Б.Баяраа: Булхайтай шүүлтийн талаар тайлбар тавиагүй

Хуучирсан мэдээ: 2017.12.06-нд нийтлэгдсэн

Б.Баяраа: Булхайтай шүүлтийн талаар тайлбар тавиагүй

Б.Баяраа: Булхайтай шүүлтийн талаар тайлбар тавиагүй

Монголын чөлөөт бөхийн холбооны Онц их хурлыг зарлан хуралдуулах Түр хорооноос өчигдөр /2017.12.06/ сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр Гавьяат дасгалжуулагч Б.Баяраатай цөөн хором ярилцлаа.


“Рио 2016” олимпийн наадмын сүүлийн өдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд хүрэл медалийн төлөө Гавьяат тамирчин Г.Мандахнаран, Узбекистаны Ихтиёр Наврузовтой барилдсан. Энэхүү барилдааны цаг дуусахад таван секундын өмнө Монгол Улсын тамирчин нэг оноогоор ялж явсан юм. Тухайн үед сэтгэл хөдлөлөө барьж чадалгүй дэвжээ тойрч гүйсэн нь өрсөлдөгч бөхөд боломж олгоогүй гэдэг үүднээс ялалтыг Узбекистаны бөхөд өгсөн билээ. Шүүгчийн шийдвэрийг Монгол Улсын дасгалжуулагчид эсэргүүцэж, дэвжээн дээр хувцсаа тайлсан нь дэлхийн хэвлэл мэдээлэлд анхааралд өртсөн. Энэхүү асуудал өнөөг хүртэл шийдэгдээгүй бөгөөд Дэлхийн бөхийн холбоо болон Монголын чөлөөт бөхийн холбооноос булхайтай шүүлтийн талаар албан ёсны талбар хийгээгүй байгаа гэдгийг дасгалжуулагч Б.Баяраа хэллээ. 

-Г.Мандахнарангийн барилдааны маргаантай асуудалд та бүхэн шат дараатай арга хэмжээ авч байгаа гэсэн. Ямар шатандаа яваа вэ?

-Бид Дэлхийн бөхийн холбоонд олимпийн наадмын үеэр болсон буруу шүүлтийн талаарх мэдэгдлийг явуулсан. Мөн Арбитрийн шүүхэд өөрсдийн мэдэгдлийг хүргүүлсэн байгаа. Хоёр дасгалжуулагчийн эрхийг хасах арга хэмжээ авах тухайд Монголын чөлөөт бөхийн холбооноос Дэлхийн бөхийн холбоонд явуулсан байдаг. Гэтэл тийшээ захидал бичиж, асуудал тавьж буй улс нь өөрсдөө хууль бусаар ажиллаж байгаа хүмүүс байгаад сэтгэл дундуур байна. Монголын чөлөөт бөх хууль бус холбоо, хууль бус ерөнхийлөгчтэй явсаар өнөөдрийг хүрлээ. Хоёр дасгалжуулагчид ёс зүйн шийтгэл өгч болно. Хамгийн гол нь олимпийн булхайтай шүүсэн шүүлтийн талаар албан ёсны тайлбарыг тавиач гэж биднийг хандахад Дэлхийн бөхийн холбоо, Монголын чөлөөт бөхийн холбооноос албан ёсны тайлбар тавиагүй байна. Бид эцсийн шийд гартал энэ маргааны учрыг олохын төлөө явна. 

-Чөлөөт бөхийн холбоо хоёр хэсэг хуваагдчихлаа. Энэ бүхний эцэст тамирчдад хүндрэлтэй байдал үүсэхгүй юу?

-Маргааны тухай ярихын тулд эхлээд бид нэг зүйлийг бодох хэрэгтэй. Хуурамч гарын үсэг гараад ирлээ. 2009 онд хуралдсан холбооны Их хурлын протоколд Х.Баянмөнх аваргын гарын үсгийг ашигласан байна. Бид холбоог хагалан бутаргаад байгаа юм биш. Энэ бүх маргаан, үйл ойлголцлыг эхлүүлсэн хуурамч мэхэлсэн үйлдлийн учрыг эхлээд олох нь чухал. Үүнийг л хүсч байгаа. Хуурамч визний асуудалд холбогдож байгаа хүмүүстэй бид юу ярих юм бэ? Хуурамч визний хэрэгт холбогдсон удирдлагыг бид яаж хүлээн зөвшөөрөх юм бэ? Эндээс эхлээд л багш, дасгалжуулагч, тамирчид хохирч эхэлсэн шүү дээ. Одоогийн удирдлагууд чөлөөт бөхийн холбооны түүхийг бичсэн Х.Баямөнх, Ж.Мөнхбат, З.Ойдов нарын баатруудыг хууран мэхэлсэн нь одоо эцэстээ ил боллоо. Бид энэ бүгдийг баримт, нотолгоотой мэдэгдэж байгаа. Тэрнээс холбоог хоёр хуваагаад, хийх ажлаа олж ядсандаа хэрүүл хийгээд байгаа юм биш ээ. 

-Та бүхэн одоогийн чөлөөт бөхийн холбооны Удирдлагын багт саналаа хүргүүлж, хэлэлцээрийн ширээний ард суух ч юм уу, арга хэмжээ авсан уу? Энэ талаар хийсэн зүйл байгаа юу?

-Өнөөдөр бид тэдэнд хандах биш, харин тэд бидэнд хандах ёстой. Буруутай үйл ажиллагаа явуулсан, хууль зөрчснөө хүлээгээд, алдаагаа засч, ажлаа явуулъя гэвэл бид нээлттэй хүлээж авна. Буруутай зүйлс гарч ирээд байна, буруу ажиллаад байна гэдгийг мөн ч олон хэлж ирсэн дээ. Одоо бүр шүүх нотолчихлоо. Гэтэл нөгөө хүмүүсийн хандлага, ухамсар өөрчлөгддөггүй ээ. 

-Шигшээ багийн тамирчин, дасгалжуулагч болон холбооны гишүүд та бүгдийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн үү?

-Ер нь тамирчид, дасгалжуулагчид, шүүгч болон спорт сонирхогчид биднийг дэмжиж байгаа. Бид хоосон зүйл яриагүй учраас тэд дэмжиж байна. Дэлхий дээр хамгийн эцсийн нотолгоо юу байдаг вэ? Мэдээж шүүхийн тогтоол. Үүнээс өөр нотолгоо гэж байхгүй.

-Монголын чөлөөт бөхийн холбооны Онц их хурлыг зарлан хуралдуулна гэж та бүхэн мэдэгдлээ. Энэ хурлыг хэзээ хийхээр төлөвлөж байгаа юм бэ?

-Тамирчид, дасгалжуулагч нартай нээлттэй уулзалт хийнэ. Тэдэнтэй ярилцана. Чөлөөт бөхийн холбооны саналыг хүлээж авна. Одоогоор тов зарлаагүй байгаа. 

-Та бүхний энэ эсэргүүцэл, үйлдлийг тэмцэл гэж харж байна. Хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа хүмүүс байгаа юу?

-Тэмцэл гэхээсээ илүү хууль зөрчиж байгаа үйлдлийг илрүүлж, засч сайжруулан, зөв чиглэлд нь оруулахыг төлөө, чөлөөт бөхийн спортын ирээдүй, тамирчдынхаа төлөө санаа зовсондоо хийж байгаа хандлага юм. Тэмцэл гэдэг бол өөр. Бидэнд ямар нэгэн албан тушаал, эрх мэдэл хөөсөн зүйл байхгүй. Ганцхан алдааг засъя. Зөв гольдролд нь оруулья, олон мянган тамирчин, дасгалжуулагчдын эрх ашгийг хамгаалъя гэсэн үүрэгтэй ажиллаж байна.


ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБОО ХУУЛЬ БУСЫГ НОТЛОХ БАРИМТУУД
 

  • МЧБХ-г шинэчлэн зохион байгуулах Түр хорооноос дараах мэдээллийг хэвлэлийн бага хурлын үеэр танилцуулсан юм. Чөлөөт бөхийн холбоог хууль бус болохыг нотлох баримтууд хэмээн мэдэгдсэн уг мэдээллийг бүрэн эхээр нь хавсаргав.

Бид 2015 оноос хойш МЧБХ-ны явуулж буй хууль бус үйлдлүүдийг ил болгон Монгол Улсын хууль тогтоомж, МЧБХ-ны нийтээр баталсан дүрэм журманд нийцүүлэн ажиллах шаардлагуудыг удаа дараа тавьж хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байсан, гэвч МЧБХ өнөөгийн удирдлагууд гэх ах дүү хэсэг бүлэг нөхөд алдаа дутагдлаа засч МЧБХ-ны үйл ажиллагааг сайжруулхын оронд 60 жилийн түүхтэй Монголын спортын ууган холбоодын нэг болох МЧБХ-ны үүсгэн байгуулагчаар өөрсдийгөө өргөмжлөн хувийн компани мэтээр дүү нь ахдаа, ах нь дүүдээ албан тушаал бэлэглэн дур зоргоороо аашилж байна аа. Тэдний үнэн дүр төрхийг нь илчилж үйл ажиллагаагаа шудрага явуулж нийтээр баталсан дүрэм журамд нийцүүлэн ажиллахийг шаардсан, чөлөөт бөхийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа багш дасгалжуулагч биднийг албан тушаал булаацалдсан, хагалан бутаргасан гэх зэргээр элдэв нэр хоч өгөн гүтгэж, доромжилон, улс эх орныхоо төлөө, шудрага үнэний төлөө тэмцсэн багш нарын маань эрхийг хасч хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн үйлдлүүдийг удаа дараа гаргаж байна аа.

Тэгвэл бид өнөөдөр та бүхэнд ҮНЭНИЙГ, ЗӨВХӨН ҮНЭНИЙГ хууль зүйн нотолгоо бүхий “ШҮҮХ”-ийн шийдвэрийг үндэслэн мэдээлэл өгье!

Хуурамч визний хэрэг

Катарын Доха хотноо 2015 оны ААШТ-нд оролцож байж, улмаар РИО-гийн Олимпийн эрхийг авах, ДАШТ-нд оролцох эрхээ авах ёстой байсан манай зарим тамирчид энэ чухал хариуцлагатай тэмцээнд оролцож чадаагүйгээр барахгүй харь гүрэнд 40 гаруй цаг цагдан хоригдож байгаад эх орондоо ирсэнийг Та бүхэн санаж байгаа байх.

Тухайн үед, МЧБХ-ны ЕНБД О.Баянмөнх болон удирдлагууд хэвлэлийн бага хурал хийлгэн, энэ бол зөвхөн техникийн алдаа байсан гэж улайм цайм мэдэгдэл хийж, тухайн үед тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Болд нь дасгалжуулагчид болон бичиг хэргийн ажилтаны хайхрамж болгоомжгүйгээс алдаа гарсан, тэд өөрсдөө бараг буруутай мэтээр хэвлэлд ярилцлага өгч, визийн зөрчлийн улмаас шоронд хоригдсон тамирчидтайгаа хоригдож, тэднийгээ эх орондоо эсэн мэнд авч ирсэн дасгалжуулагч Б.Баяраад хариуцлага тооцох тухай сүржин мэдэгдэл хийж байсныг сэтгүүлч Та бүхэн мартаагүй байх.

Тэгвэл, энэ явдалд хэн буруутайг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015.11.06-ны өдрийн хурлаар “Шүүгдэгч Монгол овогт Ойдовсамбуугийн Баянмөнхийг ШУУД САНААТАЙ хэлбэрээр хуурамч бичиг баримт үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай” гэсэн шүүхийн шийдвэрээр үнэн зөв нь тогтоогдсон. (Шүүхийн тогтоол бий)

Дасгалжуулагчаа шүүхэд өгсөн холбооны ерөнхийлөгч 

Ийнхүү, МЧБХ-ны ЕНБД-ын шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэмт хэргийг шүүх тогтоогоод байхад хариуцлага хүлээн дасгалжуулагч тамирчдаасаа уучлалт гуйхийн оронд шударга үнэнийг хэлсэний төлөө нь дарамт шахалт үзүүлэн 2015 онд тухайн үеийн МЧБХ-ны Ерөнхийлөгч гэгдэж байсан иргэн Д.Дагвадорж ҮШБ-ийн 4 дасгалжуулагчийг өөрийн нэр төрд халдсан хэргээр шүүхэд өгсөн, тэгвэл уг хэргийг шүүх хянан шийдвэрлэн хэрэгсэхгүй болгосныг Та бүхэнд хууль зүйн нотолгоо бүхий баримтуудаар хэлье!!!

2017.09.25-ны БГДүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн хурлаар Д.Дагвадоржийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тогтоол энэ байна! Мөн түүнчлэн, 2017.11.27-ны Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн хурлаар Д.Дагвадоржийн давж заалдсан нэхэмжлэхийг мөн хэрэгсэхгүй болгосон.

Холбооны ерөнхийлөгч, УЗ-ийн гишүүдийн үндсэн үүрэг нь тив, дэлхийн аварга, олимпод бэлтгэхэд нь бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлж ажиллах ёстой байдгийг Та бүхэн мэдэж байгаа.

Гэтэл 2015 оны ДАШТ-ний болон 2016 оны олимпийн бэлтгэл, цугларалтад МЧБХ-ны Ерөнхийлөгч, УЗ-ийн гишүүийн нэг нь ч ирээгүй, ямар ч тусламж дэмжлэг, үзүүлээгүй харин ч эсрэгээрээ Олимпийн эрх авах ёстой 2015 оны ДАШТ-ний бэлтгэлийн ид үед, ажлыг нь хийж байгаа ҮШБ-ийн 4 дасгалжуулагчаа Холбооны үнэн бодит байдлыг хэлсний төлөө нь тэднийгээ, өөрийгөө л нэр төрийг гутаасан гэдгээр Д.Дагвадорж шүүхэд өгч, дарамталсан нь тамирчдын бэлтгэл алдагдуулахад хүргэснийг ЮУ ГЭЖ ойлгох вэ!

Олимпийн медалиа луйвардуулчихаад шудрага үнэний төлөө тэмцсэн багш нараа шийтгэсэн холбоо

Монголын ард түмэн 36 жил хүлээсэн Олимпийн медалийг авах агшныг, барилдааны цаг дууссаны хойно, дүрмээ зөрчин байж шүүгчид хормын төдий үгүй хийсэнд сэтгэл зүйн гэнэтийн хүнд цохилтон(шок)-д орсон хоёр дасгалжуулагчаа хамгаалахын оронд ДБНХ-нд арга хэмжээ авхуулхаар бичиг явуулан, МЧБХ-ны дүрэм ба Холбооны ёс зүйн дүрмээ зөрчин 3 жилээр эрхийг нь хасах шийтгэлийн арга хэмжээ авч, энэхүү туйлын хүнд үед нь дахин дарамтласан. Хамгийн гол нь МЧБХ-ны ерөнхийлөгчид сахилгын шийтгэл оногдуулах эрх хэмжээ байхгүй байхад буюу МЧБХ-ны Ёс зүйн дүрэмд огт байхгүй, шинэ заалтыг нэмж оруулан сахилгын шийтгэл оногдуулсныг ЮУ ГЭЖ ойлгох вэ, ЯМАР ЗОРИЛГОТОЙ байсан нь Та бүхэнд одоо ойлгомжтой болсон байх!

Үүнтэй холбогдуулан СБД-гийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд бидний гаргасан гомдлын дагуу 2017.10.18-ны СБД-гийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн хурлаас МЧБХ-ны ерөнхийлөгчийн 2016.08.30-ны өдрийн “Хариуцлага тооцох тухай” тушаалыг хүчингүй болгосон. (Шийтгэл оногдуулсан тушаал, шүүхийн тогтоол бий).

МЧБХ-ны удирдлагын бичиг баримт, тамга хуурамчаар үйлдсэн гэмт үйлдэл

Өнөөгийн МЧБХ-ны УЗ-ийн 2013.11.25-ны өдрийн хурлаар хэлэлцэн баталсан гэх дүрмийг 2017.10.13-ны өдрийн СБД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хурлаас хүчингүй болгосон. (МЧБХ-ны 2013.11.25-ны дүрэм, тэмдэглэл ба Шүүхийн тогтоол бий).

Түүнчлэн, “МЧБХ” нь 1994 оны 5-р сарын 18-ны өдөр үүсгэн байгуулагдсан болох нь 1994 оны 5-р сарын 18-ны өдрийн №254 дугаар гэрчилгээний хуулбараар нотлогдож байгаа”-г тус шүүх хурал тогтоон шийдвэрлэжээ. (Гэрчилгээний хуулбар ба Шүүхийн тогтоол бий).

Мөн түүнчлэн, МЧБХ-ны 2009.03.14-ны өдрийн ээлжит Их хурлын материалыг ашиглаж, тамга, бичиг баримтыг хуурамчаар үйлдэж хийсэн хурлын “Тэмдэглэл”, “МЧБХ-ны ерөнхийлөгчийг сонгох тухай” тогтоол №01, “МЧБХ-ны удирдах зөвлөлийг сонгох тухай” тогтоол №02, “МЧБХ-ны үүсгэн байгуулагчийг батлах тухай” тогтоол №03 тус бүрд зурагдсан хурлын дарга Х.Баянмөнхийн гарын үсэг хуурамч болохыг Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017.07.03-ны өдрийн 3254 дүгээр Шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна. (2009.03.14-ны №01, №02, №03, хурлын тэмдэглэл, ШШҮХ-гийн шинжээчийн дүгнэлт бий)

Түүнчлэн, Нийслэлийн Цагдаагийн Ерөнхий Газарт 2011 оны 03 дугаар сарын 08-ны өдөр тамгаа хураалган шинэ тамга хийлгэх хүсэлтээ МЧБХ-ноос албан тоотоор гаргасныг, УБЕГ-аас уг холбогдох хэрэгт шүүхийн журмаар гаргуулан авсан баримтаар нотлогдож байна. (МЧБХ-ноос НЦЕГ-т гаргасан албан тоот бий).

Иймд, 2009.03.14-ны өдрийн хурлын тэмдэглэл болон №01, №02, №03 дугаар хуурамч тогтоолуудад 2011 оны 03-р сараас хойш хэрэглэж ирсэн тамгаа дарсныг хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шинжлэн судлаад тогтоосон байна.

Хууль бус үйлдэл үргэлжилсээр юунд хүргэв

Эд нөхөд яагаад хууль бус үйлдэл хийх болсон бэ гэвэл, чөлөөт бөхийн хамт олны хурлыг үгүй болгосноор, зөвхөн хэдхэн хүн өөрөөр хэлвэл УЗ гэгч нь нууцаар хувилдан эрх мэдлийг гартаа авахын тулд тэдэнд “ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ” хэрэгтэй болсон.

Иймд, дээрх шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон “үүсгэн байгуулагч”-ийн 2013.03.19-ны өдрийн шийдвэр гэгчээр УЗ-ийн гишүүдийг сонгож, улмаар уг хууль бус УЗ-өөсөө ерөнхийлөгчөө сонгож, мөн зөвхөн Их хурлаар хэлэлцэж байж өөрчлөх ёстой Их хурлаар батлагдсан холбооны дүрмэнд өөрчлөлт оруулсан нь МЧБХ-ны хууль бус үйл ажиллагаа одоо ч үргэлжилсээр байгаад, асуудлын гол буюу маргаан зөрчлийг улам хурцадмал байдалд оруулж байгааг Та бүхэн ойлгож байгаа байх.

(2009.03.14-ний үүсгэн байгуулагчийг баталсан хуурамч тогтоол №03, 2013.03.19-ний үүсгэн байгуулагчийн шийдвэрийн хавсралтыг, тогтоол №35-ыг, МЧБХ анх үүсгэн байгуулагдсаныг нотолсон шүүхийн тогтоол бий).

Хуурамч бичиг баримт, тамга үйлдэн байж, зохиомол үүсгэн байгуулагчийг бий болгосноор МЧБХ-ны хууль бус үйл ажиллагаа үргэлжилсээр байгаа учраас, хууль бус одоогийн буюу өмнөх ерөнхийлөгчид сонгогдсон. Иймд энэхүү шударга бус, хууль бус холбооны үйлдлийг таслан зогсоох, шударга үнэний төлөө бид явж байгаа юм шүү!

2013.05.01-ний өдрийн УЗ-ийн хурлын №12 тогтоолоор Д.Дагвадоржийг ерөнхийлөгчөөр сонгоход үндэслэл болсон дүрмийн 4-р зүйлийн 4.6, 4.7 заалт бүхий холбооны дүрмийг батласан уг хурлын Тэмдэглэл болон Дүрмийг тус тус хүчингүй болгосон шүүхийн тогтоол бий.

Өөрөөр хэлбэл, холбооны дүрмийн 4-р зүйлийн 4.6, 4.7-г үндэслэн холбооны ерөнхийлөгчөөр Л.Дагвадоржийг сонгосон 2013.05.01 өдрийн УЗ-ийн хурлын Тэмдэглэл болон Дүрмийг шүүх хүчингүй болгосон нь Д.Дагвадорж эрх зүйн чадамжгүй, хууль бус ерөнхийлөгч болох үндэслэл нь мөн.

Иймд хуурамч бичиг баримт, тамга үйлдэн хуурамчаар (зохиомолоор) МЧБХ-ны “үүсгэн байгуулагч”-ийг бий болгосныг шүүх хууль ёсны нотлох баримтаар тогтоосон тул өмнөх буюу одоогийн (Дагвадорж ба УЗ, Сумъяабазар ба УЗ) МЧБХ-ны удирдах зөвлөл болон ерөнхийлөгч нь эрх зүйн чадамжгүй бөгөөд хууль бус удирдлага гэдэг нь дээрх баримтуудаар нотлогдоод байна.

 

Ч.БОЛОР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж