Бутаны хатан Жецун Пема 21 настайдаа хааны гэр бүлийн гишүүн болжээ. Өдгөө тэрбээр 27 настай боловч дэлхийн хамгийн залуу хатан гэх статусаа алдаагүй л байна.
Гэрлэхээсээ өмнө тэрбээр Английн нийслэл Лондон хотын Regent’s коллежид олон улсын харилцаа, сэтгэл судлаач, урлагийн түүхийн чиглэлээр суралцсан юм. Сургуулиа төгсмөгц тэрбээр Бутан руу буцжээ. Удалгүй түүнийг “Луугийн хаан” хэмээн өргөмжлөгдсөн Бутаны эзэн хаан Жигмэ Хесар Намгуэл Ванчуктэй гэрлэх болсныг хааны ордноос албан ёсоор мэдэгдсэн байна.
“Би гэрлэх гэж нэлээд азнасан. Гэхдээ зөв хүнтэйгээ учирсан бол хэр удаан хүлээх нь хамаагүй. Би заяаны ханьтайгаа учирсан гэдэгтээ итгэлтэй байдаг” гэж хожим эзэн хаан ярьжээ.
Тэдний хуримын ёслол 2011 оны аравдугаар сард болж, залуу хатагтай өөрөөсөө 10 насаар ах эзэн хааны гэргий болсон байна. Хуримын ёслолын сүүлийн өдөр Бутаны 50 мянган иргэн хүндэтгэлийн ёслолд оролцжээ.
Хатан Жецун Пема 2016 оны хоёрдугаар сард амаржиж, Бутаны хаан ширээ залгамжлах хүү төрүүлсэн юм. Хунтайжийг Жигмэ Намгуэл Ванчук гэдэг аж.
Хаан, хатан хоёрыг өдгөө “Гималайн тэртээх Уильям, Кейт хоёр” хэмээн нэрлэдэг.
С.ЦЭЛМЭГ