"Улсын төсөв, нэгдсэн төсөв хоёрыг хольж хориг тавьсан"

Хуучирсан мэдээ: 2017.12.06-нд нийтлэгдсэн

"Улсын төсөв, нэгдсэн төсөв хоёрыг хольж хориг тавьсан"

"Улсын төсөв, нэгдсэн төсөв хоёрыг хольж хориг тавьсан"

Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас Европын холбоо Монгол Улсыг хар жагсаалтад оруулсан тухай, мөн Ерөнхийлөгчийн 2018 оны төсвийн хуульд тавьсан хэсэгчилсэн хоригийн талаар тодрууллаа.


-Европын холбооноос Монгол Улсыг “хар жагсаалтад” оруулжээ. Энэ тухай мэдээллийг Засгийн газарт ирүүлсэн байгаа юу?

-2017 оны зургадугаар сараас эхлэн Европын холбоо манай Сангийн яамтай харилцаж эхэлсэн юм билээ. Манай улс нь ил тод байх зарчмыг хууль, тогтоомжид тусгах шаардлагатай гэж тус холбоо үзэж байгаа талаараа өмнө нь ч хэлж байсан. Учир нь Европын холбооноос тавьж буй шаардлагад бусад орны иргэд Монголын ААН, арилжааны банкуудад ямар хувь эзэмшиж байгаа болон ямар данс эзэмшиж байгаа зэрэг мэдээлэл ил тод байх ёстой гэдэг шаардлагыг тавьж байгаа. Өөрөөр хэлбэл, гадны улсын иргэдийн татвар, арилжааны банкуудын дансны мэдээлэл ил байх, мэдээллийг нээлттэй солилцдог байх ёстой гэж үзэж байгаа юм билээ. Энэ талаар хууль эрх зүйн зохицуулалт хийх ажлыг Сангийн зохион байгуулахаар ажиллаж байна.

Монгол Улсыг хар жагсаалтад багтаах нь ямар үр дагавар дагуулах эрсдэлтэй вэ?

-Мэдээж, энэ бол таатай зүйл биш. Монгол дахь гадны иргэдийн данс, татварын мэдээллийг бусад орнуудтай нээлттэй солилцдог л болох ёстой юм. 

-Энэ мэдээлэлтэй холбогдуулан Европын холбоо руу гаргах экспорт, гадаад худалдаанд эрсдэл саад үүсэх үү?

-Энэ тал дээр бол ямар ч эрсдэл үүсэхгүй. Энэ бол анхааруулгын арга хэмжээ. Сангийн яамнаас 2019 онд багтаагаад хууль эрхзүйн орчноо сайжруулахад болох юм. Бид Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулж, нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна.

-Ерөнхийлөгч 2018 оны төсвийн зургадугаар зүйлд хориг тавьсан. Хориг үндэслэлтэй юу?

-Ерөнхийлөгчийн хоригийг уншиж үзсэн. Хоригт хэд, хэдэн алдаа харагдаж байсан. Тухайлбал, улсын төсөв, нэгдсэн төсөв хоёрын агуулгыг нь ойлгоогүй, холиод бичсэн харагдаж байна. УИХ нэгдсэн төсөв биш зөвхөн улсын төсвийг баталдаг. Нэгдсэн төсөв бол улсын төсөв, орон нутгийн төсөв, нийгмийн даатгалын сан зэрэг дөрвөн бүрэлдэхүүнээс бүрддэг. Орон нутгийн төсвийг аймгийн ИТХ баталдаг. Тэгэхээр хоригт бичихдээ өөрсдөдөө тааруулаад тоогоо сонгочихсон бололтой.

Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 14-нд баталсан 2018 оны төсвийн алдагдлыг өнөөдрийг хүртэл ДНБ-ий 9,5 хувь гэж ойлгож байгаад үнэхээр харамсч байна. Төсөвт алдагдлыг ДНБ-ийн найман хувиас доошгүй байхаар тооцож, баталсан. Төсвийн алдагдлыг 1,5 хувиар буулгана гэдэг 600 орчим тэрбум төгрөгийн зөрүүтэй. Аймаг, нийслэлийн төсвийг өчигдөр батлагдсан, мөн энэ сарын 20-оос өмнө сум, дүүргийн төсвийг батлах ёстой. Ингэж байж Монгол Улсын нэгдсэн төсөв бүрэн батлагдана. Тиймээс хуулийн хугацаатай, цаг хугацааны хувьд шахагдсан учир хоригийг яаравчлан шийдвэрлэх шаардлагатай. Үүний дараа төсвийг зохион байгуулах гэх мэт маш олон ажил явагдана.

-Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьснаар ямар эрсдэл үүсэж болох вэ?

-Монгол Улс ОУВС-тай хамтарч 2017 оны дөрөвдүгээр сараас хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Хоригт ОУВС-тай хамтарч байгаа хөтөлбөрийг буруутгасан зүйл бичсэн байсан. Түүний цаана манай улсад 5,5 тэрбум ам.долларын санхүүжилт өгөх донор  улсууд, байгууллагуудын нэр хүндэд халдаж байгаад санаа зовж байна. ОУВС-гаас хоригтой холбогдуулан бичиг Сангийн яаманд ирүүлсэн.  Энэ сарын 15-нд ОУВС-гийн захирлуудын зөвлөл хуралдаж, Монголд хэрэгжүүлж буй хөтөлбөрийг үргэлжлүүлэх эсэхээ хэлэлцэнэ. Үүнээс өмнө хоригийн асуудлыг шийдвэрлэхгүй бол Захирлуудын зөвлөлийн хурал дахин хойшлох эрсдэл үүсч байгаа юм.

-Хоригт УИХ-ын гишүүдэд гурван тэрбум төгрөг төсөвлөсөн гэдгийг тодотгосон. Мөн УИХ-ын гишүүд ч энэ хэмжээнд тойрогтоо  хөрөнгө оруулалт татсан гэх мэдээллийг өгч байгаа. Хоригт шүүмжилсэн гурван тэрбум төгрөг ямар учиртай мөнгө юм бэ?

-Сая энэ талаар бол тайлбарлаагүй. Харин УИХ-аар хэлэлцэгдэх явцад нэмэгдсэн хөрөнгө оруулалтын талаар нэлээн ярьсан. Энэ бол УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Монгол Улсын татварын гүйцэтгэлийг харахад хөдөө орон нутагт татвар төлөлт буурах хандлага байгаа. Үүнээс үзэхэд хөдөө орон нутагт ААН-үүд үндсэндээ үйл ажиллагаагаа зогсоосон, ажилгүйдэл нэмэгдэж байна.  Тэгэхээр эдийн засгийг сэргээх хүрээнд төсөвт 683 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт суулгасан. Хөрөнгө оруулалтыг дагаад олон бодит үр дүн гарна. Тиймээс би хөрөнгө оруулалтыг хэзээ ч буруутгахгүй, харин ч эдийн засаг сэргэнэ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж