. Эзэн хаан болсноосоо хойш тэрбээр Японд олон зуун жил дагаж мөрдөж ирсэн олон хуучин ёсыг халсан байдаг.
Өдгөө 83 настай эзэн хаан нас дээр гарч, төрийн хэргийг цаашид явуулах чадалгүй болсноос хаан ширээнээс буух хүсэлтээ наймдугаар сард мэдэгдсэн юм. Японы ерөнхий сайд Шинзо Абэгийн тэргүүлдэг хааны ордны зөвлөл саяхан хуралдаж, Акихитог 2019 оны дөрөвдүгээр сарын 30-нд хаан ширээнээс буулгаж, 2019 оны тавдугаар сарын 1-нд түүний хүү болох угсаа залгамжлах хунтайж Нарүхитод хаан ширээг шилжүүлэн өгөх шийдвэрийг гаргасан билээ.
Энэ бол олон зуун жилийн түүхтэй хаант ёсыг хадгалж ирсэн Япон улсад эзэн хаан өөрийн хүсэлтээр хаан ширээнээсээ буусан анхны тохиолдол болж байгаа юм. Японы эзэн хаан ширээнээсээ буусан ч тэрбээр япончуудын хувьд эрхэм дээдэс хэвээрээ үлдэх ажээ.
Холбоотой мэдээ