Монгол, Японы харилцаа эрдэм шинжилгээний хурал болов

Хуучирсан мэдээ: 2017.12.06-нд нийтлэгдсэн

Монгол, Японы харилцаа эрдэм шинжилгээний хурал болов

Монгол, Японы харилцаа эрдэм шинжилгээний хурал болов

Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны яам, Япон Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-тай хамтран “Монгол, Японы харилцаа” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг энэ оны 12 дугаар сарын 5-ны өдөр ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд зохион байгуулав.

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Такаока нар эрдэм шинжилгээний бага хурлыг нээж, үг хэлэв. Бага хурлын үйл ажиллагаанд Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газар, Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын удирдлага, Улаанбаатар дахь Япон Улсын ЭСЯ, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага, МУИС-ийн Олон Улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль, Монгол, Японы харилцааг дэмжих нийгэмлэгийн удирдлага тэргүүтэй хоёр улсын эдийн засаг, боловсрол, соёл, олон нийтийн байгууллагын төлөөлөгчид өргөнөөр оролцов.

Бага хурлын хүрээнд Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайд асан, Монгол, Японы харилцааг дэмжих нийгэмлэгийн Ерөнхийлөгч С.Хүрэлбаатар “Монгол, Японы стратегийн түншлэлийн харилцааны эдүгээ ба ирээдүй” сэдвээр үндсэн илтгэл тавив. Мөн хурлын хүрээнд “Монгол, Японы эдийн засгийн түншлэлийг хөгжүүлэх арга замууд”, “Соёл, боловсрол, олон нийтийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх арга замууд” сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлж, улс төр, аюулгүй байдал, бүс нутаг, эдийн засгийн хамтын ажиллагаа, түүний дотор эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг худалдаа, хөрөнгө оруулалтыг тэлэхэд ашиглах, эрчим хүч, зам тээвэр, хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааг эрчимжүүлэх, соёл, боловсрол, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны түүхэн өв, ирээдүйн чиг хандлагын талаар дэлгэрэнгүй санал солилцов.

Бага хуралд Японы Хүн төрөлхтний соёл судлалын хүрээлэнгийн захирал, монголч эрдэмтэн, профессор Ю.Конагая хүрэлцэн ирж, Япон дахь Монгол судлалын өнөөгийн байдлын талаар сонирхолтой илтгэл тавив.

Эрдэм шинжилгээний бага хурлын хүрээнд Монгол, Японы харилцаа, Монгол дахь япон судлал, Япон дахь монгол судлалын талаарх 100 гаруй номын үзэсгэлэн, Японы нэрт ваар урлаач Х.Канэкогийн уран бүтээлийн үзэсгэлэн тус тус дэлгэгдэв.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж