"Энэ бүхэн АНУ-ын явуулга"

Хуучирсан мэдээ: 2017.12.07-нд нийтлэгдсэн

"Энэ бүхэн АНУ-ын явуулга"

"Энэ бүхэн АНУ-ын явуулга"

Владимир Путин лхагва гаригт /2017.12.06/ ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ зарлаж, дөрөв дэх удаагаа сонгогдон, 2024 он хүртэл Кремльд эзэн суухаар төлөвлөж буй нь тодорхой болов. Гэвч түүний энэ мэдэгдэлд хэн ч гайхсангүй. 2000 онд ерөнхийлөгчөөр сонгогдсон цагаасаа хойш ОХУ-д төдийгүй олон улсын тавцанд нэр нөлөөгөө бэхжүүлж чадсан Путин өмнөх сонгуулиудад баталгаатай ялалт байгуулж байв. Есдүгээр сард Левада центрээс явуулсан санал асуулгаар түүний рейтинг 83 хувьтай гарсан.

ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгууль ирэх оны гуравдугаар сарын 18-нд, Крымийг ОХУ-д нэгтгэсний ойн өдөр болно. Энэ үйл явдал ОХУ-д Путины нэр хүндийг асар их өргөсөн юм.

Путин лхагва гаригт Нижний Новогород хотод Горькийн нэрэмжит ГАЗ автомашины үйлдвэрийн 85 жилийн ойн арга хэмжээнд оролцохдоо ‘Би ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлнэ” хэмээн мэдэгдсэн. Ийм мэдэгдлийг хийхэд үүнээс тохиромжтой цаг, газар гэж юу байх билээ.

Путиныг лхагва гаригт Москва хот дахь сайн дурын үйл ажиллагаанд оролцох үеэр нэгэн сэтгүүлч түүнээс сонгуульд нэрээ дэвшүүлэх үү хэмээн асуужээ. Хүмүүс алга таших үед Путин “Би шийдвэрээ удахгүй гаргана. Тэр үед та бүхэнд мэдэгдэх болно. Гэхдээ би таны асуултыг бодолцож үзнэ ээ” хэмээн хариулсан байна.

Олон улсын олимпын хороо ОХУ-ын тамирчдыг допингийн асуудлаас болж  БНСУ-д болох өвлийн олимпын наадамд оролцохыг хориглосон шийдвэр гаргаад удаагүй байхад Путин сонгуульд өрсөлдөхөө мэдэгдсэн юм.

Путин олон улсын олимпийн хорооны шийдвэрийг ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцох гэсэн АНУ-ын явуулга гэжээ.

ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Путинтай өрсөлдөх хүчтэй өрсөлдөгч олон байхгүй. Коммунист намын дарга Геннадий Зюганов сонгуульд нэрээ дэвшүүлэх эсэх нь тодорхойгүй. Либерал демократ намын дарга Владимир Жириновский хэд хэдэн сонгуульд нэрээ дэвшүүлсэн боловч ялагдал хүлээсэн.

Сөрөг хүчний лидер Алексей Навальнийг улсын өмч шамшигдуулсан хэргээр сонгуульд өрсөлдөхийг нь хориглосон юм. Сөрөг хүчний дэмжигчид үүнийг улс төрийн зорилготой гэдэгт итгэлтэй байна.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээс хамгийн сонирхол татаж буй шинэ хүн бол реалити шоуны од, сэтгүүлч Ксения Собчак юм. Зарим хүмүүс түүнийг сөрөг хүчний саналыг хуваах зорилгоор сонгуульд өрсөлдөж буй гэжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж