АНУ-ын өмнөд Калифорнид гарсан гал түймэр Калифорнийн их сургуулийн ойролцоох Бэл Эйр толгодод хүрч, “21st Century Fox’ компанийн эзэн, хэвлэлийн магнат Руперт Мурдокийн эзэмшлийн 30 сая ам.долларын усан үзмийн талбай ихээхэн сүйдсэн гэнэ.
Лхагва гаригийн орой /2017.12.06/ хүчтэй салхины улмаас улам хүчээ авсан гал түймэр байшин барилга, үл хөдлөх хөрөнгийг сүйтгэсэн тул оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж байна. Гал түймрийн улмаас Сан Диего 405-р хурдны замыг хоёр урсгалыг хаахад хүрчээ.
Санта Ана салхины улмаас даваа гаригт /2017.12.04/ дэгдсэн гал түймэр хэд хэдэн газар хяналтаас гарсан нь Малхолланд болон Сансэт Бульевард зэрэг өмнөдийн үзэсгэлэнт байгальтай газрууд юм байна.
Лос Анжелес хотоос хойд зүгт 80 км-ийн зайд Вентурад 150 байшин барилга түймэрдээд буй томоохон галыг унтраахаар 1000 шахам гал сөнөөгчид ажиллаж байгаа гэнэ.
Калифорни мужийн захирагч Жерри Браун мягмар гаригт /2017.12.05/ онц байдал зарлаж, гал сөнөөгчдөд мужийн сангаас тал бүрээр дэмжлэг үзүүлэхийг үүрэг болгожээ.
Гал түймрийн учруулсан хохирлын хэмжээг тогтоогоогүй байгаа боловч гал түймрийн замаас оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх өргөн цар хүрээтэй ажиллагаа өрнөж байна. Гал түймрийн аюулын улмаас олон арван сургууль цэцэрлэгийг хааж, цахилгааныг тасалснаас 250,000 гаруй оршин суугч гэрэл цахилгаангүй байгаа гэнэ.