Нийслэлд хулгайн гэмт хэрэг буурахгүй, өссөөр байна. Цагдаагийн ерөнхий газарт 45 хулгайн хэрэг өчигдөр /2017.12.05/ бүртгэгджээ. Хулгайч нар гар утас, машины хучлага хулгайлж байгаад баригдсан байна. Тэдний дунд таксины жолооч үйлчлүүлэгчийнхээ гар утас, алтан гинж, ээмгийг хулгайлсан тохиолдол ч байгаа юм.
Тодруулбал, Сүхбаатар дүүрэг, 32-ын тойрог хүртэл таксигаар үйлчлүүлсэн иргэн эд зүйлсээ жолоочид алдлаа гэх гомдол өчигдөр өдөр 102 дугаарт иржээ. Гомдлын дагуу шалгахад Хан-Уул дүүргийн иргэн, 28 настай эмэгтэй Н-ийн “I Phone-6” шаргал өнгөтэй гар утас, алтан шармал гинж, шармал өрөөсөн ээмэг, шармал зүрхэн хэлбэртэй зүүлтийг таксины үйлчилгээ үзүүлсэн, Чингэлтэй дүүргийн иргэн 31 настай эрэгтэй Т нь хулгайлан авсан байжээ. Хэргийг одоо Сүхбаатар дүүргийн Цагдаагийн II хэлтэст шалгаж байна.
Д.УУДАМ