Томуугийн сайн дурын вакцинд хамрагдах боломжтой

Хуучирсан мэдээ: 2017.12.06-нд нийтлэгдсэн

Томуугийн сайн дурын вакцинд хамрагдах боломжтой

Томуугийн сайн дурын вакцинд хамрагдах боломжтой

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 4-ний өдрийн байдлаар амбулаторийн 89588 үзлэг хийснээс томуу, томуу төст өвчний 3872 тохиолдол оношлогдсон байна. Энэ нь нийт үзлэгийн 4,3 хувийг эзэлжээ.  Өнгөрсөн оны мөн үеийн дундажтай харьцуулахад энэ нь 2.2 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ. 

Томуугийн дархлаажуулалтад энэ жил улсын хэмжээнд нийт 350 орчим мянган хүн хамрагдсан байна. Мөн хөдөө орон нутагт 65046 иргэн хамрагджээ. Улаанбаатар хотын хэмжээнд Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн хоёр хүртэлх насны 46 мянган хүүхдийг уушгины хатгалгаа өвчний эсрэг вакцинаар дархлаажуулсан байна. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас вакцины тухайн жилийн найрлагыг баталдаг тул жил бүр шинээр хийлгэх шаардлагатай болдог. Энэ жилийн вакцин өнгөрсөн онтой ижил найрлагатай аж. 

Томуугийн 100 гаруй төрлийн вирус байдгаас манай улсад А, В вирус илүү давамгайлдаг байна. Иргэдэд хийсэн вакцин нь томуугийн А, В вирусыг дарангуйлж, дархлааг дэмжих үйлчилгээтэй. Вакциныг томуу дэгдэхээс сарын өмнө урьдчилж хийдэг гэж Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Халдварт өвчний тандалт, сэргэлт эрхэлсэн тэргүүн дэд захирал Б.Цацралт хэлэв. 

Вакциныг томуу дэгдэхээс сарын өмнө урьдчилж хийдэг. Иймээс өнгөрсөн аравдугаар сард вакцинжуулалтыг дуусгавар болгожээ. Вакциныг томуу дэгдэхээс сарын өмнө урьдчилж хийдэг бөгөөд одоогоор сайн дурын вакциныг хийлгэхийг хүссэн иргэд Халдварын эмнэлэгт очиж хийлгэх юм байна.

Томуугийн вакциныг хийлгэснээс хойш хоёр долоо хоногийн дараа дархлаа тогтож, бүтэн жилийн турш томуугаас сэргийлэх боломжтой болдог байна. Гэхдээ вакцинд бүрэн найдалгүй давхар дархлаагаа дэмжиж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байх нь чухал гэдгийг мэргэжилтнүүд зөвлөлөө.

Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн түргэн тусламжийн төвд 1376 дуудлага ирснээс 36,8 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж үйлчилгээ байсан байна. Томуу, томуу төст өвчлөл Сүхбаатар, Сонгинохайрхан дүүрэгт 5,1 хувийг эзэлж байгаа нь хамгийн өндөр үзүүлэлттэй гарчээ.

ТОМУУГИЙН ДАРХЛААЖУУЛАЛТ: 

  • Улсын хэмжээнд 2017 онд 350 мянган хүн дархлаажуулалтад хамрагджээ
  • Томуугийн 100 гаруй төрлийн вириус байдгаас манай улсад А, В вириус давамгайлдаг байна 
  • Долоо хоногт Амбулаторийн 89588 үзлэг хийснээс томуу, томуу төст өвчний 3872 тохиолдол оношлогджээ.
  • Томуугийн вакциныг хийлгэснээс хойш хоёр долоо хоногийн дараа дархлаа тогтож, бүтэн жилийн турш томуугаас сэргийлэх боломжтой 
  • Вакцинд бүрэн найдалгүй давхар дархлаагаа дэмжиж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байх нь чухал 

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж