2013 онд “Universe Best songs” нэвтрүүлэгт оролцож олонд танигдсан О.Дөлгөөн Солонгос улсыг зорьсноор уран бүтээлээ хэсэг завсарлаад байсан. Цоглог, хэмнэлтэй, эрч хүч мэдрүүлсэн дуунуудаараа үзэгчдийн хайр хүндлэлийг хүлээж яваа 26 настай реппер О.Дөлгөөн шинэхэн уран бүтээлдээ оржээ. Тэрбээр арваннэгдүгээр сарын 30-ны өдөр “Fuck Love” дуугаа олон нийтэд танилцуулсан. Реппер О.Дөлгөөнтэй ярилцсанаа хүргэе.
-Сайн байна уу. Шинэхэн уран бүтээлээ өлгийдөн авсан танд баяр хүргэе. Таныг 11 настайгаасаа хойш БНСУ-д амьдарч байгаа гэж дуулсан. Эх орондоо ирээд хэр удаж байгаа вэ?
-Эх орондоо ирэлгүй гурван жил болжээ. Би БНСУ-д амьдардаг. Монголд ирээд гурван сар болж байна. Энэ хугацаанд шинээр гаргах уран бүтээлүүдийн зураг авалтад шууд орж, “Fuck love” дуугаа гаргасан. Миний ээлжит соло уран бүтээл амжвал нэгдүгээр сарын 30-ны өдөр, амжихгүй бол хоёрдугаар сард гарна. Ажил амжихгүй байсан болохоор, гурван хоногийн өмнө, визнийхээ хугацааг нэг сараар сунгалаа. Нэг сарын эхээр Солонгос улс руу буцна.
-Шинэ уран бүтээл болох “Fuck love” дууг сонссон. Таны өмнө нь дуулдаг байсан хэв маягаас өөр болсон юм шиг санагдсан шүү. Цаашдаа хип хоп чиглэлээр уран бүтээлээ туурвих уу?
-Би хүүхэд байхаасаа л R&B soul дуучин болно гэж мөрөөддөг байсан. Энэ мөрөөдөл минь одоо л биеллээ олж эхэлж байна. Цаашид R&B soul чиглэлээр уран бүтээлээ туурвина. Мэдээж, хип хоп хэв маягаа алдахгүй. ‘Fuck love’ уран бүтээлийг ‘Hypeman’ студийн хамт олноор хийлгэсэн. Энэ завшааныг ашиглаад клип хийх явцад тусалж дэмжиж, зөвлөгөө өгсөн студийн ах эгч нартаа баярлалаа гэж хэлмээр байна. Клипний найруулагчаар Б.Мөнхтулга гэдэг залуу ажиллаж. Клипний бага бүрэлдэхүүнээр Dont бүлгийн залуус хамтарч ажилласан.
-Дууныхаа үгийг өөрөө зохиодог гэсэн. Өнгөрсөн хугацаанд ямар нэг дуу дээр ажилласан уу?
-Ер нь бол дууны үг зохиодог байсан. Монгол хэлний үгийн баялгаа сайжруулахын тулд ном их уншиж байгаа. Гэтэл дууныхаа үгийг яруу найрагч шиг уянгалуулж биччихээд байдаг болчихсон байна лээ /инээв/. Би хип хоп хэв маягийн дуу дуулдаг байж, үг нь уянгалаг байвал хүмүүст сонин санагдана шүү дээ. Энэхүү алдаагаа засах гэж их хичээсэн. Одоо бол 30 минутаас нэг цагийн дотор дууны үг бичдэг болсон.
– Дууны үг зохиох ‘онгод’ тань ямар үед ихэвчлэн орж ирдэг бэ?
-Сэтгэл шаналсан ганцаараа баймаар санагдах үе бий. Ганцаараа баймаар байгаа хэрнээ, хэн нэгэнд тэврүүлмээр ч юм шиг. Иймэрхүү үед өөрт төрсөн сэтгэгдлээ үг болгон буулгадаг. Сэтгэлийн угаас мэдэрсэн зүйлсийг үг хэлбэрээр энгийн үед бичнэ гэдэг амаргүй. Харин шаналсан, ганцаардсан үед үг бичих “онгод” ордог.
-Таны имиж бүрдүүлэлт ихээхэн өөрчлөгджээ. Имижээ өөрөө бүрдүүлж байна уу?
-Би нэг стильд баригдахыг хүсдэггүй. Гэхдээ өмнөх шигээ навсайж хувцаслахаа больсон. Би аль болох хүмүүсийн өмсдөггүй ховор хувцсыг өмсөх дуртай. Хааяа хувцсаа захиалгаар хийлгэх үе ч байгаа. Хэний ч мэдэхгүй дэлгүүрээс худалдаж авах ч үе бас байна.
-Найз залуутай юу?
– Одоохондоо найз залуу байхгүй байгаа. Гэр бүл төлөвлөлтөд яарахгүй байна.
-Та өөрт тохиолдсон зүйлсээ дуу болгон хийж байгаа гэсэн шүү дээ. Тэгэхээр сүүлд гаргасан “Fuck love” дуу хэн нэгэнд зориулагдсан гэсэн үг үү?
– Миний хийхийг хүссэн, бүр зорьж хийсэн дуу байгаа юм. Мэдээж, хүн бүр бүтэлгүй хайр дурлалтай учирдаг байх.
Та аль улсын иргэншилтэй вэ?
-Би БНСУ-ын иргэншилтэй. Гэхдээ ганцхан иргэншлээс болоод Дөлгөөн солонгос хүн болчихгүй шүү дээ. Солонгост надаас “Аль улсын хүн бэ” гэж асуухад би монгол л гэдэг. Яагаад Солонгос иргэншилтэй байж болохгүй гэж. Монгол бол миний эх орон. Эх орон минь миний хамгаалагч гэж боддог.
– “Ай Ди” гоо сайхны эмнэлгийн нүүр царай болж байх үедээ таныг гоо сайхны мэс засалд орсон гэх яриа гарч байсан?
-Аав маань оросын эрлийз хүн байсан. Аавынхаа нүүрийн хэлбэр төрхийг өвлөж авсан. “Ай Ди” гоо сайхны эмнэлэг намайг нүүрний зөв төрхтэй гэж үзээд хамтарч ажиллах санал тавьсан. Би ч зөвшөөрч 2015 онд гэрээ байгуулан хамтарч ажилласан. “Ай Ди” гоо сайхны эмнэлэг улсдаа шүд, нүүрний гажгийг засдагаараа алдартай эмнэлэг. Гэрээний заалтад зааснаар би “Ай Ди” гоо сайхны эмнэлгээс хүссэн үйлчилгээгээ авах эрхтэй байсан. Гэхдээ би өөртөө ганц ч мэс засал хийлгээгүй.
-Магадгүй нэлээдгүй жингээ хаясан болохоор хүмүүс тэгж бодсон байх?
-’20 нас’ дуугаа дуулахдаа 80 кг жинтэй байсан. Мөн эршүүд харагддаг байсан ч би чинь эмэгтэй хүн шүү дээ. Бусад охидын адил бие барьсан даашинз, бариу жинсэн өмд өмсмөөр санагддаг байлаа. Нэг л өдөр жингээ хаяхаар тууштай шийдсэн. Яваандаа бага багаар жингээ хаясаар өнгөрсөн зун 72 кг байснаас 58 кг болтлоо турсан. Энэ бол надаас маш их тэвчээр, хатуужил шаардсан хэцүү зүйл байсан. Аливаа зүйл харагдаж байгаа шигээ амархан байхгүй шүү дээ. Өдөрт 100-хан грамм коктейл, ногоон цай ууна, жимс ногоо иднэ. Дасгал хийнэ. Сүүлдээ ядраад эмнэлэгт хүртэл хэвтэж байсан. Би энэ болгоныг хүмүүст тайлбарлах албагүй л гэж боддог. Бүдүүн байхаар хүмүүс” эмэгтэй байж арчаагүй” гэж ярина. Турахаар мэс заслын аргаар өөхөө соруулсан гэж ярих юм. “Би мэс засалд ороогүй” гэж мянга хэлээд нэмэргүй хүмүүс итгэхийг хүссэн зүйлдээ л итгэдэг юм байна лээ.
-Ойрын төлөвлөсөн зүйл бий юу?
– Би гэртээ home studio нээх бодолтой байгаа. Миний “Fuck love” дуун дээр хамтарч дуулсан Dont бүлгийн гишүүн Э.Билгүүн гэдэг найзаасаа үг бичих, ерөнхий дуулалтан дээр туслахаас гадна,beat-ний сонголт болон микрофон, өсгөгчийн ямар төрөл нь дуугаралт сайн байдаг гэхчлэн олон зүйл мэдэж авч байна. Эндээс сурсан зүйлээ гэртээ home studio нээхдээ ашиглана. Мөн хоёр жилийн дараа Солонгосын “Show me the money” шоу тэмцээнд орох бодолтой байна. “Show me the money” шоу тэмцээн нь тус улсад бизнес болтлоо хөгжсөн алдартай шоу нэвтрүүлэг. Солонгосчуудад шоу бизнес гэдэг утгаараа монгол эмэгтэй, Солонгос иргэншилтэй гэхээр сонирхолтой санагдах болов уу гэж бодож байна. Монгол залуус ч гэсэн бусад орны залуус шиг trap үглэж чаддаг гэдгийг харуулахыг хүсэж байна. Өрсөлдөөн ихтэй болохоор би одооноос бэлтгэлээ хангаж байгаа.
-Хэрэв энэхүү шоунд амжилттай оролцож чадвал, Солонгосын урлагийн ертөнц өөрт тань нээлттэй гэсэн үг үү?
-Мэдээж тийм. Миний ганц мөрөөддөг том зүйл бол БНСУ-д уран бүтээлээ туурвих. “Show me the money” тэмцээнд орсноор байр эзлэхээсээ илүүтэйгээр тухайн оролцогч хүмүүст сонирхолтой санагдсан тохиолдолд хамтарч ажиллах, энтертайнмент бүхэл бүтэн баг тэнд байна. Гэтэл Монголд тэмцээнд амжилттай сайн оролцсон оролцогчдыг дэмжээд цааш хамтран ажиллаад явах хүмүүс байдаггүй. Клип хамгийн багадаа гурван сая төгрөгөөр бүтдэг. Томоохон студи бол долоон сая төгрөгөөр клип хийдэг. Ийм үнэтэй байхад бие дааж уран бүтээл хийх хүсэлтэй олон залуус, санхүүгийн асуудлаас болоод нам гүмхэн амьдарч байна.
-Удахгүй гарах шинэ уран бүтээлийнхээ тухай дурдахгүй юу?
-Энэ удаагийн уран бүтээл маань уянгын хэмнэлтэй, гэхдээ дууны гол хэсэгт часхийсэн үглэлт орж ирнэ. Монголын язгуур урлагийн аяыг орчин үеийн хэмнэлд оруулаад, дууныхаа ард нь ‘дэвсэж’ өгч байгаа юм. Атай Боргужин гэдэг найз маань home studio-той болохоор шинээр гарах уран бүтээл дээр хамтарч ажиллаж байна. Их чадварлаг залуу байгаа. Энэхүү уран бүтээл маань их сонирхолтой болно гэдэгт итгэлтэй байна.