Жолооч нар замын хөдөлгөөнд оролцож байхдаа гар утсаа оролдох, ярих, зураг авах зэрэг дүр зураг бараг хэвийн үзэгдэл болжээ. Тэр дундаа жолооч нар утсаар ярихаас илүүтэй сошиал медиа, фэйсбүүк, твиттер ашигласнаас бусдын автомашинд гэмтэл учруулсан тохиолдол ихээр гарч байгааг цагдаа нар хэлж байв.
Бидний уулзсан таван жолоочийн гурав нь машин барьж байхдаа утсаа оролдож, ярьж байгаатай тааралдав. Тэднээс машин барьж байхдаа яагаад утсаа оролдсоныг асуувал “Яаралтай хүнтэй ярих гэж байна”, “Гэрийнхэнтэйгээ ярьсан юм”, “Фэйсбүүк хаягаа шалгасан” гэдэг хариултыг өгч байлаа.
Өнгөрсөн онуудад авто вокзалын хойд зам дээр нэгэн явган зорчигч зам хөндлөн гарахдаа утсаа оролдож явснаас болж, хогийн машинд дайруулсан хэрэг гарсан. Мөн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр болох Дамбадаржаагийн замд явган зорчигч зам хөндлөн гарахдаа гар утасныхаа чихэвчийг зүүж яваад харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг гээд явган зорчигчтой холбоотой хэрэг ихээр гарах болсон.
Харин осол гаргасан жолооч нарын хувьд гар утас хэрэглэснээс зам тээврийн ямар нэгэн зөрчил, осол гаргасан гэсэн нарийн статистик байдаггүй гэдгийг албаныхан хэлсэн юм.
Б.Лхагважаргал: “Жолооч нарын 50-60 хувь нь гар утас хэрэглэснээс оноогоо хасуулдаг”
Энэ талаар Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Лхагважаргал ярихдаа “Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар түгжрэлд явж байхдаа гар утас ашиглаж, анхаарлаа сулруулах нь тохиолдол их гарч байна. Яг гар утас хэрэглэснээс ямар нэгэн зөрчил, зам тээврийн осол гаргасан гэсэн нарийн статистик гараагүй. Энэ оны эхний 10 сарын байдлаар замын хөдөлгөөнд оролцож байхдаа анхаарал болгоомж алдсанаас зам тээврийн осол гаргасан 1260 тохиолдол бүртгэгдсэн. Үүний 50-60 орчим хувь нь гар утас хэрэглэсэнтэй холбоотой байдаг. Тийм учраас замын хөдөлгөөнд оролцохдоо жолооч нар анхаарал болгоомжоо сулруулахгүй, гар утас аль болох хэрэглэхгүйгээр, замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна” гэв.
“ИРГЭД ЖОЛООНЫ АРД БАЙХДАА ГАР УТСАА ОРОЛДОХ НЬ буруу”
“Хүний ухамсраас л шалтгаалах байх. Зарим жолооч нар машин барьж явахдаа гар утсаа оролдоод л фэйсбүүкээ хараад л явж байдаг. Ер нь замын хөдөлгөөнд оролцож буй 10 жолоочийн тал нь гар утсаа оролдоод л явж байдаг шүү дээ. Миний хувьд одоогоор гар утсаа оролдоод, зөрчил гаргасан зүйл байхгүй байна. Гэхдээ цаашдаа анхаарч явах болно” хэмээн жолооч Д.Ариунсүх ярилаа.
Харин жолооч Б.Бямбажав “Ер нь жолооч нар машин барьж, замын хөдөлгөөнд оролцож байгаа нь их буруу шүү дээ. Жолооч нар гэлтгүй явган зорчигчид гар утсаараа ярьж байхдаа, чихэвч зүүгээд замын хөдөлгөөнд ихээр оролцдог нь ажиглагддаг. Тийм учраас замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг бусад жолооч нартаа болон явган зорчигчдод уриалъя” гэв.
Дэлхийн зарим орнууд гар утасны хэрэглээнээс үүдэлтэй зам тээврийн ослыг багасгахын тулд шинээр замын тэмдэг, тэмдэглэгээ хийх, хууль баталж, зохицуулдаг байна. Жишээлбэл, өсвөр насны хүүхэд утсаараа оролдож яваад трамвайд мөргүүлснээс хойш Германы Аусберг болон ОХУ-ын Москва хотод торгуулийн арга хэмжээ авч эхэлжээ. Мөн Хятадын Чуньчин хотод 2014 онд ухаалаг утасны хэрэглэгчдийг хурдан галт тэргэнд дайруулахаас сэргийлж, “ухаалаг утас”-тай зорчигчдын зам гэж тусад нь гаргасан гэнэ.
Энэ талаар Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Лхагважаргалаас тодруулахад “Монгол Улсын хэмжээнд одоогийн байдлаар гар утасны хэрэглээнээс үүдэлтэй ослоос сэргийлэх замын тэмдэг, тэмдэглээг байршуулах нөхцөл боломж хараахан үүсээгүй байна. Хэрвээ гар утасны хэрэглээ замын хөдөлгөөний ачаалал, шалтгаан нөхцөлд тодорхой хувь хэмжээг эзэлбэл замын тэмдэг, тэмдэглэгээг байршуулах талаар судлах болно. Урьдчилан сэргийлэх хэлтсийн хувьд бусад орнуудад ямар тэмдэг, тэмдэглэгээ байдаг талаар мэдээллүүдийг авсан” гэдгийг хэллээ.
А.Сүрэн
Гэрэл зургийг Н.Батмөнх