“Аз жаргалтай хотын иргэд автобус унахыг хориглоно” сурвалжлагыг манай ‘News’ агентлаг өнгөрсөн арваннгэдүгээр сард бэлтгэн уншигчдадаа хүргэж байсан билээ. Дээрх сурвалжлага гарснаас хойш 25 өдөр өнгөрчээ. Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөний үеэр Улаанбаатар хотын захирагч С.Батболд нийслэлчүүдийн автобус удаан хүлээлгэдэг явдлыг таслан зогсоож, өглөө оройн оргил ачааллын үеэр иргэдийн зорчих эрэлтийг хангаж ажиллахыг Нийслэлийн тээврийн газар, Замын цагдаагийн газарт даалгасан.
Нийслэлийн авто замын түгжрэл бөөгнөрөл бухимдал, уур уцаар, олны хараалыг барсан замын түгжрэлийг багасгах гэж хотын захиргаанаас зарим ажил хийж байгаа ч дорвитой үр дүн харагдахгүй л байна. Хотод амьдардаг захын хүнээс “Таныг юу зовоож байна вэ” гэж асуувал бодох ч үгүй шууд “Замын түгжрэл, бас утаа дээр нь автобус” гэж хариулах байх.
Хотын дарга үүрэг өгсөн ч манай аз жаргалтай хотын иргэд ажил тарах цагаар 30 минутаас 1 цаг гаруй автобус хүлээж, буудал дээр мөхөөлдөс болтлоо зогсдог хэвээрээ.
Хэдийгээр Нийтийн тээврийн газраас оройн оргил ачаалалтай үе буюу 19:30-22:30 цагийн хооронд 90 гаруй тээврийн хэрэгслийг нэмэлтээр гаргасан гэсэн ч ‘автобус алга’ гэсэн хүмүүс ажил тарах цагаар хаа сайгүй. Мөн 20 гаруй чиглэлд автобуснуудын өглөө гарах цагийг 5-10 минутаар урагшлуулж, орой 22:00-23:00 цаг хүртэл сунгах ажлуудыг хийж байгаа гэв.
Харин Замын цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат “Одоогийн байдлаар Улаанбаатар хотод 500 мянга гаруй тээврийн хэрэгсэл байна. Эдгээр 500 мянга гаруй тээврийн хэрэгслийн ачааллыг зам даахгүй байна. Хөдөлгөөнд оролцогчид дүрмээ биелүүлэхгүй байх нь чирэгдэл учруулж байна. Жишээлбэл, эсрэг урсгалд орохгүй байх, хөдөлгөөний эгнээ чөлөөгүй байхад эгнээ байраа өөрчлөхгүй байх, эдгээр заалтуудыг зөрчихөөс гадна, замын хөдөлгөөнийг удаашруулдаг” гэж байлаа.
Гэхдээ нийтийн тээврийн энэхүү зохицуулалт бодит байдал дээр биеллээ олж байгаа эсэхийг сурвалжлалаа. Оройн оргил ачааллын үеэр 10 чиглэлд нэмэлт автобус гаргаснаас гурван чиглэлийг онцолж авсан юм.
2017.12.07 Спортын төв ордны баруун талын автобусны буудал дээр 20-30 орчим хүн автобус хүлээгээд зогсож байв.
Сонгинохайрхан дүүргийн иргэн Ц.Гантөмөр “Улаан чулуут-Их наран-МУИС” чиглэлийн 57 дугаартай автобусыг 30 минут хүлээж байна. Хүлээх болгонд ингэж удах юм. Автобусны тоог нэмсэн гэсэн, харин ч хассан юм биш үү хэмээн бухимдангуй ярив.
Харин Д.Нэмэх “Зүүн салаа-Чингэлтэй дүүрэг-МУБИС” чиглэлийн 48 дугаартай автобусыг цаг орчим хүлээж байна. Өдөр нь нэг чиглэлийн гурван автобус, ар араасаа ирээд зогсчихно. Харин орой нь автобус ирэхгүй, өчнөөн цагаар хүлээлгэх юм. Арай л дэндүү юм” гэв. Дээрх автобусны буудал дээр ганцхан өнөө орой ийм зүйл болж байгаа юм биш. Хэрэв хотын удирдлага, Нийтийн тээврийн дарга нар автобус хэр явж байгааг харъя гэвэл захын буудал дээр орой болгон очиход л хангалттай мэдээлэл авчихна.
ШУТИС-ийн оюутан Э.Төрмагнай “Зүүн салаа-Халдвартын эмнэлэг” чиглэлийн гурав дугаартай автобусыг 40 минут хүлээж байна. Түгжрэлтэй болохоор ирэх нь удаад байх шиг байна” гэв.
Иргэн С.Жаргал 3,4-р хороолол “МУИС-Дүнжингарав худалдааны төв” чиглэлийн 51 дугаарын автобусыг Монгол Улсын их сургуулийн хойд талын буудал дээрээс хүлээгээд 25 минут өнгөрчээ. Тэрбээр “1980-аад онд л ингэж автобус хүлээж осготлоо зогсдог, багтахгүй автобуснаас зүүгдэж явдаг байсан. Манай улс хөгжих нь битгий хэл буцаад ухраад байх шиг санагддаг”-аа нуусангүй.
‘Ард кино’ театрын буудал дээр очиж үзвэл ‘өнгө ижил’ гэгч боллоо. Хүмүүс пиг, автобус таг. ‘Орбит-Ард кино театр’ чиглэлийн автобусыг хүлээсэн олон хүн яг мөхөөлдөс болох нь ээ. Гуравдугаар ээлжийн хичээлээ тараад явж байгаа бололтой, жаахан охин шууд нүдэнд тусав. Түүнийг Болор /охины нэрийг өөрчлөв/ гэдэг, тавдугаар ангийн сурагч. Ойролцоох сургуульд явдаг, орой болгон автобус хүлээгээд хөлөө хөлдтөл зогсдог гэнэ. Хажууд нь яваа эмээ нь ‘Орбит-Ард кино театр’ чиглэлийн автобус удаан ирдэг, орой болгон хичээлээ тарсан олон хүүхдүүд хөлдөж унатлаа хүлээдэг болохыг ярилаа. Яана даа, хүүхдийн амралт бушуухан эхлээсэй, өвөл хурдан дуусаасай, өнөөх автобус нь эртхэн ирээсэй.
Багшийн дээдийн автобусны буудал дээр 3,4 хорооллын автобус ирж зогсов уу, үгүй юу хүмүүс уралдаад л гүйлдэв. Хэзээ энэ автобусны төлөөх ‘тэмцэл’ дуусах юм бол доо. Ажил тарахаар автобусаа зогсоодог манай нийтийн тээврийнхэн, харин ч халтуурчдын халаасыг түнтийлгэдэг бололтой. Мэдээж, эрэлт байгаа тохиолдолд нийлүүлэлт байж таарна. Хөхөө өвлийн хүйтэнд мөхөөлдөс болох шахсан иргэддээ ингээд үйлчилж байгааг нь бас буруутгах учиргүй байх. Нэг нь гэртээ эрт харих хүсэлтэй, нөгөөх нь мөнгө олж ар гэрээ тэжээх зорилготой.
Автобусны бараа сураг тасрангуут, хувийн машинтай “халтуурчид” багшийн дээдийн автобусны буудлын зам дагуу эгнэн зогсчээ. “Хаашаа явах юм. Хорооллын унаа тэнд байна, Хархорин явах унаа энд байна” гэж уриалгахан хандах “халтуурчид” нэг хүнийг 1000-1500 төгрөгөөр авч явдаг аж. Тэд шөнийн 02:00 цаг хүртэл багшийн дээдийн буудал дээр зогсдог гэж байлаа.
Замын түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх чухал аргуудын нэг бол хүн бүр машины хэрэглээнээсээ татгалзаж, нийтийн тээврээр үйлчлүүлдэг болох гэж нийслэлийн удирдлагууд болон Замын цагдаагийн албаныхан хэлдэг?. Гэхдээ ийм удаан, ийм бохир, ийм үйлчилгээ муутай нөхцөлд хүмүүс автобусаар үйлчлүүлэхээс илүү хувийн машинтайгаа түгжрээд ч болтугай явахыг хүснэ шүү дээ.