Монгол судлалын мэргэд өнөөдөр чуулна

Хуучирсан мэдээ: 2011.08.09-нд нийтлэгдсэн

Монгол судлалын мэргэд өнөөдөр чуулна

Дэлхий Монголчуудыг хэзээнээс сонирхон судалж эхэлсэн бэ гэж асуухад эрдэмтэд дэлхийн II дайнаас хойш гэж хариулдаг. Харин зарим түүх сурвалжид өгүүлснээр бол Солонгосын эрдэмтэд аль13 дугаар зууны үеэс Монголыг тэр дундаа монгол хэлийг нь судалж эхэлсэн гэж өгүүлжээ. Үүнийг нотлох нэг жишээ нь 1768 онд Солонгосын монголч эрдэмтэн “Моно Люхэ” нэртэй монгол солонгос эхлний тольж бичгийг хийж байжээ. Мэдээж энэ нь тухайн үедээ Монгол-Солонгосын харилцаанд гүүр болсон алхам байлаа. Эхэн үед монгол судлал нь зөвхөн хэл зүйн шинжтэй байснаа сүүлдээ ном ном зохиолын орчуулгын төвшин рүү шилжжээ. Дэлхийн эрдэмтэд монголыг сонирхон судалж байгааг хаа хаанаа мэдэж байсан ч эдгээр хүмүүсийн бүтээлийг 1959 онд л нэгтгэж, шинжлэх ухааны төвшинд оруулсан юм. Энэ үед манай улс шинжлэх ухаанаас илүүтэй спорт, урлагын төрлүүдээр л олон улсын шинж чанартай уулзалтыг зохион байгуулдаг байлаа.

Харин 1959 оны 9 дүгээр сарын 1-нд Олон  улсын шинжлэх ухаан эрдэмтдийн их хурлыг анх зохион байгуулсан нь дэлхийн монголч эрдэмт­дийг нэгтгэх анхны оролдлого болжээ. Энэ хурлыг анхлан санаачилсан хүмүүс гэвэл академич Бямбын Ринчен, академич Цэндийн Дамдинсүрэн, ака­демич Шадавын Лувсанвандан нарын ахмад эрдэмтэд байсан юм. Анхдугаар их хурал нь дэлхийн олон орны мхонголч эрдэмтний эрдэм судлалын үйл ажиллагаа, хамтын хүчин зүтгэлийг анх удаа нэгтгэн өгч, олон улсын монгол судлалын хөгжилд цоо шинэ үе шатыг нээсэн томоохон үйл явдал болсон билээ.

Монголч эрдэмтний есөн удаагийн их хурал нь Улаанбаатар хотны таван жилийн давтамжтай хуралдсан бөгөөд сүүлийн үеийн их хурлуудад 30-аас 40 орны 300-аас 400 монголч эрдэмтэн тогтмол оролцож, илтгэл хэлэлцүүлсэн бөгөөд хурлын илтгэлүүдийг 3-5 ботиор тусгайлан хэвлүүлж олны хүртээл болгосон байна.

Дэлхий дахинд өөрсдийн орны та­лаар судалсан судлаачийн бүтээлийг нэгтгэх ойлголт нэн эртний байдаг ажээ. Учир нь МЭӨ 320-иод онд агуу их Македоний Александр өөрийн но­мын санг байгуулж, Грекын тухай бичсэн бүтээл туурвилуудыг цуглуулан судлуулж байсан түүх бий. Шинжлэх ухаан болж хөгжсөн түүхийг эрдэмтд 13 дугаар зууны дунд үеэс гэж үздэг. Энэ салбар нь дэлхийн бусад орнуудад хамгийн чухал салбар болж хөгжилд тодорхой хэмжээний нөлөө үзүүлдэг хэмээн ойлгодог ажээ. Харин манай улсад шинжлэх ухаан болж системтэй хөгжсөн нь 1959 оноос хойш ажээ.

т.Дорж: Байгалийн баялаг илэрч дэлхийн томоохон гүрнүүд монголыг сонирхож байгааг дагаад Монгол судлал ч маш ихээр хөгжиж байна


Олон улсын монголч эрдэмтдийн Х бага хурал өнөөдөр буюу наймдугаар сарын 9-нөөс 13-ны хооронд Монгол улсад зохион байгуулагдах гэж байна. Энэ жилийн хуралдаан болон монгол судлалын талаар Монгол улсын шинжлэх ухааны академын гишүүн, академич т.Доржоос цөөн асуултанд хариулт авлаа.

-Олон улсын монголч эрдэмтдийн X их хурлын талаар товч мэдээлэл өгөхгүй юу?

-Олон улсын монголч эрдэмтдийн Х их хурлыг “Олон улсын Монгол суд­лалын холбоо”, “Монгол улсын шинжлэх ухааны академи” “Монгол улсын их сургууль” хамтран зохион байгуулж байгаа юм. Хурал таван жил тутамд нэг удаа хуралддаг. Гэхдээ энэ жилийн хурал Хүннү гүрэн байгуу­лагд­саны 2220 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 805, Ардын хувьсгалын 90, Тусгаар тогтнолын 100 жилийн тэгш ойнуудтай давхар тохиож буйгаараа онцлог. Энэ хуралд одоогоор дэлхийн 30 гаруй орноос 200 гаруй эрдэмтэн судлаачид ирж оролцож байна. АНУ, Голланд, ОХУ, Хятад гэх зэрэг томоохон гүрнүүдээс ч бас оролцож байгаа. Манай талаас нийт 100 гаруй эрдэмтэн, судлаачид оролцох юм. Энэ жилийн хурал “Монголын гадаад харилцаа ба түүхэн туршлага” гэсэн ерөнхий сэдвийн дор нийт таван бүлэгтэйгээр зохиогдоно. Эхний бүлэг нь “түүхийн өмнөх үе болон түүхэн үеийн Монгол ба гадаад ертөнц”, дараагийн бүлэг нь “Монгол хэл соёлын тулгамдсан асуудал”, гуравдахь бүлэг нь “Монголын эдийн засаг улс төр”, дөрөв дэх салбар нь “Монголын гадаад харилцаа дипломат ёс”, сүү­лийн бүлэг нь “Монголын тусгаар тогтнол хувьсгал” гэсэн сэдэвтэйгээр зохиогдох юм. Энэ удаагийн хуралд оролцож байгаа эрдэмтэд энэ таван салбар чиглэлийн хүрээнд өөрсдийн судалгаа шинжилгээний материалуудаа хэлэлцүүлж, мэдээдлэл солилцоно. Хам­гийн гол ач холбогдол нь харилцан туршлага солилцож, цаашдын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд оршиж байгаа.

-Монгол судлалын талаар дэл­хийн хэдэн оронд тусгайлсан танхим бай­гуулан үйл ажиллагаагаа явуулж байгаа вэ?

-Дэлхийн 20 гаруй орны их дээд сургууль, шинжлэх ухааны бай­гуул­лагуудад 1000 гаруй судлаач, шин­жээ­чид монгол судлалын асуудлыг судалж байна. Ер нь монгол судлал гэдэг бол их өргөн хэмжээний асуудал. Энэ нь зөвхөн хэл, соёлын асуудал биш. Үүнд эдгээрээс гадна улс төр, эдийн засаг, технологи, шашин, хууль, эрх зүй гэх мэтчилэн олон салбарыг хамран судалдаг өргөн  хэмжээний судалгаа шаардсан зүйл юм. Сүүлийн үед гадны орнууд манай орныг их сонирхож байна. Учир нь газрын доор их баялаг илрээд эдийн засгийн томоохон боломжтой улс гэдгээ харуулаад байгаа. Энэ цаг үед үүнийгээ дагаад монгол судлалын эрдэмтдийн тоо ихээхэн нэмэгдэж байгаа юм. Тэд монголын түүх, эдийн засаг, хууль, эрх зүй, нийгмийн харил­цаа, хэл соёл зэрэг бүх л зүйлийг мэдсэн байх шаардлагатай болно. Тиймээс мон­гол судлаачид нэмэгдэх хандлага ажиглагдаж байна.

-Монгол судлал ер нь хэр зэрэг ач холбогдолтой шинжлэх ухааны салбар вэ?

-Ач холбогдолтой байлгүй яахав. Тухайн улс орны талаар гадаад орнууд мэддэг байх нь чухал. Тухайн орны талаар судалдаг судлаачид, байгууллагууд олширох тусам дэлхий тэр улсыг мэдэж байдаг болохоор энэ нь маш чухал асуудал.

-Манайд энэ салбар хэр зэрэг хөгж­сөн салбарт тооцогддог вэ?

-Манайд уг салбарыг 1950-иад оны эцсээс албан ёсоор хөгжсөн гэж тоо­цог­дог. Тиймээс манайд залуу сал­бар гэж бол­но. Гэхдээ монгол судлалын талаар мэргэшсэн хүмүүс үүнээс өмнө нь ч байсан. Зарим сурвалжид монголын хэл соёлын тухай Солонгос улс аль 13-р зууны үед судалж байсан гэж ч бичсэн нь бий.

-Энэхүү хурлаар монгол судлалын цаашдын ирээдүйн тухай бодлогын чанартай асуудлууд яригдах болов уу?

-Энэ бол мэдээж. Ер нь өмнөх хуралдаануудаар ч цаашид хэрхэх вэ гэдэг дээр томоохон зөвлөмжүүд гаргаж өг­дөг. Зөвхөн өнгөрсөн, өнөөдрөө ярил­­­цах бус цаашдын чиг хандлагыг зайлш­гүй ярилцах шаардлагатай.

-Засгийн газар болон төрөөс энэ­хүү хуралд тусалж дэмжиж байгаа зүйл байна уу?

-Засгийн газраас энэ хурлын үйл ажиллагааг санхүүжүүлж байгаа. Энэ хур­лыг Монгол Улсын Ерөнхийлөгч нээж үг хэлнэ. Төрөөс энэ хурлыг өндөр хэмжээнд дэмжиж байгаа.

Б.БОЛОРСҮХ

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж