Сүүлийн өдрүүдэд Хятад, Монгол хоёр орны өндөр түвшний айлчлал тогтмолжиж байна. Тухайлбал, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин БНХАУ-д болсон Дэлхийн интернет сүлжээний IV их хуралд оролцож, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн, намын Төв хорооны Нарийн бичгийн дарга нарийн газрын Нарийн бичгийн дарга Ван Хунинтай уулзсан. Түүнчлэн БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Игийн урилгаар Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-д албан ёсны айлчлал хийлээ. Мөн МАН, АН, ИЗНН, МҮАН-ын удирдлага БНХАУ-д зохион байгуулсан ХКН-ын болон дэлхийн улс төрийн намуудын өндөр түвшний уулзалтад оролцлоо. Эдгээр өндөр түвшний айлчлал нь хоёр улсын харилцааны шинэ оргил үеийг эхлүүлж, тэр дундаа Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-д хийсэн айлчлал амжилттай, үр дүнтэй болсонд миний бие халуун баяр хүргэж байна.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын энэ удаагийн БНХАУ-д хийсэн айлчлал нь ХКН-ын 19-р Их хурал, МАН-ын 28-р Их хурал мөн Монгол Улсын шинэ Засгийн бүрэлдсэнээс хойш хоёр улсын хооронд болсон эхний өндөр түвшний уулзалт боллоо. Түүнчлэн энэхүү айлчлал нь харилцан итгэлцэл, нөхөрлөл, хамтын ажиллагааны аялал болсон бөгөөд Хятад, Монголын харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд өндөр ач холбогдолтой юм. ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн Яан Жечы, Гадаад хэргийн сайд Ван И нар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай уулзалт хийж, хоёр улсын харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх, хоёр талын бүх салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар гүн гүнзгий санал бодлоо солилцож, олон чухал тохиролцоонд хүрлээ.Энэ удаагийн айлчлалын үеэр хоёр улсын Гадаад харилцааны сайд хамтарсан хэвлэлийн мэдээ гаргасныг Монголын анд нөхөд хэдийн анхааралдаа авсан билээ.
Энэ бол Хятад Улсын гадаад харилцаанд цөөн тохиох үйл явдал юм. Уг хэвлэлийн мэдээ нь Хятадын тал Монгол Улс болоод Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын энэ удаагийн айлчлалд өндөр ач холбогдол өгч буйг бүрэн илэрхийлэхээс гадна Хятадын талын баримталж буй элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй үзэл баримтлал нь чин сэтгэлийнх болохыг мөн бүрэн илтгэж байна.
Энэ удаагийн айлчлалаар Хятад, Монгол хоёр тал харилцан язгуур эрх ашигтай холбоотой, чухалчлан анхаардаг асуудлыг хүндэтгэн үзэхэд хичээн ажиллахыг нотолсон мэдэгдэл гаргалаа. Талууд найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь өөрсдийн гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болохыг нотлов. Найрсаг харилцаатай хөрш орнуудын хувьд талууд Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бүхий л салбарт урагшлуулан хөгжүүлэхэд хүч чармайлт гаргана. Монголын тал бодлогын залгамж чанараа хадгалан, “Нэг Хятад”-ын бодлогыг тууштай баримталж, Түвд, Шинжаан, Тайвань зэрэг Хятадын талын язгуур эрх ашигтай холбоотой, чухалчлан анхаардаг асуудлыг бодитойгоор хүндэтгэж, Монгол, Хятадын харилцааны улс төрийн үндэс суурийг хамгаалахаа нотлов. Хятадын тал Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдал, Монголын ард түмний өөрийн онцлогийн дагуу сонгосон хөгжлийн замыг хүндэтгэдгээ нотлов. Эдгээр нь талууд Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны үүднээс харж, улс төрийн харилцан итгэлцлийн асуудлыг сайтар шийдвэрлэж чадвал хоёр улсын харилцааны үндэс суурийг бэхжүүлж, хоёр улсын худалдаа, эдийн засгийн бодит хамтын ажиллагаанд илүү олон, таатай орчинг амжилттай бий болгож өгч чадна гэдгийн харуулж байна. Талууд харилцан бие биедээ итгэж, харилцан сэтгэл тайван байж, хамтран ажиллаж чадвал л цаашдын хамтын ажиллагаа улам хурдан, улам амжилттай болж чадна.
Энэхүү айлчлалаар Хятад Монгол хоёр тал цаашдын нэгэн үеийн хоёр улсын дээд, өндөр түвшний харилцан айлчлал, солилцоо болон бодит хамтын ажиллагааны чиглэлийг төлөвлөв. Талууд бүх түвшний харилцан айлчлал, солилцоог нэмэгдүүлж, ирэх онд дээд, өндөр түвшний айлчлал, уулзалтын давтамжийг хадгалж, бүхий л чиглэлийн механизмын уулзалтуудыг үргэлжлүүлэн зохион байгуулахаа илэрхийлэв. Эдийн засгийн хувьд, талууд хоёр улсын хөгжлийн стратегийг уялдуулах, хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны чөлөөт бүс байгуулах асуудалд түлхэц өгч, Хятад, Монголын чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хамтарсан судалгааг эхлүүлэх, гэр хорооллын дахин төлөвлөлт, хөдөө аж ахуй, ашигт малтмалын олборлолт болон дэд бүтцийн бүтээн байгуулалтын хамтын ажиллагаа зэрэг салбаруудын олон чухал тохиролцоонуудыг бататгах болно. БНХАУ-ын Засгийн газраас олгосон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд нааштай үүрэг гүйцэтгэж байгааг Монголын тал өндрөөр үнэлж, талархал илэрхийлэв. Хятадын тал үргэлжлүүлэн Монголын талыг эдийн засгийн хүндрэлтэй байдлаа даван туулахад дэмжлэг үзүүлж, Монгол Улсад олгох буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн төслүүдийн бодит хэрэгжилтийг эрчимжүүлнэ гэдгээ илэрхийлэв. Үүнээс нэг анхаарахуйц зүйл нь өнөөгийн Хятад Улс дотооддоо эдийн засгийн бүтцийн гүн гүнзгий өөрчлөлтийг хийж байгаа бөгөөд нүүрс ган төмрийн үйлдвэрлэлийн илүүдлийг багасгах асар том дарамттай тулгараад байгаа. Ийм нөхцөл байдалд, Хятадын тал Монгол Улсын ашигт малтмалын бүтээгдэхүүний экспортоо өргөжүүлэх зэрэг тал дээр Монголын талын хүсэл сонирхлыг нааштайгаар бодолцоход бэлэн байгаагаа илэрхийлсэн. Энэ нь Хятадын тал ХКН-ын 19 дүгээр Их хурлын үзэл санааг хэрэгжүүлэх үүднээс, Монгол Улсын хөгжилд тусламж дэмжлэг үзүүлэх үүднээс, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц нэгдлийг байгуулах өндөрлөгөөс үүдэн илэрхийлж буй нааштай байр суурь юм.
Энэхүү айлчлалаар Хятад, Монгол хоёр тал хоёр улсын ард иргэдийн сэтгэлийн харилцан ойлголцлын гүүрийг өргөжүүллээ. Талууд соёл, боловсрол, шинжлэх ухаан, спорт, аялал жуулчлал, хүүхэд, залуучууд зэрэг хүмүүнлэгийн солилцоог идэвхтэй хөгжүүлж, харилцан ойлголцол, итгэлцлийг нэмэгдүүлэхээр тохиролцов. Талууд Хятад Монголын хүмүүнлэгийн солилцооны хамтарсан зөвлөлийн анхдугаар хуралдааныг энэ онд багтаан зохион байгуулна. Хоёр улсын хүмүүнлэгийн солилцооны хамтарсан зөвлөл нь хоёр улсын удирдагчдын хүрсэн чухал тохиролцоо бөгөөд энэхүү зөвлөл байгуулагдсанаар хоёр улсын хүмүүнлэгийн салбарын харилцаанд шинэ механизм болон шинэ тавцан бүрдэж, хоёр улсын хүмүүнлэгийн солилцоо болон ард иргэдийн нөхөрлөлийг бүх талаар нэмэгдүүлэх чухал үүрэг гүйцэтгэнэ.
Энэхүү айлчлалаар бид Хятад, Монголын харилцааны хөгжлийн улам сайхан ирээдүйг олж харлаа. Хоёр улсын улс төрийн итгэлцэл улам бүр нэмэгдэхийн хэрээр, хоёр улсын хамтын ажиллагаа улам арвин үр өгөөжөө өгч, хоёр улсын ард иргэдэд илүү их бодит ашиг тусыг авч ирнэ гэдэгт итгэлтэй байна.