Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, хувьдаа мөнгө завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр Стандартчилал хэмжил зүйн газар /СХЗГ/-ын дарга Г.Гантөмөрийг хоёр албан тушаалтных нь хамтаар шалгаж эхэлжээ.
Г.Гантөмөр даргыг төсвийн болон олон улсын төслийн мөнгөөр стандарттай холбоотой хоёр төрлийн ном хэвлүүлдэг. Түүнийгээ албан байгууллагуудад 200 мянган төгрөгөөр хүчээр шахаж хувьдаа ашиг олдог тухай гомдол АТГ-т өнгөрсөн арваннэгдүгээр сарын 22-ны өдөр ирсэн байна.
Монгол Улсын стандартын тухай “Чанарын Менежементийн Тогтолцоо-Шаардлага“, “Менежементийн Тогтолцоонд Аудит Явуулах Заавар” гэсэн дээрх хоёр номыг 2016 нийт 300 ширхгийг хэвлэжээ. Хэвлэлтийн зардлаа Европын холбооноос СХЗГ-т хэрэгжүүлж байсан төслөөс гаргуулсныг эх сурвалж мэдээлэв. Ингээд гадны хөрөнгө оруулалтаас мөнгө гаргуулж хэвлүүлсэн хоёр номоо итгэмжлэгдэхээр хөөцөлдөн яваа төрийн болон хувийн аж ахуйн нэгж, байгууллагуудад 200 мянган төгрөгөөр хүчээр борлуулдаг гэнэ. Гэхдээ энэхүү номоо зарж олсон мөнгө нь СХЗГ-ын төсөвт биш хэдхэн тооны удирдлагын халаасанд ордог тухай эх сурвалж хэлэв. Одоо ч энэхүү ‘шахааны’ гэх бизнес зогсоогүй, үргэлжилж буй аж. Тиймээс АТГ СХЗГ-т ажилладаг иргэнээс ирсэн гомдлын дагуу Г.Гантөмөр болоод нэр нь холбогдсон хоёр ч газрын даргыг шалгаж эхэлсэн байна.
Мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс СХЗГ-ын дарга Г.Гантөмөрийн байр суурийг хүргэж байна. Тэрбээр дээрх мэдээллийг СХЗГ-ын дарга Г.Гантөмөр гүтгэлэг гэж тайлбарлаад “Зарим нэгэн хүн ажлын хариуцлага алдсан. Тэр хариуцлага алдсан хүнийг төрийн албаны хуулийн дагуу ёс зүйн хороогоор хэлэлцүүлээд, хариуцлага алдлаа гээд ажлаас нь чөлөөлсөн юм. Гэтэл ийм үндэслэлгүй гомдол гаргаад байна. Тэрийг хууль хяналтын байгууллагад өгөөд шалгуулж байгаа. СХЗГ-ын үйл ажиллагаа төрийн албаныхаа хуулийн дагуу явдаг” гэсэн юм.
Түүний хэлснээр, төрийн болон хувийн хэвшлүүд итгэмжлэгдэх буюу стандартын тохирлыг гэрчилгээ авбал олон давуу талтай аж. Өөрөөр хэлбэл, тухайн байгууллагын чадавх, тэдэнд итгэх итгэл нэмэгддэг гэнэ. Мөн өөрийн бизнесийг дэмжиж стандартын гэрчилгээтэй болсноор гадаад худалдаа хийхэд илүү давуу тал болдог ажээ.
Аж ахуйн нэгж, компаниуд менежментийн ISO 9000 стандартыг хэрэгжүүлсэн байх юм бол үнэхээр чанарын удирдлагыг өндөр түвшинд хийсэн хяналт сайтай байгууллага гэж олон улсад үнэлэгддэг байна. Дэлхийн хэмжээнд 6200 гаруй стандарт бийг СХЗГ-ын дарга Г.Гантөмөр хэллээ. Монгол Улсын онцлог нь эхлээд хүнс дараа нь барилга, хөнгөн үйлдвэр гээд бусад үйлчилгээ нь заавал стандарттай байхыг шаарддаг гэв. Энэ шаардлагын дагуу салбар тус бүрээр иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд өөрсдийн үйл ажиллагааны хүрээнд стандарт авдаг болжээ.