Владимир Путин ОХУ-ын 2018 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ мэдэгджээ. Тэрбээр Нижний Новгород хотын ГАЗ үйлдвэрийн 85 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцохдоо энэ тухайгаа хэлсэн байна.
Гэхдээ ‘Нэгдсэн Орос’ нам түүнийг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эсэхээ энэ сарын 22-23-нд болох намын их хурлаараа шийдэх аж. Тус намын даргын нэгдүгээр орлогч Андрей Исаев ‘Нэгдсэн Орос’ нам Путиныг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийг нь дэмжинэ гэдгийг мэдэгдээд байгаа юм. Тэрбээр ‘Путин бол үндэсний лидер гэдгээ харуулсан. Ард түмэн түүнийг дэмжиж байгаа’ гэв.
Сануулахад, Владимир Путин нь 2000 оны гуравдугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгчөөр анх удаа сонгогдож байв. Тэрбээр 2004 онд улиран сонгогдож, 2008-2012 онд Ерөнхий сайдаар ажиллаж байсан бөгөөд 2012 онд ОХУ-ын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон ажээ.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль 2018 оны гуравдугаар сард болно. Нэр дэвшигчдийн сонгуулийн кампанит ажил энэ сард эхэлнэ. Сонгуульд ЛДПР намын тэргүүн Владимир Жириновский болон телевизийн хөтлөгч Ксения Собчак, сэтгүүлч Екатерина Гордон нар нэр дэвшинэ гэдгээ албан ёсоор зарласан билээ.
А.АНИР