Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцтай холбоотой асуудлаар нийтийн сонсгол хийх хүсэлтийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан гаргаж, 21 гишүүн дэмжсэн. Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооноос ажлын хэсэг байгуулагдан ажиллаад өчигдөр “Нээлттэй сонсгол бус нээлттэй хэлэлцүүлэг хийх” шийдвэр гаргасан юм.
Ингэхдээ УИХ-ын Тамгын газраас “Үндсэн хуулийн 33 дугаар зүйлд Ерөнхийлөгч Элчин сайдын томилгоог хийнэ гэж заасан байдаг. Уг заалтыг үндэслэж нийтийн сонсгол явуулах эрх нь зөвхөн Ерөнхийлөгчид хамаарна” гэж тайлбарласан байна.
Энэ талаар УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга О.Содбилэгээс тодруулсан юм.
Тэрбээр “Энд нэг зүйлийг тодотгож хэлмээр байна. Б.Хурцыг Элчин сайдаар томилох асуудлыг Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо дэмжсэн. Уг асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэх үед гишүүдийн нэр төрд халдсан гэдэг асуудал хөндөгдсөн. Тиймээс Элчин сайдын томилгоог хэлэлцэх асуудлыг түр хойшлуулаад, гишүүдийн нэр төрд халдсан эсэх асуудлыг Тусгай хяналтын дэд хороогоор хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн. Тэрнээс биш нийтийн сонсгол хий гэж хойшлуулаагүй.
Нийтийн сонсголын хуулийг хэрэгжүүлэхэд бэрхшээл тулгарч байгаа. Томилгооны сонсгол хийх нарийвчилсан журмыг гаргах шаардлагатай нь энэ үйл явдлаас харагдаж байгаа. Тийм учраас ажлын хэсгийн гишүүд байнгын хороон дээр нээлттэй хэлэлцүүлэг хийе гэдэг санал гаргасан. Ажлын хэсгийн гаргасан саналыг байнгын хороо дэмжвэл нээлттэй хэлэлцүүлгийн товыг тогтооно” гэв.