Дэлхийн чансааны эхний аравт Монголын тамирчид бичигдэв

Хуучирсан мэдээ: 2017.12.06-нд нийтлэгдсэн

Дэлхийн чансааны эхний аравт Монголын тамирчид бичигдэв

Дэлхийн чансааны эхний аравт Монголын тамирчид бичигдэв

Ой тогтоолтын тамирчдын дэлхийн чансааг шинэчлэн гаргахад Монголын дөрвөн тамирчин багтжээ.  Нийт 4000 гаруй тамирчин энэхүү чансаанд орсон байна.  Чансааг ой тогтоолтын дэлхийн хоёр удаагийн аварга “Хурдын хөзөр” төрөлд дэлхийн дээд амжилтыг эзэмшдэг, олон улсын их мастер, АНУ-ын тамирчин Алекс Муллен тэргүүлжээ.  

Хоёрдугаарт нь, өсвөрийн дэлхийн аварга, Азийн аварга, Азийн шилдэг тамирчин, “Олон багц хөзөр” төрөлд дэлхийн дээд амжилтыг эзэмшдэг олон улсын их мастер Н.Мөнхшүр орсон байна.

Ой тогтоолтын тамчирдын дэлхийн чансааны  жагсаалт

Зургадугаар байрт энэ жил Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүртэн, олон улсын их мастер цолны болзол хангасан Н.Энхшүр, долдугаарт, “Хурдны хөзөр” төрөлд дэлхийн дээд амжилтыг эзэмшдэг, олон улсын мастер 15 настай Э.Лхагвадулам,  есдүгээр байрт,“Хоёртын тоолол” төрөлд дэлхийн дээд амжилтыг эзэмшдэг, дэлхийн хошой аварга, олон улсын их мастер В.Янжаа бичигджээ.

Дэлхийн чансааны хоёр, зургаадугаарт бичигдсэн Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар нь ихэр аж. Тэд арванхоёрдугаар сарын 6-8-ны өдрүүдэд  болох 100 мянган ам.долларын шагналын сантай ой тогтоолтын тэмцээнд оролцохоор урд хөршийг зорьсон байна.

Уг тэмцээнд  нийт Монголын оюун ухааны академийн дөрвөн эмэгтэй тамирчид оролцох юм. Тэд  БНХАУ-ын 60 мянган тамирчдаас шалгарсан шилдгүүдтэй өрсөлдөнө.

Мөн өнөөдөр /2017.12.06/ Дэлхийн аварга болсон баг тамирчид эх орондоо ирнэ.  Индонези улсын нийслэл Жакарта хотод гурван өдөр үргэлжилсэн Ой тогтоолтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын тамирчид бага, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд нийт 90 медалийн 57 медалийг нь хүртсэн. Ингэснээр тэд  дэлхийн долоон дээд амжилт шинэчилж, зургаан тамирчин олон улсын их мастер цолны болзол ханган багаараа дэлхийн аварга болсон юм. 

                                                           Д.УУДАМ

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж