Йемений ерөнхийлөгч асан Али Абдулла Салех даваа гаригт (2017.12.05) нэгэн цагт холбоотон байсан улс төр, шашны хөдөлгөөний өөрсдийгөө Аллахын дэмжигчид хэмээдэг зэвсэгт босогчдын гарт амиа алджээ. Улс орныг удирдана гэдэг могойнууд дунд бүжиглэхтэй адил хэмээн хэлж байсан Али Абдулла Салех 75 настай байсан юм. Түүний үхэл сүүлийн гурван жил үймээн самууны хөлд нэрвэгдэж, туйлдсан Йемений улс төрийн нөхцөл байдлыг улам дордуулах төдийгүй Арабын ертөнцөд дахин дайн дэгдээж ч магадгүй юм.
Салех Йеменийг Санаа хотод Ираны Шийт шашинтнуудыг дэмждэг босогчдын бүлэглэлийнхэн хөнөөсөн байна. Салех 2014 онд Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмиратын эсрэг Аллахыг дэмжигч зэвсэгт босогчидтой нийлж, эвсэл байгуулжээ. Гэвч энэ эвсэл нь Салехын хувьд ашиггүй “гэрлэлт” болж хувирсан байна. Салех бямба гаригт хөрш орнууд болон холбоотнуудаас тэдний түрэмгийллийг зогсоон, нисэх буудлуудыг нээж, үймээн самууны хөлд нэрвэгдсэн ард иргэдэд хүмүүнлэгийн тусламж хүргэхийг уриалсан.
Аллахыг дэмжигч бүлэглэл Салехыг дээрх мэдэгдлийн төлөө эвслийн эсрэг хуйвалдаан зохиож, төрийн эргэлт гаргах гэж байна хэмээн буруутгаж, Йеменийг дэмжигч Саудын Араб болон холбоотнуудыг үүнийхээ хариуд их үнэ төлөх болно хэмээн сүрдүүлсэн. Абу Даби болон Рияадын эсрэг босогчдын энэ сүрдүүлэг анхны тохиолдол биш.
Салехыг дэмжигчид болон Исламын хөдөлгөөний босогчдын хоорондох зэвсэгт мөргөлдөөн хүмүүнлэгийн хямралд орчихсон Йемений нөхцөл байдлыг улам дордуулж байгаа юм. Зэвсэгт мөргөлдөөн эхэлснээс хойш 100 гаруй хүн амиа алдаж, хоёр хүн Санаа хотын эмнэлэгт хүргэгдсэн тухай олон улсын улаан загалмай нийгэмлэгийн ажилтнууд мэдээлж байна.
Йемений ерөнхийлөгч асан Салех хэрхэн амиа алдсан нь тодорхойгүй байгаа ч Санаа хотыг хяналтдаа авах гэсэн сөргөлдөөний үеэр босогчдын гарт амиа алдсан гэх таамаг байгаа юм. Салехыг дэмжигчид одоо түүний зээ хүү, Йемений тусгай хүчний тэргүүн байсан Тарик Мухаммед Салехын удирдлага дор шилжсэн гэнэ. Аллахыг дэмжигчид бүлэглэл Салехыг Йемений ерөнхийлөгч байх үед тус улсын умард хэсэгт хэд хэдэн удаа засгийн газрын цэргүүдтэй зэвсэгт мөргөлдөөн гаргаж байжээ. Шийт урсгалын төлөөлөл Ираны засгийн газрын далдуур дэмждэг энэ бүлэглэл одоо Саудын Араб болон Арабын Нэгдсэн Эмиратын дайсан болон хувирч байна.
Одоо Йемений холбоотнууд Санаа хотоос босогчдын бүлэглэлийг үлдэн хөөж гаргах эсвэл босогчидтой гудамжинд байлдахаас цаашид олон зүйл шалтгаалах болж байгаа юм.
Йемений умард нутгийг эдгээр босогчдын хяналтаас чөлөөлөх нь сүүлийн хэдэн жил үргэлжилсэн дайн самуунд цэг тавьж, орон гэрээсээ дайжиж, өлсгөлөнгийн ирмэгт байгаа хоёр сая гаруй иргэнийг аврах нэг алхам болох ажээ.
Хэдийгээр энэ Йемений дотоод хэрэг мэт харагдаж байгаа боловч нөгөө талдаа Ирак, Сири, Ливан зэрэг орнуудаар дамжин Исламын ертөнцөд ноёрхлоо тогтоох гэсэн Иран, Саудын Араб хэмээх хоёр орны тэмцэл билээ.
Арваннэгдүгээр сарын эхээр Йемений босогчид Рияадын нисэх буудал руу пуужин харвасны хариуд Саудын Араб агаарын дайралт хийж, тэдний хяналтаа тогтоосон боомтуудыг хаасан юм. Саудын Араб үүгээр зогссонгүй Иран, Хезболлах бүлэглэл, Ливаны шийтүүдийг пуужин харвасан Йемений босогчдод зэвсэг нийлүүлсэн гэж сэжиглэсэн билээ.
Саудын Арабын хунтайж Мухаммед бин Салман пуужин харвасан хэргийн ард Ираны засгийн газрын далд явуулга байгаа хэмээгээд үүнийг шууд халдан түрэмгийлэл, дайнд дуудсан өдөөн хатгалга гэж мэдэгдсэн. Иран энэ хэрэг явдалд ямар ч оролцоо байхгүй гэж мэдэгдсэн боловч НҮБ-ын шинжээчид Саудын Араб руу харвасан пуужинг Иран үйлдвэрлэсэн Qiam-1 загварынх болохыг тогтоосон.
Салех Йемений төрийг олон жил барьсан ерөнхийлөгч байв. 1978 онд Өмнөд Йемен бие даасан, коммунист улс байхад Салех Умард Йемений удирдагч болсон юм. Овгуудын хоорондох ээдрээтэй зөрчил тэмцлийн дүнд 1990 онд Йемен нэгдэж, бүгд найрамдах улс болоход Салех ерөнхийлөгчөөр сонгогдсон.
2011 онд Арабын ертөнцийг шуугиулсан Арабын хавар хувьсгалын шуурганд Йемен өртөх үед Салех огцрохоо амласан. Дайралтын үеэр Салех амиа алдах дөхсөн ч Саудын Арабт эмчлүүлж тэнхэрсэн юм.
Салех Йеменд эргэж очсоныхоо дараа Аллахыг дэмжигч босогчидтой хамтран улс төрийн хямралыг тэсч гарч чадсан. Салех алагдсан хэдий ч түүний гэр бүл Йеменд асар их нөлөөтэй. Салехын эвслийг түүний хүү Ахмед Али Абдулла цаашид толгойлон авч явах нь гарцаагүй болоод байна. Учир нь Ахмед бол Салехын удмынханы хувьд Йеменд нэр нөлөөгөө дахин бэхжүүлэх эцсийн найдвар юм. Салехыг босогчдын гарт амиа алдсаны дараа тэрбээр эцгийн өшөөг авахаа амлаж, босогчдыг Йеменээс хөөж гаргах хүртэл тулалдаж, Ираны эсрэг тэмцэхээ мэдэгджээ.
Үргэлжилсэн дайн самуун, зэвсэгт мөргөлдөөний улмаас хүмүүнлэгийн тусламж иргэдэд хүрч чадахгүй байгаа Йеменд хоёр сая гаруй иргэн өлсгөлөнгийн ирмэг дээр байгаа билээ. Гэвч энэ улсад улс төрийн тогтвортой байдал бий болгож, урьдын хэвэнд оруулахад хэдэн сар биш хэдэн жилийн хугацаа шаардах биз ээ.