Ер нь бол Монголын нэгээхэн том голын нэг Туулын сав газрыг ухаад хайрга, элс, хар шороог нь зөөн Улаанбаатардаа бетон барилга босгоод, зүлэг ургуулах гэж нарийн тоос босгоод байх ч албагүй. Сонгино, Биокомбинатын тэр хавь нь Улаанбаатарын эко ногоон хотхон болох ёстой мэт санагдаад байгаа юм.
Нийгмийн хариуцлага гэж нэг юм байх ёстой. Хаа тэртээ социализмын үеийн хайрга, шороо зөөх цэг байсан газрыг өнөө цагт “орд” гэж үзээд байгааг юу гэж ойлгох вэ. Сонгиноныхон, Биокомбинатынхаа бодсон, хүн гэж тооцоод хамаарах нөхдөөс нь хариуцлага нэхэж байх ёстой мэт санагдана.
Зах зээл гээд хүнээ бодохгүй орхидгоо болимоор юм аа. Зах зээл ардчилал гэсээр 20 жил өнгөрөхөд төрийн хар хайрцаг гэж том дуугарахаасаа өмнө дарга нар маань биднийгээ мартаа юу гэлтэй. Танд туслахаасаа өмнө эрх баригчид бороохойдохоо л мэдэж ирлээ. Дургүй нь ихээхэн хүрвэл “долоон сарын 1” шиг ч болгож магадгүй. Эрх мэдэлтэй баячууд нүүрс, зэсийн сургаар юу ч хийхээс буцахгүй болжээ.
Таныг шөнө амар ч байхад чинь эсвэл өвчин зовлонтой хүнээ арай гэж амраагаад байтал, нялх хүүгээ унтуулаад байтал нир хийтэл ёслолын буудлага хийлгээд тачигнуулж мэдэх хэмжээний нийгмийн хариуцлага тэдэнд үлдэж. Нүүрс зэсэнд ойрхон гээд “Туулын голын мөсийг долоож олсон” мөнгөөрөө хурдан морины хөшөө байгуулаад жиипээрээ тойруулчихдаг тэр хүмүүс нийгмийн хариуцлага гэж сонсохоос өөрийгөө чагнан суудаг нь нууц биш л дээ. Харин тэдний үлгэр дууриалал нь том, жижиггүй бүгдэд нөлөөлөх нь аймшгийн. Дуурайгчид нь өдөржин шөнөжин шоугаа хийгээд эмнэлэг цэцэрлэгийн дэргэд ёслолын буудлага буудан их хотоо гэрэлтүүлнэ. Адгийн архичин хүртэл дагаад хэзээ ч хамаагүй орилдон хараалдана. Хэн нь юугаа хэрхэн хийх нь хамаагүй гэх энэ их нийтийн өвчин хайрга чулуу зөөгч нарт ч халджээ. Үүнийг эмчлэхээр хаалт босгосон нь яамай даа.
Эцэст нь хэлэхэд дарга тушаалтан бүрийг муу гэсэнгүй. Тухайлбал хот тохижуулалтад нэг их “сайн дарга” байх шиг. Явган хүний замын шахмалыг хийлгэхдээ тэр дарга хөгжлийн бэрхшээлтэй гэх хараагүй хүмүүсийн замыг тусгай хавтангаар шахаад өгсөн байна лээ. Харин тэр замыг нь хааж ургасан модны мөчрүүд хараагүй хүний духыг дэлсэж нөгөө даргын сэтгэлийн “өгөөмрийг” баллачихгүй байгаа даа.