2017 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр тогтоолоор хүчингүй болсон Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн заалтыг агуулгаар нь дахин сэргээсэн эсэх маргааныг Үндсэн хуулийн цэц Их суудлын хуралдаанаар хяналтын журмаар хянан шийдвэрлэлээ.
Энэхүү хуралдаанаар Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр баталсан Иргэний хуульд нэмэлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлээр Иргэний хуулийн 170 дугаар зүйлд “170.6.Өмчлөгч нь ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхээ гуравдагч этгээдэд шилжүүлэх хэлцэл хийх бол үүрэг гүйцэтгүүлэгчээс зөвшөөрөл авах үүрэгтэй.” гэсэн хэсэг нэмсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр тогтоолоор хүчингүй болсон Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2 дахь хэсгийг “Ипотекийн зүйлийг өмчлөгчийн гуравдагч этгээдтэй байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрлөөс хамаарна.” гэсэн заалтыг; мөн өдөр баталсан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлээр Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийг “Барьцаалуулагч үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхдээ барьцаалагчийн зөвшөөрөл авна.” гэж өөрчлөн найруулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр тогтоолоор хүчингүй болсон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийн “… гагцхүү барьцаалагчийн зөвшөөрөлтэйгөөр …” гэсэн заалтыг тус тус агуулгаар нь дахин сэргээсэн гэж үзэж, 01 дүгээр тогтоолоор дээрх хуулиудын холбогдох заалтыг хүчингүй болгов.
Эх сурвалж: Монгол Улсын Үндсэн хуулийн цэц