Хэрэв ОХУ-ын баг, тамирчид “Пёнчан-2018” өвлийн олимпод оролцохгүй бол “Россия” үндэсний олон нийтийн телевиз олимпийн тэмцээн, уралдааныг шууд дамжуулахгүй гэж мэдэгдлээ.
“Оросын үндэсний шигшээ багийн тамирчид 2018 оны Пёнчаны өвлийн олимпийн наадамд оролцохгүй бол бид олимпийн үйл ажиллагааг нэвтрүүлэх боломжгүй. Энэ байр сууриасаа ганхахгүй” гэсэн байна.
Олон улсын олимпийн хороо /ОУОХ/-ноос ОХУ-ын баг, тамирчдыг “Пёнчан-2018” өвлийн олимпод оролцохыг хориглосон шийдвэрийг өчигдөр /2017.12.05/ олон нийтэд зарласан юм. Гэхдээ сэргээш хэрэглээгүй, “цэвэр” гэдгээ баталсан орос тамирчдын ОУОХ-ны далбаан дор өрсөлдөхийг зөвшөөрсөн.
Спортын ертөнцийг донсолгосон дээрх шийдвэрийн хариуд Оросын улс төр, спортын хүрээний нөлөө бүхий эрхмүүд эсэргүүцэл, шүүмжлэлээ ил тод илэрхийлсээр байна.
С.ЦЭЛМЭГ