Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг БНСУ-ын элчин сайдаар томилгоотой холбогдуулан нийтийн сонсгол явуулах хүсэлтийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан гаргаж, 21 гишүүн дэмжсэн. Үүнтэй холбогдуулж Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооноос ажлын хэсэг байгуулагдсан юм.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Б.Энх-Амгалан, Л.Болд, Ж.Батзандан, О.Баасанхүү, Н.Номтойбаяр, О.Содбилэг нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийнхэн өнөөдөр нийтийн сонсгол хийх эсэх асуудлаар өнөөдөр /2017.12.05/ үдээс хойш УИХ-ын гишүүн О.Содбилэгийн өрөөнд хуралдав.
Энэ үеэр УИХ-ын Тамгын газрын төлөөлөл хууль эрх зүйн талаас нь тайлбар хийжээ. Тодруулбал, Үндсэн хуулийн 33 дугаар зүйлд зааснаар Ерөнхийлөгч Элчин сайдын томилгоог хийнэ гэж заасан байдаг. Уг заалтыг үндэслэж нийтийн сонсгол явуулах эрх нь зөвхөн Ерөнхийлөгчид хамаарах аж. Уг тайлбарыг УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар эсэргүүцсэн талаар эх сурвалж мэдээлэв.
Ингээд дээрх асуудлыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор хэлэлцүүлэх нь зүйтэй гэж ажлын хэсгийн гишүүд үзжээ.