Даваа гаригийн өглөө амралтын өдөр үзсэн нэвтрүүлэг, шоу, киноны тухай яриа таны эргэн тойронд өрнөдөг байх. Манайд ч бас ялгаагүй, ажил дээр, найзууд дунд “Шарк танк”-ийн оролцогчдыг, шаркуудын сонголтыг, Г.Алтантүрүүгийн хоносон айлыг, “Оддын академи”-ийн охидыг, “Ахлах тогооч”-ийн аашийг гээд бүтэн сайнд гэртээ үзсэн нэвтрүүлгээ ярилцаж, нэг төрлийн таашаал авдаг. Бүтэн сайнд бүх хүнийг үзэх зүйлтэй байлгаж, гоё шоу, контент, энтертайнмент санал болгож байгаа телевизүүдээ магтмаар. Гэхдээ сайн контент санал болгож буй телевизүүдийн хүлээн байж үздэг нэвтрүүлгүүд бүгд энэ өдөр давхцаж гардаг нь үзэгчийн хувьд багахан “асуудал” болдог гэх үү дээ.
Яг одоогийн байдлаар телевизүүдийн хамгийн эрэлттэй, сонирхон үздэг энтертайнмент шоугаар дараах нэвтрүүлгүүдийг гээд нэрлэчихэд ихэнх нь санал нийлэх байх. Гэтэл эдгээр нэвтрүүлгүүд бүгд амралтын юм шиг мөртөө ажил, сургуульдаа бэлтгээд хамгийн завгүй өнгөрдөг бүтэн сайны орой гардаг.
- Монгол HD телевизийн “Шарк танк” 19.30 цаг
- Боловсрол суваг телевизийн “Оддын академи” шоу нэвтрүүлэг 21.00 цаг
- 25-р суваг телевизийн “Танайд хоноё” 21.20 цаг
- NTV телевизийн ‘Ахлах тогоочийн заавраар’ шоу нэвтрүүлэг 18.30 цаг
- NTV телевизийн ’10 өдөр 10 найз’ реалити шоу нэвтрүүлэг 21.20 цаг
- Volume Plus сувгийн ОННЦ ДҮМД анимейшн 22.00 цаг
Үүн дээр нэр дурьдаагүй бусад телевизийн бүтээл, кинонууд нэмэгдэнэ. Бүгд ням гаригийн орой үзэгчдээ хуваана. Тэгсэн хэрнээ энэ олон телевизээс бусад өдрүүдэд өлгөж аваад үзчих нэвтрүүлэг ховор. Даваа гаригт “Цензургүй яриа”, “Нүүдэл шийдэл” үзнэ. Таалагдвал зарим олон ангит кино харна. Мэдээж, бусад өдрүүдэд эфирт гардаг өөр үзүүштэй нэвтрүүлэг, бүтээлүүдийг үгүйсгэхгүй. Энэ бол ерөнхийд нь хэлж байгаа дүр зураг гэдгийг ойлгоорой.
Нөгөө талаар телевизүүдийн хувьд хамгийн оргил цаг, олон үзэгчтэй байх өдөр нь амралтын өдөр байдаг байх. Гэхдээ бүгд тэгж төлөвлөхөөр сайн нэвтрүүлгүүд долоо хоногийн нэгхэн өдрийн хоёрхон цаг дээр төвлөрсөн харагдаж байна. Үүнийг үзэгч олонтой нэвтрүүлгийн эзэд, уран бүтээлчид тунгааж, эфирийн цаг, нэвтрүүлгийн цацалтаа эргэн харж болдог болов уу? Энэ зүгээр энгийн үзэгчдийн санал юм.
Үзэгч, телевиз гэдэг урлагийн үйлчлүүлэгчдийн хувьд бол тэндээс өдөр бүр ямар нэгэн таашаалтай нэвтрүүлэг, кино, контент үзэх нь л чухал.
Үзэгчдийг зөвхөн бүтэн сайн өдөр зурагтынхаа өмнө суудаг гэж бодож болохгүй.
Б.БАЯСАХ
Холбоотой мэдээ