Д.Цогтбаатар: Эхний 6 жилд үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөнө

Хуучирсан мэдээ: 2017.12.05-нд нийтлэгдсэн

Д.Цогтбаатар: Эхний 6 жилд үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөнө

Д.Цогтбаатар: Эхний 6 жилд үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөнө

Манай улс Япон Улсын Засгийн газраас 32 тэрбум иен буюу 700 тэрбум орчим төгрөгийн зээлийг жилийн 0.8 хувийн хүүтэйгээр 20 жилийн хугацаанд төлж барагдуулах Засгийн газар хоорондын Солилцох ноот бичигт өнөөдөр /2017.12.05/ гарын үсэг зурлаа.

Тодруулбал Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Такаока болон Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нар “Төсөв, нийгэм, эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээл”-д гарын үсэг зурсан юм.

Япон Улсын Засгийн газар нь гурван жилийн хугацаанд 850 сая ам.доллартай тэнцэх хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн. Энэ удаагийн 700 тэрбум төгрөгийн дэмжлэг нь 2017 оны Монгол Улсын төсвийн нийт орлогын 10 орчим хувьтай тэнцэж байна.

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Такаока

М.Такаока хэлэхдээ “Монгол Улсын Засгийн газар Олон улсын валютын сантай эдийн засаг, төсвийн шинэчлэлийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцож, төсвийн нөхцөл байдлыг шинэчлэх, эдийн засгийг тогтворжуулахад чиглэсэн Монгол Улсын Засгийн газраас авч буй арга хэмжээг Япон Улсын Засгийн газар сайшаан дэмжиж, гурван жилийн хугацаанд 850 сая ам.доллар хүртэлх санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ илэрхийлээд байгаа билээ. Өнөөдөр үзэглэсэн Солилцох ноот бичигт дурдсан санхүүгийн дэмжлэгийн дээрх 850 сая ам.долларын гуравны нэг нь юм” гэв.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар

Харин Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Япон Улсын Засгийн газраас хөнгөлөлттэй зээл авахаар тохирсон. Уг нь 850 сая ам.доллартай тэнцэх зээлийг гурван жилийн хугацаанд гурав хувааж авахаар тохирсон. Эхний зээл болох 32 тэрбум иенийг авах гэрээнд дөнгөж сая гарын үсэг зурлаа. Эхний зургаан жилдээ үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөж байгаа. Зээлийн хүү 0.8 хувь, 20 жилийн хугацаатай. Зорилго нь эдийн төсвийг сайжруулах, эдийн засгийн шинэчлэлд зарцуулна. Үүний үр дүнд бие даасан, тогтвортой хөгжих чадвартай эдийн засгийн тогтолцоог бид бүрдүүлэх ёстой” гэлээ.

Япон Улсын Засгийн газраас үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг хамгийн үр бүтээлтэйгээр ашиглаж, Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлэх “Макро эдийн засгийн тогтвортой удирдлагыг хангах”, “Эдийн засгийн өсөлтийг дэмжих”, “Нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлэх” гэсэн гурван шинэчлэлийн арга хэмжээнд Япон Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлнэ гэжээ.

Гэрэл зургийг Э.Энхбат
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж