Нэг алхаад баар, дахиад нэг алхаад буудал. Зуны амралт эхлэхэд хаана хүүхдээ тоглуулж, хаана нарлаж суух вэ гэдэг хотын төвийхөнд тулгамдсан асуудал болжээ. Баянзүрх дүүргийн иргэн Х.Ганчимэг хэлэхдээ “Төр засгаас залуустаа зориулж чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх газар бий болгох хэрэгтэй. Бидний амарч тухлах газар, хүүхдийн тоглоомын талбайд барилга байшин машины граж барьчихдаг. Эсвэл ил зогсоол барьчихдаг. Бид настай хүмүүс, саравч цэцэрлэгтэйсэн бол ярьж суумаар байна. Гэтэл тухлаад ярьчих цэцэрлэгт хүрээлэн ч алга. Хэрвээ иргэдийн амарч тухлах газар бий болгочих юм бол залуус ч гэсэн баар хэсэхгүй. Тэр газраа уулзаж болзоод сайхан л байх байх даа. Энэ тоглоомын талбайг их сайхан болгож барьжээ. Хэрвээ байр бүрийн урд ийм талбай бариад, засаад, тохижуулах юм бол хүмүүс ирээд нураагаад байр байшин барихгүй л байлгүй дээ” гэж байсан. Үнэхээр байр бүрийн өмнөх талбайг тохижуулаад цэцрлэгжүүлээд байхад” би буудал барих гэж байна” гээд дайраад байхгүй л байлтай.
Тэгвэл байрныхаа тоглоомын талбайг аварч үлдэх нэгэн арга бас байна. Үүний нэг жишээ бол Баянзүрх дүүргийн 15 хорооны дөрөвдүгээр байрны өмнөх талбай юм.Энэ сарын 1-нээс тохижуулж эхэлсэн бөгөөд хүүхдийн тоглоомын талбайг тохижуулахаар Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газраас зураг төслийг санаачлан хийж байгаа аж. Нийслэлийн төсвөөс 240 сая төгрөгөөр төсөвлөгдөн хийгдэж байгаа талбайд усан оргилуур, хүүхдийн тоглоом, саравч зэрэг багтжээ. Тоглоомын талбайд сагсны самбар, бага насны хүүхдийн тоглоомын талбайг иж бүрнээр нь тохижуулж, зөөлөвч дэвсэж байгаа гэнэ. Анх 280 сая төгрөг төсөвлөж байсан ч энэ мөнгө нь багассаар одоо 240 сая төгрөгний хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа гэнэ. Энэ сарын 15-нд хүлээлгэн өгөх уг талбайг “Баян тосон” ХХК барилгын ажил гүйцэтгэж байгаа. Тус компанийн инженер хэлэхдээ “Талбайг тохижуулах ажил өнгөрсөн долдугаар сарын 1-нд эхэлсэн. Талбайн шороог тэгшилж, цементлээд дараа нь бага насны хүүхэд тоглох талбайг унаж бэртэхээс хамгаалсан зөөлөн хавтанг нааж байна. Сагсны талбайд ч гэсэн зөөллөвч хавтан нааж байгаа. Одоо барилгыэ ажил дуусаагүй болохоор тийм ч сайхан харагдахгүй ч удахгүй хүлээлгэн өгөхөөр их сайхан талбай болно. Хотын төвийн байр бүрт ийм тоглоомын талбай баривал өнгө үзэмж ч, иргэдэд ч хэрэгтэй зүйл болно” гэж байсан. гэрийнх нь ойролцоо тохижилт сайтай тоглоомын талбай барьчихвал хүүхдүүд хол ойр гүйж, үүнээс болж үүсэх эрсдэл ч багасах болно.Хамгийн гол нь энэ талбайг хэнд алдчих бол гэж харж суухын оронд яаж тохижуулж, цэвэрхэн байлгах талаар СӨХ-ийхөн ажилламаар байна. Дүүргийн Засаг дарга, ИТХ-ын тэргүүлэгчдийн багцаас 280 сая төгрөг гаргаад иймэрхүү аргаар хотын хөгжилд нэмэр болох хүн олон байвал хэрэгтэйсэн” гэлээ.
Уг талбайн талаар иргэдээс лавлахад тус хорооны иргэн Р.Ренчинсүрэн хэлэхдээ, “Амарч тухлах газар байхгүй байна. Урьд нь хүүхдийн парк байсан. Одоо бол хүүхдээ дагуулаад зугаалчих газар байхгүй. Уг нь хотын хүмүүст амарч зугаалах газар байх ёстой. Гадаадын оронд тоглоомын талбай, амарч зугаалах цэцэрлэгт хүрээлэн, усан оргилуур гээд чөлөөт цагаа өнгөрүүлчих газар олон байдаг. Амарч тухлах цэцэрлэгт хүрээлэн байна гэдэг чинь хүүхдийн хүмүүжилд хэрэгтэй зүйл. Олон байрны өмнө ийм талбайг байгуулаасай” гэж ярьж байлаа. Ямартай ч нийслэлийн төсвөөс хийгдэж байгаа энэ ажил олон хүүхэд, настнуудыг баярлуулах биз.
"Ардын эрх" сонин