АНУ Иерусалимыг Израилийн нийслэл гэж зарлалаа

Хуучирсан мэдээ: 2017.12.07-нд нийтлэгдсэн

АНУ Иерусалимыг Израилийн нийслэл гэж зарлалаа

АНУ Иерусалимыг Израилийн нийслэл гэж зарлалаа

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп тус улс Иерусалимыг Израилийн нийслэл гэж үзэж буйг зарлаж, гадаад бодлогын үзэл баримтлалыг өөрчиллөө.

Трамп энэ шийдвэрээ Ойрхи Дорнодод энх тайван тогтоох үйл явцад удаан хүлээсэн “зайлшгүй алхам” хэмээн тодорхойлсон байна. Эртний түүхт, олон шашны төв болсон Иерусалим хотын хувь заяа бол Израиль, Палестины хоорондох зөрчил, сөргөлдөөний хамгийн эмзэг хэсэг билээ. Израиль Трампын дээрх шийдвэрийг түүхэн ач холбогдолтой алхам хийлээ хэмээн мэдэгдсэн бол олон улс эсэргүүцэн, хурцаар шүүмжилж байгаа юм.

Палестины удирдагч Махмуд Аббас Трампыг харалган шийдвэр гаргасанд туйлын харамсаж, “АНУ цаашид энхийн хэлэлцээнд зуучлагч байх эрхгүй” хэмээн мэдэгджээ.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн 15 орны найм нь энэ долоо хоногт АНУ-ын дээрх шийдвэрт хариу өгөх асуудлаар яаралтай хуралдаан зарлахыг уриалсан юм.

Иерусалимыг Израилийн нийслэл гэж үзсэнээр АНУ олон улсын байр суурийн эсрэг зогсож байгаа юм.

1993 оны Израиль-Палестины энхийн хэлэлцээнд зааснаар Иерусалим хотын статусыг хэлэлцээний дараагийн шатанд авч үзэхээр нээлттэй орхисон билээ.

1967 онд Израиль зүүн Иерусалимыг эзэлснээс хойш өөрийн нийслэл хэмээх болсныг олон улс огт хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд одоог хүртэл Иерусалимд нэг ч улс элчин сайдын яамаа байгуулаагүй байгаа юм.

Иерусалим хот бол Иудей, Ислам, Христийн шашинтнуудын сүсэг бишрэлийн хамгийн ариун гэгддэг билээ.

Цагаан ордонд хийсэн мэдэгдэлдээ АНУ-ын ерөнхийлөгч Трамп элчин сайдын яамаа Тель-Авив хотоос Иерусалим руу шилжүүлэхийг төрийн департаментад үүрэг болгосон гэжээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж