Ерөнхийлөгчийн хориг & МАН-ын "салаавч"

Хуучирсан мэдээ: 2017.12.06-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн хориг & МАН-ын "салаавч"

Ерөнхийлөгчийн хориг & МАН-ын "салаавч"

-Төсөв батлах үед хэн намын дарга болох  нь Ерөнхий сайд, УИХ-ын дарга, МАН-ын бүлгийнхэнд хамгаас чухал байсан хэрэг л дээ-

Ерөнхийлөгч дахиад л хориг тавив. Үндсэн хуулиар олгогдсон эрх мэдлийн хүрээндээ УИХ-аас баталсан 2018 оны төсөвт хэсэгчилсэн хориг тавилаа. Энэ нь УИХ-аас гаргасан шийдвэр дээр тавьж байгаа түүний гурав дахь хориг. Өөрт байхгүй эрх мэдлийн хүрээнд Сангийн сайдын томилгоон дээр анх удаа хориг тавьсан Ерөнхийлөгч хоёр дахь хоригоо 55 тэрбумыг төрийн албан хаагчдад тараах МАН-ын бодлогыг эсэргүүцэж, 2017 оны төсвийн тодотгол дээр бүхэлд нь  тавьсан юм. Мэдээж, парламентад 65 суудалтай МАН-ын гишүүд Ерөнхийлөгчийн хоёр хоригийг хоёуланг нь хүлээж аваагүй. Гурав дахь хоригийг ч  УИХ хүлээж авахгүй нь тодорхой. Гэхдээ энэ удаад Ерөнхийлөгчийн хориг харин ч үндэслэлтэй, Ч.Хүрэлбаатар  улсын төсөв, нэгдсэн төсөв хоёроо ялгаж чадаагүйг шүүмжилснийг эс тооцвол шүү дээ. Үүнд Ерөнхийлөгчийн гэхээсээ түүнд зөвлөдөг, түүний Тамгын газрын даргын буруу л даа. Ерөнхийлөгчид бөх, урлагаас илүү эдийн засгийн сайн зөвлөх хэрэгтэй байгааг түүний хоригууд нотлоод байх шиг. Гээд 2018 оны төсөв сайн төсөв биш. Зарлага нь хэтэрсэн, гишүүд нь огт ажиллаагүй, маш муу төсөв болсон. Төсөв нь батлагдаагүй байхад Ерөнхий сайд нь оройн дайллагад урьсан мессежийг гишүүд рүүгээ илгээгээд л. Хуулийн хугацаандаа багтах гэж парламент нь гурилдаад л. Сангийн сайд нь төсөв баталсныг бөөн камерын өмнө баяртайгаар зарлаад л. Нэг иймэрхүү л юм болоод өнгөрсөн.

Эдийн засаг хямарч, улсын данс улайж, мөнгөгүй хоосноо гайхаж ядах мөртлөө Сангийн сайд 2.4 их наядын алдагдалтай төсөв оруулж ирээд, намын их хурал, эрх мэдлийн хуваарилалтад гол анхаарал хандуулсан УИХ дахь олонх арван хэдхэн хоног хэлэлцсэн болоод ирэх оны төсвийг баталчихсан юм.

Аймаг болгонд долоон тэрбумыг яагаад хуваарилсан, ямар шалтгаанаар 2.4 их наядын алдагдалтай төсөв оруулж ирсэн, зарлагыг нь хаанаас олох тухай хэн ч  олигтойхон асуугаагүй, бас У.Хүрэлсүх, Ч.Хүрэлбаатар хоёр ч аятайхан тайлбар өгөөгүй. Төсөв батлах үед хэн намын дарга болох нь Ерөнхий сайд, УИХ-ын дарга, МАН-ын бүлгийнхэнд хамгаас чухал байсан хэрэг л дээ.

Ирэх оны төсвийн орлого нь 7.2 их наяд мөртлөө зарлага нь 9.6 их наяд, алдагдал нь 2.4 их наяд. Энэ нь зээл авна зээл авна, өр нэмнэ, өр нэмнэ гэсэн үг.  Гээд мөрөөрөө зарлагаа танаад явахгүй, бас тансаглах дуртай. Ядаж л Ерөнхийлөгчийн Тамгын газраас үлгэр жишээ авч болох байлаа. Сүүлийн тав зургаан жил, Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үеэс л ЕТГ зардлаа байнга танасаар ирсэн. Эсрэгээрээ Засгийн газар, сайд нарын зарлага байнга өссөөр ирсэн. Ирэх жил Ерөнхийлөгчийн Тамгын газар таван тэрбум 242 сая төгрөгийн зардалтай бол Сангийн сайд зургаан их наядыг “үрнэ”.

Мэдээж, алдагдлаа нөхөж, цалин тэтгэврээ цагтаа олгохын тулд гадаадын хөрөнгө оруулалт нь тэгтэй тэнцэж, төсөл хөтөлбөрүүд нь таг гацсан улс доллар олж ирэхээр өр тавьж таарна. Гэвч, Монгол Улсын гадаад өрийн хэмжээ 21 их наяд,266 тэрбумд хүрсэн. Гадаад өр нь таазандаа байдаг чинээгээрээ тулаад бүр нурж унах нь холгүй байхад дахиад л өр нэмнэ гэж байгаа бол хориг тавихаас өөр яах вэ дээ.

Монгол Улсын эдийн засгийн хямралын гол үндсэн шалтгааныг гадаадын экспертизүүд парламентаас баталдаг төсвийн сахилга баттай холбодог. “Танайх хөөстэй төсөв батлаад түүнээсээ болж хямраад байна шүү дээ” гэж манай улстөрчдийн чихийг бараг алт болтол хэлсэн дээ. Даанч илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ, алт хийсэн ч сэгсэрнэ.

Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа авлигажсан төсөв гээд Ардын намынханд алуулах шахаж байсан юм. Үнэндээ Монгол Улсын төсөв “авлигажаад” удаж байгаа, олон жил дамнасан баригддаггүй, ашиглалтад ордоггүй эмнэлэг, сургууль, цэцэрлэг, соёлын төвөөр төсвөөсөө мөнгө сааж амьдардаг компани, улстөрч олон л доо.

“Төсвийн бодлогоо эргэн харж, сахилга бат, хариуцлагыг эрхэмлэсэн, хэмнэлттэй, үр ашигтай төсөв батлах шаардлагатайг Улсын Их Хуралд сануулж, засах боломжийг нь олгох үүднээс Монгол Улсын 2018 оны Төсвийн тухай хуульд хэсэгчлэн хориг тавихаас өөр аргагүй байдалд хүрч байгаа” Ерөнхийлөгчийн үгийг хэвлэлийнхэнд уламжилж, УИХ-ын даргад хоригийг нь хүргүүлсэн З.Энхболдын мэдээллийн дараа УИХ дахь МАН-ын бүлэг шуурхай хуралдаад “хүлээж авахгүй” гэдэг дээр санал нэгдсэн аж.

Жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийн эх үүсвэр нэрээр гишүүн бүрт  мөнгө өгөхөөр  төлөвлөсөн 72.5 тэрбум аймаг бүрт  олгох долоон тэрбум болоод “зүсээ хувиргаад” орж ирсэн болохоор Засгийн газар, УИХ аль, аль нь хонь бүрэн, чоно цатгалан гэгчээр Ерөнхийлөгчийн өөдөөс 65-уулаа нэгдэж байгаад “салаавч” өгөх байх л даа. Угаасаа ч тэгдэг юм.

Энэ удаа бол Ерөнхийлөгчийн зөв. Хэт үрэлгэн, хэт тансаг хямралын төсөв дээр хориг тавихыг дэмжиж байна. Харин  дашрамд “Мах импекс” дээр очоод төрийн мөнгөөр үйлдвэрлэлийг нь дэмжинэ гэсэн Ерөнхий сайдын үйлдэл, бас “Милл хаус” компанийг улаан буудай Оросоос импортлох хоёр, гуравхан компанийн нэгээр шалгаруулсан ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийн шийдвэр дээр хувь хүнийхээ үүднээс “хориг тавьчихвал” бүүр гоё.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж