"Оффшороос 700 сая доллар татсан"

Хуучирсан мэдээ: 2017.12.05-нд нийтлэгдсэн

"Оффшороос 700 сая доллар татсан"

"Оффшороос 700 сая доллар татсан"

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхантай АТГ-т шалгагдаж байгаа асуудлаар нь ярилцлаа.


-Авлигатай тэмцэх газраас (АТГ)-аас таныг оффшор бүсэд данстай эсэх асуудлыг тодруулахаар шалгаж байгаа гэх мэдэгдлийг хийлээ. Та оффшор бүс дэх дансаа хаалгаагүй байсан юм уу?

-Би 24 жил бизнес эрхэлж байгаад 2016 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулж, УИХ-ын гишүүн болсон. Бизнес эрхэлж байх хугацаандаа хоёр ч оффшор данстай байсан. УИХ-ын гишүүн болсноос хойш оффшор данснуудаа хаалгасан. Би оффшор бүсэд данстай гэдгээ өмнө нь хэлж, ярьж байсан. Ер нь бол бизнес эрхлэхэд гаднаас хөрөнгө оруулалт татахын тулд зайлшгүй оффшорт данс нээж, компани байгуулдаг олон улсын жишиг бий. Энэ жишгийн дагуу 2007 онд оффшор бүсэд мөнгө босгож, нийт 700 орчим сая ам.долларын хөрөнгө оруулж ирсэн. Энэ хөрөнгө оруулалтаар 115 км дэлгэмэл урттай төмөр зам, 100 гаруй км өндөр хүчдэлийн цахилгааны шугам, 3000 вагон, 12 зүтгүүр худалдан авч, уурхайн тосгон босгосон, орон нутагтаа бүтээн байгуулалтын ажлуудыг хийж байгаа гээд маш олон бүтээн байгуулалт, үйлдвэрлэл явуулсан. Энэ том хөрөнгө оруулалтыг Монголд оруулж ирснээр өнөөдөр 1400 хүнийг ажлын байраар хангаж, улсад татвараа төлөөд, салбартаа хувь нэмэр оруулаад явж байна. Тэгэхээр энэ талаас нь оффшорыг харах ёстой. Миний бизнес эрхэлж байх үеийн оффшор дансыг АТГ шалгаж байгаа нь үнэн. Тухайн үед оффшор дансаар ийм хөрөнгө оруулж ирсэн, ийм данс нээсэн, түүнийг юунд зарцуулсан талаарх тайлбараа ч АТГ-т өгч байна.

-Оффшор бүсээс хөрөнгө татах нь хэр зөв менежмент вэ?

-Төрд ажиллаж байгаад төрийн мөнгө хулгайлж, оффшор бүсэд данстай болсон бол түүнийг нь шалгаж, тэр мөнгийг нь оруулж ирэх нь зөв. Гэхдээ нийгэм болоод гадаад зэх зээлд оффшорын талаар буруу ойлголт төрүүлбэл Монголд хөрөнгө оруулалт орж ирэхгүй. Бараг хөрөнгө оруулалт орж ирэхгүй байх эх суурийг нь тавьчих шиг боллоо. Монгол Улсад нийт 14 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсний 10 орчим тэрбум ам.доллар нь оффшороос орж ирсэн. Монгол Улсын эдийн засагт л хэрэгтэй зүйл. Манайхан оффшор гэхээр өрөөсгөл талаас нь олж хараад байна. Нийгэмд зөв ойлголтыг өгмөөр байна. 

-Та оффшор бүс дэх дансаа хаалгасан гэлээ. Гэхдээ хугацаа шаарддаг гэх мэдээлэл бий. Хэр хугацаа шаарддаг юм бол? 

-Оффшор дансыг хаахын тулд тодорхой процесс хэрэгтэй. Тодорхой шалгах процесс үргэлжилсний дараа буюу ойролцоогоор данс хаахад 3-6 сарын хугацаа шаардагддаг. Би хоёр дансаа албан ёсоор хаалгасан бичгээ АТГ-т өгсөн байгаа. Тухайн үед миний босгосон мөнгийг яаж оруулж ирж, гаргасан талаарх мэдээллийг шалгаж, нягтлахын тулд АТГ шалгалт хийж байгаа байх.

-Оффшор бол “мангас” гэх ойлголт олон нийтийн дунд бий болчихлоо. Бизнес эрхлэгчдээ төр дэмжих ёстой. Гэтэл оффшорын асуудлаас болж зарим нэг бизнес эрхлэгчдийг “намнах” вий гэсэн хардлага олон нийтийн дунд бас байх шиг. Та үүнийг юу гэж харж байна?

-Оффшортой л бол ‘мангаа’ гэдэг мэдээллүүд гарснаар эхнээсээ хөрөнгө оруулалт татагдаж байна. “Том төслүүдээ хөдөлгөнө” гэж яриад байгаа мөртлөө хаанаас яаж хөрөнгө босгох юм. Оффшор данстай байж том төслүүдээ хөдөлгөж, мөнгө босгоно. Төрийн авч байгаа зээлүүд бол эргэн төлөгдөх нөхцөлтэй өр. Харин оффшорын мөнгө бол Монгол Улсад хөрөнгө оруулалт болж үлдэж байгаагаараа өрнөөс ялгаатай. Миний босгосон төмөр замыг хэн нэгэн хуулаад аваад явахгүй. Монголдоо эдийн засгийн болон бусад үр өгөөжөө өгөөд байж л байна. Ер нь бол оффшор нь өөрөө болохгүй зүйл гэх ойлголтыг төрүүлснээр гадна, дотны бизнесменүүд Монголд юм хийхгүй болгох хөрс суурийг бэлтгэж байна. Энэ маш буруу зүйл. 

-АТГ бол төрийн байгууллагын нэг салбар. Ерөнхийлөгч мөн оффшор бүсэд данстай 30 гэр бүл гээд л төр өөрөө оффшортой тэмцэж байгаа, тэр оффшорчид нь бүгд хулгайч юм шиг ойлголт олон нийтийн дунд төрүүлээд байх шиг?

-Монгол Улсын Ерөнхийлөгч төрөөс төрсөн оффшор данстан байж магадгүй учраас шалга гэсэн үүрэг өгсөн гэж бодож байна. Энэ бол зөв. Яагаад гэвэл бизнесменүүд, төрд ажиллаж байсан оффшор данстай хүмүүсийг ялгаж, заагла гэсэн үүрэг л гэж би харж байгаа. Түүнээс Ерөнхийлөгч бүгдийг нь шалга гээгүй байх. Дэлхийн эдийн засаг, хоёр хөршийн эдийн засгийн өсөлтийг дагаад бид хөрөнгийг нь татах боломжийг эрэлхийлэх ёстой.

Одоо эдийн засаг сэргэж, хөрөнгө оруулагчид Монголыг сонирхож байгаа ийм цаг үед оффшор гэж өөдөөс нь айлгаж болохгүй.

Миний төрд орж ирсэн шалтгааны нэг нь бизнес эрхлэгчдийг хамгаалах. 2012-2016 онд бизнесүүдийг дээрэмддэг, булааж авдаг байсан. Би бизнес эрхлэгчдийн хөрөнгийг дээрэмддэг, булааж авдаг байдлыг таслан зогсооно. Би өөрөө ч булаах оролдлогод өртсөн хүн. Тиймээс олон бизнес эрхлэгчийг дарамтлах, бизнесийг нь булааж авах вий гэдэг үүднээс би төрд байх хугацаандаа тодорхой хууль эрх зүйн зохицуулалт хийнэ.

-Тухайлбал, ямар зохицуулалтыг эхний ээлжинд хийх шаардлагатай байгаа вэ?

-Бизнес хөрөнгө оруулалтын хууль гаргах, бизнес хийж байгаа хүмүүсийн хувийн мэдээллийг нууцлах шаардлага байна. Тэгэхгүй бол хэн дуртай банкны ажилтан, улстөрчид нь бизнесээ хэмлэж байна. Гадны хөрөнгө оруулагчид Монголын банкнаас айж байна шүү дээ. Ганцхан жишээ дурдахад, би 2007 онд хамгийн анхны 10 гаруй сая ам.доллар оруулж ирсэн. Тэгэхэд нэг хүн над дээр ирээд мөнгө зээлээч гэж байсан. Тэгэхэд нь би мөнгө байхгүй гэхэд, чиний дансанд тэдэн төгрөг байна шүү дээ гэж хэлж байсан. Тэгэхээр ийм нээлттэй, аюулгүй байдал хангагдаагүй цагт хүн Монголын банк руу мөнгө оруулж ирнэ гэж байхгүй шүү дээ. Би тухай үед тус банкинд гомдол гаргасан ч мэдээлэл задруулсан ажилтныг ажлаас халсан байсан. Тиймээс банкны хууль, татварын хууль, хууль шүүхийн байгууллага ч гэсэн хувь хүн, бизнес эрхлэгчдийн нууцыг задруулсан бол ямар хариуцлага хүлээх вэ гэдгийг хуульд тодорхой суулгах хэрэгтэй. Бизнесийн санааг нь хулгайлсан хүнд ямар хариуцлага хүлээлгэх вэ. Хүмүүс маш олон мундаг төсөл боловсруулаад банкин дээр очиход тухайн төслийг нь хүлээж авсан нэр зүүгээд ах, дүү хамаатан садандаа өгч, төсөл болгосон ийм амьд жишээг би маш олныг дурдаж болно. Банкинд ажиллаж байгаад хүний төсөл хулгай хийгээд бизнес хийсэн амьд жишээ надад маш олон байна. Гэхдээ Монгол жижиг учраас би хэлмээргүй байна.

-Тэгэхээр бизнес эрхлэгч болон хувь хүмүүсийн нууцыг хамгаалах, хөрөнгө оруулалт татах боломжуудыг нээхийн тулд нэлээн олон хууль батлуулах шаардлагатай болох нь дээ?

-Ядахдаа татварын байцаагч шалгалт хийгээд мэдээллээ нууцалдаг, бусдад дамжуулдаггүй байх эрх зүйн зохицуулалт хийх шаардлага байна. Ингэхийн тулд Татвар, хууль хяналтын байгууллагын хуульд ч гэсэн өөрчлөлт оруулах хэрэгтэй. Гэтэл манай хуулийн байгууллагууд гэм буруутай нь нотлогдоогүй, шалгаж байхдаа олон нийтэд мэдээлэл хийдэг. Үнэхээр хүнийг шалгаж байгаа бол дууссаныхаа дараа олон нийтэд мэдээлж, буруутай бол шүүх шалгаж, шийдвэрээ гаргах ёстой. АТГ-аас хийсэн мэдээлэлд би харамсч байгаа. Шалгаж байгааг би, АТГ л мэдэх ёстой. Харин шалгаж дууссаных нь дараа гэм буруутай гэвэл шүүх шийдвэрээ гаргах, түүний дараа олон нийтэд мэдээлэх ёстой байсан. Хүний 30 жилийн хөдөлмөрийг үгүйсгэж, “оффшорчин” гэх буруу ойлголт өгөхөөс илүү мөнгө босгож, Монголын эдийн засагт хувь нэмрээ оруулсан гэж ард түмэн ойлгохгүй шүү дээ.

-АТГ-ын дарга Х.Энхжаргал та хоёр нэг ангид сурч байсан гэсэн. Та шалгуулж эхэлснээс хойш түүнтэй уулзсан уу?

АТГ-ын дарга Х.Энхжаргал надтай нэг сургууль төгссөн. Гэхдээ Х.Энхжаргал өөрөө “Би Б.Дэлгэрсайхан гэдэг хүнтэй ашиг сонирхлын зөрчилтэй учраас шалгах боломжгүй” гэдэг бичгээ УИХ-ын даргад өгчихсөн. Намайг АТГ-ын орлогч дарга болон бусад албан тушаалтнууд шалгаж байгаа. 

-Танд бизнес эрхэлж байхдаа төрөөс тендер авсан, том дүнтэй хөтөлбөрт хамрагдаж байсан тохиолдол бий юу. АТГ-аас таны оффшор дансыг шалгаж байгаа гэхээр төрөөс ямар нэг тендер санхүүжилт авсан учраас шалгаж байгаа юм болов уу гэж бодоод байна л даа?

Би 24 жил бизнес хийж байхдаа төрөөс ямар нэгэн тендер авч байгаагүй. Их, бага мөнгөний зээл, тендер авч байгаагүй. Тиймээс ч 2013 онд намайг шалгаад ямар нэг хууль бус үйлдэл хийгээгүй гэдгийг нь нотолсон байдаг.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж