Завхан аймгийн иргэн н.Эрдэнэ-Очирын хэрэг гэх алдартай хэргийг олон хуульчид цаазын ялын эсрэг хамгийн том жишээ гэж үздэг. Тодруулбал, Завхан аймгийн иргэн н.Эрдэнэ-Очирыг зургаан жил найман сар хорьж, гурван удаа цаазын ял өгч байсан. Гэвч зургаан жил хорьсныхоо дараа энэ хүн гэм буруугүй нь тогтоогдож, суллагдаж байсан. Хэрэв энэ хүнийг цаазалсан бол яах вэ гэдэг асуулт урган гарч байна. Эрх зүйн тогтолцоо өндөр хөгжсөн орнуудад ч ийм алдаа гардаг. Жишээлбэл, АНУ гэхэд 1994-2000 оны хооронд 61 хүнийг цаазалсан ч дараа нь эдгээр хүмүүс нь гэм буруугүй нь нотлогдсон байдаг. Япон улсад 1990-ээд оны эхээр хүчингийн хэрэгт буруутгагдсан нэг эрэгтэй гэм буруугүй гэдгийг нь 18 жилийн дараа тогтоосон тохиолдол ч бий. Энэ мэт хэн нэгнийг хэлмэгдүүлсэн маш олон тохиолдлыг нэрлэж болно.
Ерөнхийлөгч Х.Баттулга, ЕТГ-ын дарга З.Энхболд нар цаазын ялаас татгалзах протоколд нэгдэн орохыг дэмжиж байв
Хэн нэгнийг хэлмэгдүүлэхгүй байлаа гэхэд олон улсын гэрээгээ зөрчих ямар шалтгаан байна вэ, эрхэм Ерөнхийлөгчөө. Монгол Улс 2012 оны гуравдугаар сард Олон улсын гэрээ буюу Иргэний болон улс төрийн тухай олон улсын фактын II нэмэлт протоколыг соёрхон баталсан байдаг. Энэ протокол нь өөрөө гарах заалтгүй цөөхөн олон улсын гэрээний нэг юм. I нэмэлт протоколд гарах заалтыг санаатайгаар тусгаагүй гэдэг. Өөрөөр хэлбэл, цаазаар авах ялыг халсны дараа хүмүүс сэтгэл хөдлөлд тулгуурлан уг ялыг сэргээх эрсдэл байдаг учраас гарах заалтгүй, гарцгүйгээр хийж өгчээ. Мэдээж, улс орнууд энэ гэрээнд нэгдэн орохдоо энэ мэт үр дагаврыг сайтар бодож шийдэх ёстой. Монголын төр ч гэсэн энэ бүхнийг тооцож, бодож нэгдэн орсон биз ээ. УИХ-аар II нэмэлт протоколд нэгдэн орж, цаазын ялыг халж, УИХ буюу Монголын төр цаазын ялаас татгалзсан. Цаазын ялаас хэн нэгэн бус Монгол Улсын төр татгалзсан. Гэвч өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч нь санаачилж, түүнийг нь парламент нь дэмжиж байгаа нь төр санах ойгүй болсон уу эсвэл гэдэг эргэлзээ бас л төрж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч цаазын ялыг сэргээх асуудлыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид хүргүүлээд буй. Одоогоор Хууль зүй, дотоод хэргийн яамнаас ямар нэг албан ёсны хариу өгөөгүй ч сайд нь цаазын ялыг тодорхой шалтгаантай хэргүүд дээр сэргээх нь зөв, цаазын ялыг халах нь буруу байсан гэдгийг тодотгоод буй. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга II протоколд нэгдэн орж байхад УИХ, Засгийн газрын гишүүн байсан бол Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өөрөө УИХ буюу парламентаа даргалж байсан. Тэд яагаад өөрсдийн баталсан хуулиас, байр сууриасаа буцах болов. Хэдийгээр Ерөнхийлөгч бага насны хүүхэд хүчирхийлсэн, амь насыг нь хөнөөсөн хүнийг цаазална гэсэн санаачилга гаргаж байгаа ч үүний цаана өөр эрх ашиг явж байх вий гэх хардлага ч нийгмийн нэг хэсэгт бий болоод байна.
Үүнтэй холбогдуулан цаазын ялыг сэргээх талаар УИХ-ын гишүүдийн байр суурийг сонслоо.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж
-Миний хувьд цаазын ялыг сэргээх асуудлыг дэмжихгүй байгаа. Яагаад гэвэл бид олон улсын цаазаар авах ялын эсрэг протоколд нэгдэн орсноор цаазын ялгүй орон болох эхлэлээ тавьж, түүнийгээ Эрүүгийн хуульд тусгасан. Хэрэв цаазын ялыг сэргээх юм бол олон улсын гэрээнээс буцдаг хариуцлагагүй орон болж хувирна. Үүнтэй холбогдуулан маш олон орны итгэл суларна Түүнээс гадна цаазаар авах ялыг эсэргүүцэх бас нэг шалтгаан бол хэлмэгдүүлэлт. 1937 онд бид 30 гаруй мянган хүнээс хэлсээр хэлмэгдүүлсэн түүхтэй. Цаазаар авахаас илүү ялын дээд хэмжээ болон насан туршдаа хоригдох арга замыг хэрэглэж болно.
УИХ-ын гишүүн А.Сүхбат
-Ер нь хууль, цааз байх ёстой. Дан ялангуяа нийгмийн шаар болсон, хүн гэхэд хэцүү араатнуудыг цааз өгч, дээд хэмжээ өгөх нь зүйтэй. Гэхдээ үүний хажуугаар нийгэмд яагаад ийм араншинтай хүмүүс бий болж байна вэ гэдэгт онош тавих ёстой. Онц ноцтой гэмт хэрэгтнүүдэд цаазын ял өгөөд байхдаа бус бусад улс орны жишиг болох хуулиа яаж хэрэгжүүлж байгаа арга хэлбэрүүдийг бодох ёстой.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
-Цаазын ял байх ёстой гэж би боддог. Цаг үе нь цаазын ялгүй болох ухамсар нийгэмд бий болоогүй. Цаазын ялыг хална гэж байхад нь би дэмжээгүй. Миний энэ байр суурь одоо ч хэвээрээ байгаа. Гэхдээ цаазын ялыг цаг үеийнхээ хөгжилтэй зохицуулах л ёстой.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг
-Өнөөдөр бид цаазын ялтай байх эсэх дээр маргалдаад байна. Би бол цаазын ялгүй орон болсноор хүний эрхийг дээдэлсэн, олон улсын түвшинд хүний эрх талаасаа Монголын нэр хүндийг өргөсөн үйл явдал гэж хардаг. Цаазын ялгүй болсноор хүүхдийг хүчирхийлэх, хүн худалдаалах, хүүхэд худалдаалах гэмт хэрэг ихэсч, нийгмийг цочроосон ийм зүйл ил болоод байна. Энэ чиглэлээр маш олон хүмүүстэй уулзаж, судалгаа явуулахад хүүхэд хүчирхийлэх, амь насыг нь хохироох явдал ихэвчлэн таньдаг хүмүүсийн хүрээлэл дунд болсон байдаг. Цаазын ял бол амийг амиар гэсэн үг. Тиймээс танилын, ахуйн хүрээнд болж байгаа учраас энэ төрлийн гэмт хэрэг илүү нууцлагдмал болох вий гэсэн болгоомжлол хуульч, холбогдох албаныханд бий. Тиймээс одоо байгаа хүүхэд хамгааллын тухай, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, Эрүүгийн хууль зэрэг дотроос хүүхдийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг ноцтой гэмт хэргүүдэд авах арга хэмжээ нь ялын дээд хэмжээ байна гэдэг ойлголтыг маш сайн өгөх хэрэгтэй. Хүүхдүүдээ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, ийм золиос болгохгүй байх тэр бүх зүйлийг Монголын төр, нийгмээрээ, хэвлэл мэдээлэл, боловсролын байгууллага бүгдээрээ нэг зүг харж, нэг баг болж ажиллах тэр системийг бий болгох ёстой. Түүнээс бид дахин нэг хууль гаргаж ирлээ гэхэд гэмт хэргийг улам далд хэлбэрт оруулах вий гэдэг дээр маш сайн болгоомжилж хандах ёстой. Одоо байгаа хуулийн хэрэгжилтийг чангатгах, хэрэгждэг байх тал дээр илүү их анхаарах ёстой гэж харж байна.
УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж
–Монгол Улс цаазын ялыг цагаа олоогүй байдлаар халсан гэж би боддог. Тийм учраас би Эрүүгийн хуулийг батлах үеэр бараг хуульчдын бослого гаргаж, мэдээлэл хийгээд явж байсан. Нэг балмад этгээд уур нь хүрэхээрээ хүмүүсийг бөөнөөр нь хөнөөчихсөн хэрэг нэг бус удаа гарсан. Зөвхөн хүн амины хэрэг ч үүнд хамаарахгүй. Цөөхөн хүн амтай манай улсын хувьд тусгаар тогтнолын асуудал хүртэл Эрүүгийн хуульд байдаг.Эрүүгийн хууль зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэрт л үйлчилнэ. Төрийн тусгаар тогтнол гэдэг чинь ийм жижигхэн юмнаас эхэлдэг. Жижигхэн мөртлөө улсын тусгаар тогтнолын үнэ цэнийг хамгаалж байдаг хууль нь өөрөө Эрүүгийн тухай хууль, түүнийг дагалддаг хуулиуд. Намайг ажлаа авснаас хойш сар гаруйн хугацаанд энэ хуулиуд чинь болохгүй байна гэсэн бичиг өдөр бүр, тал талаас ирж байгаа. Үүний нэг нь Ерөнхийлөгчөөс ирсэн бичиг юм.