“Манай нэг ажилтны ах нь нас бараад хүн бүл муутай учир чөлөө авъя гэхэд “Чиний төрсөн эцэг, эх чинь биш гээд чөлөө өгөхгүй” гэх тохиолдол гарсан. Хэрвээ явбал тэр чигээрээ яваарай гэж дарамталсан. Энэ мэт асуудал их гардаг”.
Дээрх жишээг өнөөдөр /2017.12.06/ болж байгаа “Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэл болон хувийн хэвшил дэх хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр жишээ болгон ярьж байлаа.
Тус хурлыг Монгол улсын хүний эрхийн үндэсний комисс зохион байгуулж байгаа юм. Уулзалтад хүний эрхийн Үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж, Монгол улсад Европын холбооны төлөөлөгчийн газрын хэргийг түр хамаарагч Марко Ферри нар болон салбар хариуцсан сайд нар оролцлоо.
Энэ үеэр Монгол улсын Хүний эрхийн Үндэсний комисс Европын холбооны санхүүжилтээр “Жижиг дунд үйлдвэр дэх хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал” сэдэвт хийсэн судалгааг танилцууллаа. Судалгааг Монгол улс дахь хөдөлмөрийн хүрээний суурь зарчим ба эрхийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг Засгийн газар, холбогдох байгууллагуудад хүргүүлэх юм байна. Судалгааны үр дүнд 78 аж ахуй нэгж байгууллагын ихэнхэд ажлын байрны дарамт, нас хүйс зэргээр ялгаварлан гадуурхалт их байсныг тэд онцоллоо. Үүнд :
- Эвлэлдэн нэгдэх эрх чөлөө, хамтын гэрээний хэрэгжилт хангагдахгүй байх
- Албадан хөдөлмөрийн зарим хэлбэр илэрч байна
- Цалин хөлсний хувьд доогуур үзүүлэлттэй
- Удирдлагын зүгээ ажлын байран дахь дарамт шахалт, ялгаварлан гадуурхдаг
- Хөдөлмөрийн гэрээ байгуулсан ч гэрээний нэг хувийг олгохгүй байх, туршилт болон дагалдангаар цалингүй ажиллуулах тохиолдол ихээр гарч байна гэх судалгаа гарчээ.
Нийгмийн хэрэгцээ шаардлагаар ажил олгогч ажилтны эрх үүрэг харилцааг зайлшгүй зохицуулах хуулийн шинэ заалт хэрэгтэй байгаа гэдгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хэлж байлаа. Тэрбээр “Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулаад засгийн газрын хурлаар хэлэлцүүлэх гэж байна. Одоогийн мөрдөгдөж байгаа Хөдөлмөрийн тухай хууль бол 1999 онд батлагдсан. Өнгөрсөн хугацаанд нийгэм эдийн засгийн өөрчлөлтүүд их боллоо. Энэ өөрчлөлтийг дагаад хөдөлмөрийн харилцаа ч мөн адил шинэчлэгдэж одоогийн мөрдөгдөж байгаа хууль үүнийг хангаж чадахгүй байна. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг яаралтай их хурлаар батлуулж, хэлэлцэх шаардлагатай байгаа гэв.
Хөдөлмөрийн тухай хуульд хөдөлмөрийн хяналтын тогтолцооны талаар дараах нэмэлт өөрчлөлтийг оруулах хүсэлтэй байгаа бөгөөд Монгол улсын засгийн газарт хүргүүлэх юм байна.
- Адил тэгш цалин хөлсний хөтөлбөр гэж нэрлэгддэг хөтөлбөрийг хэрэгжүүлэх.
- Ажлын байран дахь дарамтын хэлбэрүүдээс урьдчилан сэргийлэх, арга хэмжээг хэрэгжүүлэх талаар ажил олгогчийн үүргийг байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, ажил олгогчийн ажлын байрны тодорхойлтод тусган хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах.
- Байгууллагын дотоод журам боловсруулах хөдөлмөрийн гэрээ байгуулах, хөдөлмөрийн маргаан таслах комисс байгуулах, ажиллах журмын талаарх зөвлөмжийг шинэчлэн найруулах.
- Төрөөс насанд хүрээгүй хүний хийхийг хориглосон ажлын байрны жагсаалтыг судалгаа шинжилгээнд тулгуурлан гаргах.