Алтан ордны монголчуудын эсрэг тэмцэгч Коловрат баатрын тухай өгүүлсэн “Легенда о Коловрате” кино өнгөрсөн амралтын өдрүүдээр хамгийн өндөр орлоготой байлаа хэмээн kinobusiness.com мэдээлээ. Найруулагч Жаник Файзиев, Иван Шурховецкий нарын хамтран бүтээсэн түүхэн сэдвийн энэ киноны амралтын өдрүүдийн орлого 282.6 сая рубль болжээ.
Киноны үйл явдал XIII зууны Монголын эзэнт гүрний Алтан ордны үед өрнөдөг. Бат хааны өлмийн өмнө Орос хагаран бутарч, монголчууд Оросын хот, тосгодыг ээлж дараалан уулгалан эзэлнэ. Харин тэдний түрэмгийллийг нэг баатар сөрөн зогссон нь Рязанийн баатар Евпатий Коловрат байлаа. Залуу баатар эх орон, хайр сэтгэлээ хамгаалан тэмцэж байгааг кинонд өгүүлжээ. Коловротын дүрд Илья Малаков тогложээ.
Киног ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин үзээд “сэтгэл ихэд хөдөлгөлөө” хэмээн киног бүтээгчдэд хэлжээ.
Амралтын өдрийн кино прокатны жагсаалтыг “Легенда о Коловрате”-гаас гадна Ли Анкричийн “Тайна Коко” анимац, Нильс Ардены “Коматозники”, Мартин Кэмпбеллийн “Иностранец” тулаантай кино, Шон Андерсийн “Здравствуй, папа, Новый год!-2” кинонууд тэргүүлжээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ