Стандартын дагуу архи үйлдвэрлэхгүй байна

Хуучирсан мэдээ: 2017.12.06-нд нийтлэгдсэн

Стандартын дагуу архи үйлдвэрлэхгүй байна

Стандартын дагуу архи үйлдвэрлэхгүй байна

‘Мөнгөн гүүр’ эмнэлэгт мансууруулах, сэтгэцэд нөлөөтэй эмийг зүй бусаар хэрэглэж байсныг илрүүлж, цагдаагийн байгууллага эрүү үүсгэн шалгаж байгаа аж. Мөн БНСУ-ын иргэн Монголын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй гоо сайхны зориулалттай хоёр эмийг зөвшөөрөлгүйгээр хэрэглэж байсан зөрчлийг илрүүлж, 120 ширхэгтэй 6670 ам.долларын үнэтэй эмийг хураан авсан тухай өнөөдөр /2017.12.06/ Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байцаагчид мэдээллээ. 

Нийслэлийн иргэний танхимд болж буй “Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн гуравдугаар хурал”-ын үеэр дээрх мэдээллийг өгөв. 

Мөн хурлын үеэр улсын хэмжээнд сүүлийн таван жилд архины үйлдвэрийн тоо нэмэгдээгүй ч архины худалдаа, үйлчилгээний газрын тоо хэмжээ нэмэгдсээр байгааг анхаарах шаардлагатайг албаныхан хэллээ.

‘Архи, согтууруулах ундаа донтуулах бодис их хэмжээгээр агуулж байна’

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун

“Хяналт шалгалтаар архи, согтууруулах ундааны хаяг шошго нь тодорхойгүй үйлдвэрлэсэн зөрчил илрүүлсэн. Жишээлбэл “Мөнхжин-Од” хэмээх компанийн “Найрсаг” гэдэг архи шошго дээрээ 39 градус байдаг боловч лабораторийн шинжилгээгээр шинжлэхэд хатуулгын чанар нь 28-30 градус байсан. Өөрөөр хэлбэл, шошгод заасан стандартын хэмжээнд архи, согтууруулах ундааг үйлдвэрлэхгүй байна. Ихэвчлэн цагаан архинуудыг нэг стандартаар үйлдвэрлэж байгаа ч шошгыг олон төрлөөр хэвлэн худалдаалж, борлуулж байна. Одоогоор архи, согтууруулах ундаанд хордсон гомдол, санал бага ч архинд донтох асуудал их байгаа” талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа.

Тус газраас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд өнгөрөгч тавдугаар сард согтууруулах ундаа үйлдвэрлэгч 44, импортлогч, худалдаа үйлчилгээ эрхлэгч 14194, нийт 19735 аж ахуй нэгжид хяналт шалгалт хийжээ. Уг шалгалтаар нийт 5514 зөрчил илрүүлэн 3967 буюу 71.9 хувийг арилгуулж,  хотын захирагчийн ажлын албанд 152 газрын архи, согтууруулах ундаа худалдах, үйлчлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг хүргүүлсэн байна. 

Мөн тусгай зөвшөөрөлгүйгээр худалдаалж байсан 12 нэрийн 103 шил нийт 1.498.000 төгрөгийн архийг улсын орлогод оруулахаар улсын ахлах байцаагчийн акт тогтоожээ. 

“Манай байгууллагаас нийслэлийн хэмжээнд энэ оны байдлаар согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 44 аж ахуй нэгжид шалгалт хийхэд 24 үйлдвэр хэвийн үйл ажиллагаа явуулж байсан.  Харин улсын байцаагчийн шаардлагыг удаа дараа зөрчсөн, хэрэгжүүлээгүй, хаяг байршил дээрээ үйл ажиллагаагаа явуулаагүй 11 үйлдвэрийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар албан бичиг хүргүүлээд байна” гэдгийг тус газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын ахлах байцаагч Н.Одончимэг танилцууллаа.

А.Сүрэн 

Гэрэл зургийг Э.Энхбат

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж