Ардчиллын төлөөх таван нам нэгдсэн өдөр өнөөдөр /2017.12.06/ тохиож байна. Энэ өдөртэй холбогдуулан “Ардчилсан намын удирдах ажилтны зөвлөгөөн-2017” арга хэмжээ өнөөдрөөс эхэлж, дөрвөн өдөр үргэлжилнэ. Тус арга хэмжээнд 330 сум, 152 хорооны үүрийн дарга, төлөөлөл болох 1150 хүн оролцох аж. Ардчилсан намын удирдах ажилтны зөвлөгөөнд тус намын дарга С.Эрдэнэ улс төрийн илтгэл тавихын зэрэгцээ УИХ дахь АН-ын бүлгийн мэдээллийг сонсч, намын шинэчлэлийн бодлогын хэрэгжилтийн хүрээнд хийгдсэн өөрчлөлт, шинэчлэлийн талаар сургалт семинар, илтгэл орох аж. Ардчилсан намын зүгээс шинэчлэлийн бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх, намын бүх шатны байгууллагын уялдааг хангаж ажиллахад энэхүү зөвлөгөөн чухал түлхэц болно хэмээн үзжээ.
Сануулахад, Монгол оронд ардчиллын анхны цуглаан болсон 1989 оны арванхоёрдугаар сарын 6-10-ны өдрүүдийг онцолж, Ардчиллын баяр болгон тэмдэглэж ирсэн уламжлалтай. 2000 оны арванхоёрдугаар сарын 06-ны өдөр өдгөөгийн Ардчилсан нам, Үндэсний Ардчилсан Нам, Социал-Демократ Нам, Шашинтны Ардчилсан Нам, Уламжлал Сэргэн Мандлын Нам, хуучин Ардчилсан Нам, Уламжлалын нэгдсэн намын нэг хэсэг гэсэн улс төрийн зургаан хүчний нэгдлийн үр дүнд байгуулагдсан түүхтэй.
ш.чимэг