Засаг зээлийн дарамтаа бууруулж чадах уу?

Хуучирсан мэдээ: 2017.12.06-нд нийтлэгдсэн

Засаг зээлийн дарамтаа бууруулж чадах уу?

Засаг зээлийн дарамтаа бууруулж чадах уу?

УИХ 2017 оны төсвийг тодотгохдоо 2.4 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар баталсан ч Засгийн газар хэрэгжилтдээ анхаарч чадвал “цоорхойг” нөхөхөд санаа зовох зүйлгүй боллоо.

Олон улсын валютын сантай тохирсон хөтөлбөрийн хүрээнд Япон улсаас Монгол Улсын Засгийн газарт 32 тэрбум иены зээл олгохоор боллоо. Иеныг төгрөгт шилжүүлбэл 700 тэрбумтай тэнцэнэ. Үндсэндээ төсвийн алдагдлын гуравны нэгийг санхүүжүүлэх эх үүсвэр гэсэн үг.

Нөхцөлийг нь тодруулбал, зээлийн жилийн хүү 0.8 хувь бол зээлийн хугацаа нь 20 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 6 жил байх юм.

Японы талаас санхүүжилтийн энэхүү эх үүсвэрийг үр ашигтай зарцуулахыг хүсэж буй.

Хэдийгээр монголчуудад гаднаас авах зээлээр төсвийн алдагдлыг нөхөх нь таатай сонсогдохгүй ч хямд эх үүсвэр гэдгээр нь олзуурхахаас аргагүй.

Учир нь Засгийн газар өнгөрсөн хугацаанд төсвийн алдагдлыг дотооддоо бонд гаргаж нөхөж ирсэн. Засгийн газрын бондын хүү 13-18 хувьтай байгаа нь зөвхөн банкуудыг дэмжсэн бодлого болж хувирсан төдийгүй төсөвт өрийн дарамт учруулах болсон билээ.  

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төсөвт ирж байгаа дарамтыг бууруулахын тулд Засгийн газар өндөр хүүтэй зээлээс татгалзана гэдгээ мэдэгдэж байсан нь ийм учиртай.

Зорилгоо биелүүлэхэд нь өмнөх Засгийн газрын Олон улсын валютын сантай тохирсон хөтөлбөр дэмжлэг өгч, жилийн 0.8 хувийн хүүтэй зээлээр “тоглолт” хийх боломж бүрдлээ.

Шинэ Засгийн газрыг валютаар дэмжих бас нэгэн гарц нь Дэлхийн банкны гүйцэтгэх захирлуудын зөвлөлөөс 120 сая ам.долларын санхүүжилт олгох шийдвэр болж буй.

Дээрх эх үүсвэрийг өрийн дарамтыг бууруулах, эдийн засгийг эрүүлжүүлэх, экспортыг дэмжсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, нийгмийн халамжийн салбарт шаардлагатай төслийг хэрэгжүүлэхэд зарцуулна.

Валютын ханшийг тогтворжуулахад ч тодорхой үр дүн дагуулах хүлээлттэй байгаа.

Иймээс Засгийн газар дээрх хямд эх үүсвэрээр алдагдлаа нөхөөд зогсохгүй, эдийн засгаа эрүүлжүүлэх үүрэг давхар хүлээлээ.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж