Монгол Улс Европын хөрөнгө оруулалтаа алдах уу?

Хуучирсан мэдээ: 2017.12.06-нд нийтлэгдсэн

Монгол Улс Европын хөрөнгө оруулалтаа алдах уу?

Монгол Улс Европын хөрөнгө оруулалтаа алдах уу?

Европын холбооноос мягмар гаригт (2017.XII.6) татварын хууль эрх зүйн орчин тааруу, олон улстай хамтын ажиллагаа муу гэж дүгнэсэн 17 орны хар жагсаалтыг нийтэллээ. Хар жагсаалтад багтсан Монгол Улс тэргүүтэй орнуудыг татварын хууль эрх зүйн шинэчлэлт хийхгүй бол хориг арга хэмжээ авахаа Европын холбоо анхааруулсан билээ.

Шалтгаан

Панамын оффшор дансны дуулианы араас Европын холбооны сангийн сайд нар татвараас бултагчдыг буланд шахах аргыг сүвэгчилж эхэлжээ. Улмаар олон улсын татварын эрх зүйн орчныг судалж, өнгөрсөн нэгдүгээр сарын байдлаар “муу” үнэлгээ авсан  92 орны жагсаалтыг гаргаад байв. Анхны жагсаалтад Хятад, АНУ, Япон зэрэг их гүрнүүдийг ч багтжээ. Жагсаалтыг тухайн улсын татварын ил тод байдал, шударга байдал, OECD-ын (Европын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага) баталсан шалгуурыг мөрддөг эсэх зэрэг гурван гол шалгуураар шүүсэн аж. Европын холбооноос олон улсын татварын эрх зүйд зохицуулалт хийснээр жилд 506 тэрбум фунт-стерлингийн татвараас зайлсхийсэн орлогыг татахаар тооцжээ. Европын холбооны гаргасан мэдэгдэлд “Олон улсын татварын удирдлагын түвшнийг сайжруулж, Панамын оффшор бүс шиг өргөн хэмжээний татвараас зайлсхийх үйлдлээс сэргийлэхийг зорьж байна” гэжээ.

Хориг, шийтгэл

Хар жагсаалтад орсон орнууд Европын холбооны хоригт орж, Европын хөрөнгө оруулалтын банк зэрэг олон улсын институтээс хөрөнгө оруулалт, санхүүжилт татах боломжоо алдах эрсдэлтэй. Мөн Европын холбооноос тухайн “гөжүүд”  улсын эсрэг тусдаа хориг арга хэмжээ авахыг гишүүн орнууддаа санал болгох аж. Хар жагсаалтад багтсан орнуудын эсрэг ямар хориг тавих эсвэл шийтгэл оногдуулахыг Европын холбооны эдийн засаг, санхүүгийн зөвлөлөөс шийдэх аж.

Европын холбооны сайд нарын саналыг үл тоож, татгалзсанаар хар жагсаалтад багтсан 17 орны тоонд Монгол улс багтсан юм. Үүнээс гадна Европын холбоотой зөвшилцсөн, “чих зөөлөн” 47 орон “саарал” жагсаалт буюу “харзнах” бүлэгт оржээ. Хонгконг, Тайланд, Швейцарь, Турк, Катар зэрэг 47 орон саарал бүсэд багтсан байна. Эдгээр орнууд ирэх хоёр жилийн хугацаанд татварын хууль тогтоомжоо Европын холбооны стандартад нийцүүлэн өөрчлөхөөр зөвшөөрсөн аж.

Хариу үйлдэл

Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар

Гэхдээ Европын бусад байгууллагууд Европын холбоо хар, саарал жагсаалтад гишүүн орнуудаа багтаагаагүйг шүүмжилжээ. Оффшор дансны мэдээлэл ил болсноос нэлээд хохирол амссан Панам улс хамгийн түрүүнд Европын Холбооны шийдвэрийг эсэргүүцжээ. Панамын эрх баригчид Европын холбооны шийдвэрийг шударга бус арга хэмжээ хэмээн шүүмжилж, элчин сайдаа эгүүлэн дуудаж эсэргүүцлээ илэрхийлэв. Мөн Азийн дөрөв дэх том эдийн засагтай Өмнөд Солонгосыг Европын Холбоо татвараас зайлсхийгчдэд таатай орнуудын нэгэнд тооцсонд гүнээ харамсаж байгаагаа Сөүлийн эрх баригчид мэдэгдэв. Тэд Европын Холбооны шийдвэрийг “олон улсын стандартад нийцээгүй” гээд “улс орных нь татварын бие даасан бодлогод халдлаа” гэж буруутгажээ.

Монгол Улсын тухайд ирэх 2019 он гэхэд Ерөнхий татварын тухай хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж эхэлснийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдсэн. Ингэснээр Монгол Улс хар жагсаалтаас гарч, саарал бүсэд багтах эсвэл бүр хасагдах боломжтой гэв. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж