Пёнчаны олимпийн тосгонд ОХУ-ын далбаа мандахгүй. Олимпийн мөсөн гулгуурын талбайд орос “школа”-оор бэлтгэгдсэн уран гулгагчид гарахгүй. Хоккейн “цус гарсан” тулаанд хүчирхэг Оросын баг байхгүй. Биатлон, цанын цасан замд хойд хөршийн тамирчдыг харахгүй. Ерөөс олимпийн цэнгэлдэхэд ОХУ-ын далбаа мандаж, төрийн дуулал эгшиглэхгүй.
Олон улсын олимпийн хороо /ОУОХ/-ноос Пёнчаны өвлийн олимпод ОХУ-ын баг тамирчдын оролцох эрхийг хасав. Гэхдээ сэргээш хэрэглээгүй гэдгээ баталж чадсан Оросын тамирчид ОУОХ-ны далбаан дор өрсөлдөх эрх нь нээлттэй. Одоогоор чухам хэдэн тамирчин эх орноо төлөөлж бус, хувийн амжилтын төлөө ОУОХ-ны далбаан дор олимпод оролцох нь тодорхой бус байна. ОУОХ-ны шийдвэрийн хариуд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин “Пёнчан-2018” өвлийн олимпийг бойкотолж, нэг ч тамирчнаа илгээхгүй байж мэдэх мэдээлэл ч гарч эхэллээ.
ОХУ-ын Сочи хотноо болсон 2014 оны өвлийн олимпоос үүдэлтэй допингийн дуулиан эцэстээ ийм үр дагаварт хүргэж байна.
Швейцарийн ерөнхийлөгч асан Самуэль Шмидээр ахлуулсан ОУОХ-ны ажлын хэсэг 17 сарын турш мөрдлөг, шалгалт явуулж, тэрхүү тайланд үндэслэн гаргасан шийдвэрийг мягмар гаригт /2017.12.05/ олон нийтэд зарласан юм.
“Оросгүй олимп” олон талаараа маш өөр болно. Тэмцээн, уралдааны өрсөлдөөн, үзүүштэй байдал, цаашлаад хөрөнгө, мөнгө, шууд дамжуулалтаас олох орлого, үзэгчдийн тоо гээд олон асуудал тоочиж болно. Оросууд сүүлийн зургаан удаагийн өвлийн наадмаас зөвхөн уран гулгалтын төрөлд боломжит 26 алтан медалийн 14-ийг нь авч, нийт 26 медаль хүртсэнээс харахад тэдний ямар өрсөлдөгч гэдгийг түвэггүй харж болно.
Бизнес талаасаа ОУОХ-ны дээрх шийдвэр Пёнчанд том цохилт болох нь гарцаагүй. Олимпийн зохион байгуулалтад 55 тэрбум ам.доллар зарцуулсан Өмнөд Солонгосын засгийн газар хэдэн тэрбумыг салхинд хийсгэсэнтэй адил юм.
Оросын тамирчдыг дагаад тэдний гэр бүл, найз нөхөд, хөгжөөн дэмжигч, шүтэн бишрэгч, энгийн үзэгч гээд мянга мянга оросууд Пёнчаныг зорихоос татгалзана. Телевизийн шууд дамжуулалт ч огт өөрөөр эргэнэ. Өвлийн спортын түүхэнд хамгийн арвин намтар түүхтэй дэлхийн том гүрний эзгүйд спорт сонирхогчдын хандлага ч өөрчлөгдөх нь гарцаагүй.
ЯАГААД ОРОСЫН ЭСРЭГ ХОРИГ ТАВИХ БОЛОВ?
“Сочи-2014” олимпийн үеэр ОХУ-ын допингийн эсрэг агентлагийн даргаар ажиллаж байсан Григорий Родченков бүхнийг илчилсэн юм. Нутагтаа зохион байгуулсан олимпод багийн дүнгээр тэргүүлэх зорилгоо биелүүлэхийн тулд төрийн санхүүжилтээр “допингийн хөтөлбөр” хэрэгжүүлсэн, улмаар тамирчдын сэргээшийн эсрэг шинжилгээний хариуг будилуулсан гэх мэдээллийг тэр анх нийтэд дэлгэсэн.
Түүний мэдээллийн мөрөөр Дэлхийн допингийн эсрэг агентлаг /WADA/ Канадын хуулийн профессор, спортын хуульч Ричард МакЛареныг тусгайлан томилж, шалгуулжээ.
ОУОХ-НООС ОРОСТ ӨӨР ЯМАР ШИЙТГЭЛ ОНООВ?
Пёнчаны олимпод оролцохыг хориглосноос гадна ОХУ-ын ерөнхий сайдын орлогч, Спортын сайд асан Виталий Мутког хойшид олимпизмын үйл ажиллагаанд оролцох эрхийг нь хасчээ. Тэрбээр өдгөө 2018 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах комиссын даргаар ажиллаж байгаа юм.
ОУОХ-ны мэдэгдлийн дараа FIFA-гийн зүгээс “ОУОХ-ны шийдвэр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэл ажилд нөлөөлөхгүй” гэж мэдэгдээд байна.
FIFA-гийн тэргүүн мөн хөлбөмбөгийн спортыг допингоос ангид байлгахын тулд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллана гэдгээ илэрхийлжээ.
ОУОХ-ны бусад шийдвэр:
- ОХУ-ын Спортын яамны албан тушаалтныг “Пёнчан-2018” өвлийн олимпийн үйл ажиллагаанд нэвтрэхийг хориглох
- Спортын дэд сайд асан Юрий Нагорныхыг хойшид олимпизмын үйл ажиллагаанд оролцохыг бүрмөсөн хориглох
- “Сочи-2014” өвлийн олимпийн зохион байгуулах хорооны гүйцэтгэх захирлаар ажилласан Дмитрий Чернышког “Бээжин-2022” олимпийг хамтран зохион байгуулах зөвлөлийн бүрэлдэхүүнээс хасах
- ОХУ-ын олимпийн хорооны ерөнхийлөгч Александр Жуковыг Олон улсын олимпийн хорооны гишүүний эрхээс түдгэлзүүлэх
- Мөрдөн шалгалтын хугацаанд зарцуулсан нийт зардал болох 15 сая ам.долларыг ОХУ-ын олимпийн хорооноос гаргуулах
- Хэрэв ОХУ нь ОУОХ-ны шийдвэрийг хүндэтгэн хэрэгжүүлбэл “Пёнчан-2018” өвлийн олимпийн хаалтын ажиллагаагаар хоригийг цуцлах зэрэг шийтгэл багтжээ.
ОРОС ЯМАР ХАРИУ ҮЗҮҮЛЭВ?
ОХУ-ын олимпийн хорооны ерөнхийлөгч Александр Жуков “ОУОХ-ны шийдвэрт сайн, муу аль аль нь бий” гэсэн байна.
Сэргээшийн дуулианд холбогдоогүй, “цэвэр” тамирчдыг Пёнчаны олимпод оролцохыг зөвшөөрсөн нь сайн хэрэг, гэвч эх орныхоо далбаан дор бус, ОУОХ-ны нэр дээр оролцохыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн байр сууриа илэрхийлжээ.
“Цэвэр” тамирчид Пёнчаны олимпод оролцох эсэх шийдвэрийг хараахан эцэслээгүй гэж тэрбээр мэдэгдсэн байна.
С.ЦЭЛМЭГ